"Уншсан номоо ойлгодоггүй” залуусын бухимдал
Гарын таван хуруунд багтах цөөн хэдэн нэр хүндтэй, баялаг сантай номын дэлгүүрүүдийн нэг бол Интерном. 2000 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй тус дэлгүүрийн хаалгыг үсэглэж сурч байгаа бяцхан жаалаас өвгөн буурал эрдэмтэн, профессорууд хүртэл татдаг. Зөвхөн “ном зарах” бизнес эрхлээд зогсохгүй номын нээлт, хэлэлцүүлэг бүхий эвентүүдийг тогтмол зохион байгуулдаг, оюунлаг чиг шугамыг баримтлагч байгууллага.
Нэгдүгээр сарын 21-ний өдөр Интерном их дэлгүүр албан ёсны Фэйсбүүк хуудсандаа, “Боловсролын хувьсгалыг дэмжиж байна!” гэсэн постерийг байршуулсан юм. Баруун доод буланд нь “Өнөөгийн залуу үеийнхний 90 хувь нь уншсан номоо ойлгохгүй байна” гэх жижиг цагаан бичиг харагдана.
Хэдхэн хоногийн дотор нэлээдгүй “залуу уншигчид” үүнд дургүйцлээ илэрхийлж, нийт үеийнхнийг тодорхой баримт, тоон судалгаагүйгээр “доош нь хийлээ” гэх байр суурийг илэрхийлцгээв. “Интерномоос татгалзъя” гэх хаштаг хөдөлгөөн ч цахим ертөнцөд өрнөж эхэлжээ. “Номын дэлгүүр байж уншигчдаа юм ойлгодоггүй, боловсролгүйгээр нь дуудлаа” гэсэн шүүмжлэлт хандлага газар авав.
“Монголын хамгийн том” гэгддэг тус номын их дэлгүүрийн хамт олон үнэхээр судалгааны үр дүнд тулгуурлан “90 хувь” гэдэг тоог дурьдав уу, эсвэл залуусыг улам их уншаасай, уншихдаа ойлгож уншдаг болоосой гэсэндээ ийм постерийг байршуулав уу.
Иймд Интерном их дэлгүүийн Маркетингийн менежер Э.Мөнхзагартай холбогдож тодруулга авлаа.
БИДЭНД УНШИГЧДАА ХАРААЖ, ДОРОМЖЛОХ ҮНДЭСЛЭЛ БАЙХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ
-“Боловсролын хувьсгалыг дэмжиж байна!” постер зарим залуусын дургүйцлийг хүргэлээ. Яагаад ийм текст бүхий постер байршуулах болсон юм бэ?
-Бид үүнийг нийтлэхдээ тайлбар хэсэгт нь дэлгэрэнгүй мэдээлэл бүхий линк байршуулсан байгаа. Тус линкээр орж үзвэл “Боловсролын реформ” хөдөлгөөнийг өрнүүлэхээр санаачилж буй нэр бүхий эрдэмтдийн байр суурь, анхлан санаачлах болсон үндэслэлтэйгээ гарч ирнэ. Залуус энэ реформд ач холбогдол өгөхгүй хэрнээ “90 хувь” гэсэн жижигхэн бичигт унтууцаж байгаа нь сонирхолтой. Манай байгууллагын хувьд дээрх реформийг эхлүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлж, энэ постерийг байршуулсан.
Интерном Монголд хамгийн олон нэр төрлийн ном борлуулдаг дэлгүүр, тийм ч учраас манайхаар хамгийн олон хүн орж гардаг. Бид борлуулж буй номуудын чанарыг дээшлүүлэх чиглэлээр орчуулагчид, зохиолчид, номын клубууд, хэвлэлийн газруудтай хамтарч олон төрлийн ажил зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл уншигчдыг тэдэнтэй холбож өгөх чиглэл бүхий номын нээлтүүд, номын ярилцлагуудыг төрөл бүрээр хийж ирсэн.
90 ХУВЬ ГЭДЭГ ХАРИН Ч ХАНАТАЙ ТОО ШҮҮ
Уншсан номоо ойлгодог уншигчдын хүрээг аль болох тэлэхийг зорьдог учраас бидний зүгээс уншигчдаа харааж доромжлох ямар ч үндэслэл байхгүй нь ойлгомжтой. Нийт хүн амын тун бага - 10 хувьд ч хүрэхгүй хэсэг нь манай жинхэнэ үйлчлүүлэгчид байдаг. Шинэ номын борлуулалт дунджаар бүтэн жилд ердөө л 300-500 ширхэг байдаг учраас номоор амьдрах боломжтой зохиолч, орчуулагчид тоотой хэдхэн.
Хүүхэддээ ном авч буй эцэг эхчүүд өөрийнхөө багадаа уншиж байсан номыг хайдаг. Хүүхэд саатуулчихаар юу байна вэ гэсэн өнцгөөр номыг төсөөлж, номтой харьцдаг. Боловсролын системд хүүхэд ойлгосноо биш цээжилснээ ярьж дүн авдаг тогтолцоо одоо хэр үргэлжилсээр байгааг өөрчлөх шаардлагатай, үүнийг чанга дуугаар ярих цаг хэдийнэ болсон. Үүнд хувь хүмүүс бус төр засгийг эмзэглүүлэх, тэдэнд хатуу шаардлага тавих цаг болсон. Гэвч үүнийг эсэргүүцэгч хэсэг нь боловсролын золиос болсон хүн ардынхаа төлөө гэхээс илүү эрх баригчдыг хаацайлах байдал руу санаатай түлхэн оруулж байна.
-“90 хувь” гэдэг тоо хэр бодит юм бэ? Судалгаанд үндэслээгүй гэх шүүмжлэл олонтаа харагдаж байна?
- “90 хувь” гэсэн тоон дээр ач холбогдол өгч унтууцаж байгаа бол бид тэднийг “уншигч” гэж нэрлэх эсэхдээ эргэлзэнэ. Номоо ойлгож уншдаг байя, уншсан ойлгосноо нээлттэй хэлэлцүүлдэг байя гэсэн санааны үндсэн дээр энэ өгүүлбэрийг бичсэн.
Өнөөдөр энэ тоо 90 биш 92 эсвэл зарим нь 83 хувь байх ёстой гэж гэж маргаад байна уу? Хэрэв энэ тоонд итгэхгүй бол төрөөр энэ судалгааг хийлгэж үзэе л дээ. Төрд ийм судалгаа хийх ямар ч хүсэл байхгүй. Тоож судлахгүй. Харин 90 гэдэг тоо хэтрүүлэг биш, их л ханатай тоо шүү!
Интерном их дэлгүүрийн зүгээс ийм байр суурийг илэрхийлсэн юм. “Ойлгож унших” гэдэг үгийн утгыг хоёр тал яаж ойлгож буй нь сонин. Ямартай ч номын дэлгүүр ороод гардаг, “гоё” гэсэн номоо худалдаж аваад уншдаг залуус олширч байгаа. Гэхдээ бусдын шуурсан руу шуурч сонголтоо хийдэг, бодуулахаас илүү “бэлэн хоол” болдог хувь хүний хөгжлийн номуудыг илүүтэй сонирхдог хандлага ч нэлээдгүй бий.
Нөгөө талд номын дэлгүүр иргэдийн боловсролын түвшинд үнэлгээ хийх эрх, үүрэг бүхий байгууллага биш. Үйлчлүүлэгчид, зах зээл дээрх худалдан авагчдаа ном уншаад ойлгодоггүй хэмээн цоллох нь зүгээр л өөрсдийн ашиг, орлогын эсрэг ажилласан үйлдэл. Иймд уншигчиддаа критик хийж, зоригтойгоор шүүмжил тавьж буй нь Интерномынхонд борлуулалт, худалдан авалт бус чанартай уншигчид чухал байгааг харуулах шиг.
Ямартай ч тэд "Боловсролын реформ”-г эхлүүлэхэд амжилттай нэгдэж, хатгаж чадлаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Браво...үнэн2..Одоогиин залуусд ухааны бяд дутагдаж бгаа шүү. Унш унш бас дахин унш.
мөнхзагар гэж хэн ч юм. зүгээр хувийн хийрхэлээ хамаа намбаагүй бурж байдаг, тэрийг нь дамжуулаад хөөргөөд байдаг. ийм юмаа болио