Л.Мөнхнасан: Анх их говьд очиход хэвлийд минь байсан ихэр хөвгүүд эдүгээ “Их говийн манаач” кино багийнханд туслаад явж байна
БНСУ-ын Кореа их сургуулийн монгол профессор Л.Мөнхнасантай ярилцлаа.
-Сөүлийн олон улсын кино наадмыг зорин ирж “Их говийн манаач” баритат киног маань үзсэнд баярлалаа. Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Ламчингийн Мөнхнасан гэдэг. БНСУ-ын Кореа их сургуулийн профессор. Хүрээлэн буй орчныг судлах эрдэм шинжилгээний ажил хийхийн сацуу энэ чиглэлээр багшилдаг.
-“Их говийн манаач” баримтат киног үзээд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Байгаль, хүрээлэн буй орчны судалгаа хийдэг хүний хувьд “Их говийн манаач” баримтат киног үзээд сэтгэл их хөдөллөө. Манай гараг дээр зөвхөн Монголын Их говьд л үлдэж хоцорсон мазаалай баавгайг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх нөр их ажил үйлсийг Монголдоо төдийгүй дэлхийн бусад улс орны хүмүүст танин мэдүүлэхээр зураглал, агуулга, илэрхийлэл маш сайн кино болжээ. Ялангуяа мазаалай баавгай Монголын говиос уст цэг дамжин урагш явсаар Хятадын хил давж Тэнгэр уулын мөнх цасны хормойд очиж хэсэг байзнаад, эргээд тэр их замыг туулан, урт хоолойг гатлан байж Алтайн өвөр говьдоо буцан ирж буй зураглал надад маш гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн.

-Та үзвэрийн дараа кинонд гарч буй бараг бүх баатартай олон жилийн өмнө Их говьд уулзаж байсан гэж хэлсэн. Энэ талаараа дэлгэрүүлж яриач?
-Тийм ээ. “Их говийн манаач” баримтат кинонд гарч буй биологийн ухааны доктор, амьтан судлаач Л.Амгалан, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга асан, амьтан судлаач, доктор Б.Мижиддорж, амьтны генетикч, доктор Ц.Туяа нартай 2004 оны намар Их говьд зохион байгуулагдсан зэрлэг амьтан хамгааллын сэдэвт хуралд оролцож байв. Мөн Биологийн хүрээлэнгийн судлаачид, “хавтгайн” Я.Адъяа, “бэлчээрийн” Л.Болор-Эрдэнэ нартай танилцаж байсан. Тэр үед ГИДЦГ-ын А хэсгийн хамгаалалтын захиргааны даргаар биологич Г.Довчиндорж ажиллаж байсан.
Сая кино үзэж суухад монгол орны байгаль, зэрлэг амьтны судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулж буй эдгээр хүмүүстэй тэр намар уулзаж байсан минь саяхан юм шиг л тодхон санагдсан. Одоогоос 22 жилийн өмнө шүү дээ. Би тэгэхэд Гео-экологийн хүрээлэнгийн залуухан судлаач, бие давхар байлаа. Одоо энэ кино багт туслаад яваа хоёр хүүгээ хэвлийдээ тээж явлаа. Ингээд бодохоор амьдрал их сонин, баялаг шүү.
-Таны ярьсан түүхийг сонсоход урдын ерөөл гэж байдаг шиг. Энэ талаар таны бодол?
-Тийм шүү. “Их говийн манаач”-ийг үзэж суухад сэтгэлийн нандин дурсамжууд өөрийн эрхгүй сэргэж, эх орноо их саналаа. Хорь гаруй жилийн тэртээ Их говьд ижийнхээ хэвлийд очиж байсан ихэр хөвгүүдийн маань нэг эдүгээ кино найруулагч болохоор суралцаж, тус баримтат киноны найруулагчтай багш, шавийн барилдлага тогтоож өөр нэг кино төсөлд хамтран ажилласан. Одоо ингээд орчуулагчаар нь ажиллаж, хоёр хүү минь хоёулаа “Шүгэл үлээгч” наадмын үеэр кино багийханд туслаад явж буй нь магадгүй таны хэлдгээр урьдын ерөөл болов уу гэж бодогдож байна.

-Та кино уран бүтээлчдэд зориулж юу хэлмээр байна вэ. Киноны энэ хэсгийг ингээд тодотгосон бол гэсэн зүйл байсан уу. Дараагийн уран бүтээлдээ анхаарах үүднээс асууж байгаа юм шүү?
-Киноны нийт хугацаа 42 минут байна. Арай л хурдан дуусчихаж байгаа юм шиг санагдсан. Их говийн тухай, түүний төлөө өрнөж буй тэмцэл, цаашид хэрхсэн талаар илүү дэлгэрэнгүй үзмээр байсан.
-Кино наамдын үйл ажиллагаанд та цаг гарган гэр бүлээрээ бүтэн оролцлоо. Наадмын талаарх таны сэтгэгдэл?
-“Шүгэл үлээгч” наадмаас шагнал хүртсэн кинонуудыг харахад нуугдмал, тэр болгон нийгэмд ил болгож чаддаггүй эмзэг сэдэв хөндсөн бүтээлүүд байсан нь цаашид санаа авууштай, шинэлэг санагдсан. Зохион байгуулагчид нь эелдэг найрсаг, зочломтгой, оролцож буй уран бүтээлчид нь их сонирхолтой, өргөн дэлгэр, сайхан наадам боллоо.
-Хүүхдүүд гэснээс та хөвгүүдээ гадаад оронд эх хэлийг нь орхигдуулалгүй жигд эзэмшүүлэхийн хамт эх оронч иргэн болгон хүмүүжүүлсэн нууцаасаа хэлж болох уу?
-Нууц гэж юу байх вэ дээ (инээв). Хүүхдийн хүмүүжилд эцэг, эхийн үлгэр дууриал, гэр бүлийн орчин маш их нөлөөлдөг. Манай гэр бүлийн хувьд нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандаж, хүүхдүүдтэйгээ найзууд шиг л харилцаатай байхыг хичээдэг. Алхам бүртээ зөвөөр үлгэрлэхийг л зорьдог доо. Гэртээ бид эх хэлээрээ ярьж, монгол үндэснийхээ баяраар ёс уламжлалаа баримталдаг.
-Энэ ташрамд та гадаад улсад олон жил амьдарсан хүний хувьд хилийн чинадыг зорьсон, зорих гэж буй монгол залуустаа хандаж хэлэх зүйл байна уу?
-Монгол залуус маань гадны орныг зорихоосоо өмнө сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа хэрхэн зохицуулахаа маш сайн төлөвлөчихөөд ирэх нь хамгийн чухал байна. Миний нэг сэтгэл эмзэглэдэг зүйл бол манай залуучуудын дийлэнх нь цагийн ажил хийгээд санхүүгээ зохицуулчихна гэж бодож, мөнгө төгрөг багатай ирдэг. Гэвч ажил хийх зөвшөөрөлтэй визний төрөл нь өөр байдаг. Мөн оюутнууд ажиллах зөвшөөрөл авч, тодорхой хугацаатай ажиллах гэх мэт олон шаардлага тулгардаг. Хамгийн гол нь тэдний маань санасны зоргоор ажил тийм ч амар хялбар олдохгүй шүү дээ. Ингээд эрдэм ном сурна гэсэн зорилго тавьж ирсэн хэрнээ амьжиргааныхаа зардлыг олох гэж цагийн ажил хийж гүйсээр хичээл сургуульдаа төвлөрч чадахгүй, олигтой ч сурч чадахгүй байсаар сургуулиа төгсөж буй нь анзаарагддаг. Тиймээс анхнаасаа тэтгэлэг хөөцөлдөж, авахыг зорих хэрэгтэй болов уу. Хэрэв санхүүгийн асуудалгүй бол ажил хийнэ гэхгүй хичээлдээ 100 хувь анхаарч, хичээж сурвал эргээд маш их боломж хүлээж байдаг.
Түүнчлэн гадны профессорууд гадаад оюутнуудад тэр бүр чи ийм зүйл хий, ингэ тэг гэж шаарддаггүй учраас дотоодын оюутнуудыг бодвол орхигдох тал бий. Тиймээс оюутан хүн өөрөө л “би ийм зүйл хиймээр байна, ингэмээр байна, та надад зөвлөөч” гэж санаачилгатай, өөрөө өөрийнхөө төлөө хичээж, идэвх зүтгэл гаргаж, чармайн сурах хэрэгтэй. Өөрийн чинь өмнөөс хэн ч санаа тавихгүй, гадаад оронд өөрөө өөрийхөө төлөө маш их хичээх хэрэгтэй гэдийг манай залуус хамгийн сайн санаж явах хэрэгтэй.
Би оюутнууддаа хэлдэг юм “Аливаа зүйлийг цагийг нь тулгаж битгий хийж байгаарай” гэж. Бас туйлбартай, тууштай чанар маш чухал. Энэ чанарыг өөртөө суулгачихсан хүн хэсэг хугацааны дараа тодорхой хэмжээгээр шат ахичихсан, өөрийн хэмжээндээ амжилт гаргачихсан л явж байдаг.
-Баярлалаа, танд. Сайн сайхныг хүсье.
-Баярлалаа.
Р.БОЛОР













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.