НийгмийнНИЙГЭМ

Сар шинийн барилдааны "одтой" бөх М.Лхагвагэрэл

Улсын заан М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн 11-р сараас хойш бөхийн өргөөнд нийтдээ таван барилдаанд л гарч зодоглосон. Ингэхдээ өнгөрсөн жилийн 11-р сарын 21-нд зохион байгуулагдсан Монгол бахархлын өдөрт зориулсан, "Чингис хаан цом"-ын төлөөх барилдаанд гурав давсан юм. Тус барилдааны дөрвийн даваанд улсын харцага Э.Дашийг амлан барилдаж унасан. Үүнээс тав хоногийн дараа буюу 11-р сарын 26-нд болсон Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар үндсэн хуулиа баталсны 101 жилийн ойд зориулсан барилдааны нэгийн даваанд сумын заан Д.Мөнхтулгад тахим буулгасан билээ.

Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25 жилийн ойд зориулсан барилдаан өнгөрсөн жилийн 12-р сарын 06-нд зохион байгуулагдахад М.Лхагвагэрэлийг хоёрын даваанд Увс аймгийн арслан Б.Цагаанбанди өвдөг шороодуулсан. Үүнээс удалгүй буюу 12-р сарын 29-нд болсон "Ерөнхийлөгчийн цомын төлөөх" барилдааны нэгийн даваанд Увс аймгийн заан Т.Батсүрэнд унасан юм.

Энэ оны нэгдүгээр сарын 31-нд болсон Ховд аймгийн Мөст сумын харьяат, Улсын заан Цэдэвийн Мягмарсүрэнгийн нэрэмжит барилдааны гурвийн даваан улсын начин О.Цэцэнцэнгэлд өвдөг шороодсон юм. Түүнээс хойш Монгол бөхийн өргөөнд болсон заалны барилдаанд гараагүй байж байгаад сар шинийн барилдаанд барилдсан. Улмаар сар шинийн барилдаанд найман даван түрүүлсэн билээ.

Сар шинийн барилдаанаас өмнөх заалны барилдаанд доогуур даваанд унаж байсан М.Лхагвагэрэл энэ жил "одтой" барилдаж түрүүлсэн. Тэрбээр хэзээний л сар шинийн барилдаанд сайн барилддаг бөгөөд өнгөрсөн жил үзүүр булааж байв. Түүнчлэн сар шинийн барилдаанд 2023 онд их шөвөг, 2024 онд шөвгийн наймт үлдэж байсан юм. Үүнээс үзвэл түүнийг сар шинийн барилдааны "одтой" бөх гэхэд хилсдэхгүй.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button