"Их говийн манаач” баримтат кино Болгарын "Алтан феми" наадмаас шагнал хүртэхээр шалгарлаа

Eguur News агентлагийн продюсерлож, найруулагч Э.Ган-Очирын бүтээсэн “Их говийн манаач” баримтат кино 130 орны 9600 бүтээл өрсөлдсөн “Алтан Феми” олон улсын кино наадмаас шагнал хүртэхээр шалгараад байна. Тодруулбал, дэлхийн анхдагч экосистемийг шинжлэх ухаан, дүрслэлийн өндөр түвшинд харуулж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолой болсон тул "Алтан Мазаалай" шагнал олгохоор болжээ.
Тус бүтээл өнгөрсөн дөрөвдүгээр сард БНСУ-ын Пусан хотноо зохион байгуулагдсан “Монгол кино өдөрлөг”-ийн нээлтийн үзвэрээр тодорч, хилийн чанадын үзэгчдэд хүртээл болоод ирсэн билээ.
“Алтан Феми” наадамд Монгол Улсаас нийт найман бүтээл оролцож, тус тусын төрөлд нэр дэвшсэн юм. Эдгээрээс найруулагч Э.Ган-Очирын “Их говийн манаач”, Г.Бямбасүрэнгийн “Хувь заяа”, Т.Алтантуяагийн “Хөх тавилан”, найруулагч Д.Галбаярын “Эмэгтэйн кэйс” бүтээлүүд шагнал хүртэхээр шалгараад байгаа аж.
Харин найруулагч Ц.Дэнсмаагийн “Би ганцаараа биш”, О.Урантуяагийн “Явуулын хүн говьд”, Б.Отгонзоригийн “Эмэгтэй”, Д.Болорцэцэгийн “Гурван эрдэнийн эрэлд” уран бүтээл тус тус амжилттай нэр дэвшсэн байна.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа ирэх зургадугаар сарын 6-ны өдөр болно. Өнөө жилийн наадам Кипр улс Европын Холбооны зөвлөлийг даргалах үйл ажиллагааны дор зохиогдож байгаагаараа онцлог, илүү өргөн цар хүрээтэй болж байгаа юм.
Д.ХАДААН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.