Дэлхийн 12 улсад байдаг "Өндөр уулын эзэн"

Цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглалыг 2013 онд баталснаар жил бүрийн 10 дугаар сарын 23-ны өдрийг “Дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг дэлхийд нэн ховор цоохор ирвэсийн экологийн ач холбогдлыг олон нийтэд таниулах, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилгоор тэмдэглэдэг юм.
Дэлхийн цоохор ирвэсний 20 хувь нь Монголд байдаг. Нас бие гүйцсэн, ойролцоогоор мянга орчим ирвэс Алтай, Говь Алтай, Хангай, Соёны нуруудыг дамнан 328 мянган км/кв газар нутгийг тархан амьдардаг судалгаа бий.
Цоохор ирвэс нь өндөр уулын экосистемийн тогтвортой байдал, байгалийн тэнцвэрийг хадгалдаг. Ирвэстэй нутагт аргаль, янгир элбэг бөгөөд туурайтан амьтан олон байвал газрын гарц, бэлчээр, ус сайн байдаг тул эрүүл онгон дагшин нутгийг илтгэдэг байна. Нутгийн иргэд “өндөр уулын эзэн” хэмээн авгайлдаг цоохор ирвэс хад асгатай өндөр ууланд амьдардаг, хүн рүү дайрдаггүй аж. Биеийн урт 103-130 см, жин 23-41 кг, 10-13 насалдаг бөгөөд 14 метр хүртэл хол үсрэх чадвартай. Эрийг нь гэнд, эмийг гинс, нялх төлийг нь гүем гэдэг. Аргаль, янгир, тарвага, туулай, мэрэгч амьтдаар хооллоно. Түүнийг “Улаан ном”-д бүртгэж, агнахыг хуулиар хориглосон билээ. Цоохор ирвэс дэлхийн 12 улсад байдаг аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.