Гэр бүлийн тухай хуульд хүүхдээс тусдаа амьдарч байгаагаас үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлагын асуудлыг тусгажээ
Гэр бүлийн тухай хууль нь хувийн эрх зүйн асуудлыг зохицуулдаг суурь хуулиудын нэг хэдий ч 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцааг нарийвчлан зохицуулаагүй явж ирсэн билээ.
Тодруулбал, Монгол Улсад гэр бүлийн маргааныг оновчтой шийдвэрлэх, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал нэн тулгамдаж байна. Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгахыг зорьсон хэмээн Засгийн газрын төлөөлөл танилцуулсан юм. Иймд 2025 онд багтаж Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найргуулгын төслийг Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн хамтаар хэлэлцүүлэхээр өргөн барьжээ.
Хуулийн төсөлд Монгол хүний удмын санг хамгаалах, гэрлэгчдийн эрх, үүргийг нарийвчилж, гэм хорын хохирол төлүүлэх, гэрлэгчид эд хөрөнгө эзэмших, өмчлөх, хүүхдээс тусдаа амьдарч байгаа эсэхээс үл хамааран эцэг, эхийн хүлээх үүрэг, хариуцлага хүлээлгэх зэрэг асуудлыг шинэчилсэн найруулгад тусгасан байна.
Харин Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөл учраас ихээхэн ач холбогдолтой, шүүхийн шатан дахь эвлэрүүлэн зуучлах тогтолцоо, процессыг бий болгож, гэр бүлийн хэргийг үр дүнтэй шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.