Нийгэм мэдээ

Дэлхийн улс орнууд тамхины татвараа нэмснээр тамхидалтыг 34% хүртэл бууруулж чаджээ

Монгол Улсын тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давж, ДНБ-ий 2.1 хувьд хүрснийг ДЭМБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр зэрэг олон улсын судалгаагаар тооцоолон гаргаад буй. Энэ нь тамхитай холбоотой татвараас олж байгаа орлогоос 22 дахин алдагдалд тооцогдож байна.

Архи, согтууруулах ундаа, тамхи тамхин бүтээгдэхүүн нь хортой бүтээгдэхүүн учраас Онцгой албан татвар ногдуулах замаар нийгмийн дундах хэрэглээг төрөөс зохицуулдаг. Гэвч шинэ тутам боловч хэрэглээнд хүчтэй нэвтэрсэн электрон тамхи нь өнөөг хүртэл тамхины төрөлд ороогүй, зөвхөн Гаалийн 5%-ийн татвар төлдөг зохицуулалттай байна. Тийм ч учраас Тамхины тухай хуулийг шинэчилж, энэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг хуулиар зохицуулах шаардлага үүсээд удаж байгаа билээ.

Тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга нь татварын өсөлт, сурталчилгааг хориглох, олон нийтийн газарт тамхины хэрэглээг хязгаарлах зэрэг хөтөлбөрүүд юм. Тамхины эсрэг бодлого хэрэгжүүлсэн орнуудад хэрэглээ 20-30%-аар буурсан үр дүн олон байна. ДЭМБ-аас тамхидалтыг бууруулах "MPOWER" хөтөлбөрийг 30 гаруй улсад амжилттай хэрэгжүүлж, тамхины хэрэглээг 15% бууруулсан байдаг. Тус хөтөлбөрөөс манай улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийхэд

  • Хэрэглээг бууруулах дэмжлэг - МУУ
  • Олон нийтэд хор уршгийг таниулах сурталчилгаа - МУУ
  • Татварын бодлого – МУУ гэсэн үнэлгээ авчээ.

Дэлхийн банкнаас хийсэн судалгааны доорх үр дүн үүнийг нотолж байна.

Өөрөөр хэлбэл, татварын орлогод эзлэх архи, тамхины онцгой албан татвар жилээс жилд буурч байгаа нь нийтийн дундах тамхидалт, архидалтыг бууруулах хүчин чармайлтыг төрөөс гаргахгүй байгаагийн илрэл юм. Тийм ч учраас өнөөдөр өрхийн орлогод эзлэх тамхины зардал 3.2% буюу зөвхөн Канад улстай харьцуулахад 4 дахин бага хэмжээтэй, худалдан авахад маш хямд байна.

Хямд байгаа учраас тамхины хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байна.

Тэгвэл Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд электрон тамхийг тамхины төрөл хэмээн үзэж, одоо мөрдөгдөж буй хуулийн хэрэгжилтэд хамааруулах, мөн бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний Онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлж, борлуулалтын орлогын 75 хувь нь татвар байна гэсэн ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээнд хүргэх зорилтыг тусгажээ. Ингэснээр 2030 он гэхэд татвартай холбоотойгоор тамхидалт 14% буурна гэсэн төсөөллийг гаргасан байна.

Тамхинд ногдуулах татварыг нэмснээр тамхины хэрэглээ буурсан орнууд

Манай улсын хувьд бүх төрлийн тамхины Онцгой албан татварыг үе шаттай нэмж, Гаалийн албан татварыг бүгдэд нь 30 хувиар ногдуулахаар хуулийн төсөлд тусгаад байна. Улмаар Эрүүл мэндийг дэмжих санд тамхины ОАТ-аас 2%-ийг төвлөрүүлдэг байсныг 50% болгон нэмэгдүүлэх ба уг мөнгийг

  • Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын үдийн хоолны шим тэжээлийг дээшлүүлэх
  • Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг эрүүл, идэвхтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
    зорилгоор нийтийн зориулалттай спортын байгууламж шинээр барих, өргөтгөх, засварлах, аймаг нийслэлээс спортын дугуйлангийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлэх хөтөлбөрийг санхүүжүүлэх
  • Тамхинаас гаргах, никотины хамаарал, хорт зуршлаас салгах эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх, хөгжүүлэх, хамрагдах этгээдийг нэмэгдүүлэх арга хэмжээнд тус тус зарцуулахаар төлөвлөжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button