НИЙГЭМНийгэм мэдээ

Австралид төгсөгчид Чингэлтэй дүүрэгтэй хамтран “Нартай сургууль” сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүллээ

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ тодорхой хэсгийг нарны эрчим хүчээр хангаж эхэллээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчийг сургалтын орчинд нэвтрүүлсэн дүүргийн гурав дахь жишиг сургууль болж байна.

Гэр хорооллын бүсэд, төвлөрсөн инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдоогүй байрладаг тус сургууль 1000 орчим сурагчтай. Төвлөрсөн дулаан хангамжгүйгээс шалтгаалан дулааны хэрэгцээний тодорхой хэсгийг цахилгаан халаалтаар шийдвэрлэдэг бөгөөд өвлийн улиралд цахилгааны зардалд сард дунджаар 13–15 сая төгрөг зарцуулдаг байна. Иймд сургуулийн эрчим хүчний зардлыг бууруулах, хэрэглээг тогтвортой, үр ашигтай болгох зорилгоор “Нартай сургууль” төслийг хэрэгжүүлжээ.

Төслийг Австралийн Засгийн газрын хэрэгжүүлдэг Women’s Leadership Program (WLP)-ийн тэтгэлэгт оролцогч Д.Одонтунгалаг, Ж.Энхзул, Д.Оюундарь, Г.Энхтуул, Д.Мэндбаяр нар санаачилсан бөгөөд төслийн санхүүжилтэд Чингэлтэй дүүрэг, Австралийн Элчин сайдын яам, Азийн сан, Зориг сан, “Энх Орчлон Хөгжил” ТББ хамтран оролцсон байна. Харин нарны цахилгаан үүсгүүрийн суурилуулалтын ажлыг “Prime Solar” компани нийгмийн хариуцлагын хүрээнд хөнгөлөлттэй нөхцөлөөр гүйцэтгэжээ.

Төслийн хүрээнд 61 дүгээр сургуульд 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн багтаамжтай батарей хуримтлуурын хосолсон систем суурилуулсан. Уг систем нь нарны эрчим хүчийг шууд ашиглахаас гадна үйлдвэрлэсэн эрчим хүчийг батарейд хуримтлуулж, шаардлагатай үед хэрэглэх боломжтойгоороо онцлог.

Түүнчлэн цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон нэн шаардлагатай хэрэглээг батарейгаар  2–3 цаг хүртэл хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, систем нь зөвхөн зардал бууруулах шийдэл бус, сургуулийн эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэх нөөц эх үүсвэрийн үүргийг давхар гүйцэтгэнэ.

Зардал хэмнэж, боловсролд дахин хөрөнгө оруулах боломж

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дулаан, цахилгааны ашиглалтын зардалд жилд нийт 8–9 тэрбум төгрөг зарцуулдаг. Иймд эрчим хүчний хэрэглээг бууруулах, сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх нь зөвхөн байгаль орчны асуудал бус, төсвийн үр ашгийг дээшлүүлэх бодит боломж юм.

Мөн төслийн хүрээнд жилд ойролцоогоор 17–18 сая төгрөгийн цахилгааны зардал хэмнэж, мөн 65 тонн CO₂-ийн ялгарлыг бууруулах тооцоолол гарчээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул: “Бид өнгөрсөн жил 49 дүгээр сургуулийг нарны сэргээгдэх эрчим хүчний системд шилжүүлсэн бол энэ жил 61 дүгээр сургуулийг тус системд шилжүүллээ. 40 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 20 кВт.цагийн батарей хосолсон систем суурилуулснаар сургуулийн цахилгааны зардлыг бууруулж, дүүрэг болон сургуулийн төсөвт хэмнэлт бий болгох боломж бүрдэж байна. Энэ бол сэргээгдэх эрчим хүчийг боловсролын салбарт нэвтрүүлж, бий болсон хэмнэлтийг цаашид сургалтын орчинд дахин хөрөнгө оруулах бодит жишиг юм. Цаашид бусад сургуулийг мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт үе шаттайгаар шилжүүлэх боломжтой гэж харж байна” гэв.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Лалита Капур: “Австралийн Засгийн газар, Австралийн Элчин сайдын яамны зүгээс сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллаж ирсэн туршлагатай. 2024 оноос Азийн сантай хамтран хэрэгжүүлж эхэлсэн "Эмэгтэйчүүдийн Уур Амьсгалын Өөрчлөлтийг  даван туулах чадавхыг бэхжүүлэх" төслийн хүрээнд “Нартай сургууль” төслийг Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургуульд хэрэгжүүлэхэд дэмжиж байгаадаа туйлын баяртай байна. Хэрэв төсөл үр дүнтэй хэрэгжвэл цаашид цар хүрээг нь өргөжүүлж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой. Австрали, Монгол Улсын цаг агаар тодорхой хэмжээнд төстэй. Цэлмэг хөх тэнгэр, хуурай уур амьсгалтай учраас нарны эрчим хүчийг ашиглах нөөц боломж өндөр. Тиймээс энэ төсөл Монгол Улсад тохиромжтой, бодит үр дүн авчрах шийдэл гэж бодож байна” гэсэн юм.

Нарны системээс сургуулийн тухайн үеийн хэрэглээнээс давсан хэмжээний эрчим хүч үйлдвэрлэгдсэн тохиолдолд илүүдэл цахилгааныг төвийн цахилгаан түгээх сүлжээнд нийлүүлэх боломж бүрдэхээр төлөвлөжээ. Ингэснээр сургууль өөрийн хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр хангахаас гадна илүүдэл үйлдвэрлэлээс нэмэлт орлого бий болгох боломжтой болно.

Энэ талаар төслийн санаачлагчдын нэг Д.Оюундарь “Тус сургууль нарны панель, батарей болон төвийн цахилгаан сүлжээ хосолсон системд суурилагдсан. Ингэснээр цахилгаан тасарсан үед сургуулийн гэрэлтүүлэг болон чухал хэрэглээгээ 2–3 цагийн турш батарейгаасаа хангах боломжтой. Өөрөөр хэлбэл, уг систем нөөц генераторын үүрэг гүйцэтгэж, цахилгаан тасарсан үед ч сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх юм. Сэргээгдэх эрчим хүч ашиглана гэдэг зөвхөн цахилгааны зардлыг бууруулах бус, эрчим хүчний найдвартай байдлаа хадгалж буй сайн шийдэл” гэсэн юм.

Төсөл санаачлагчдын нэг Д.Оюундарь

61 дүгээр сургуульд хэрэгжсэн “Нартай сургууль” төсөл нь цахилгааны зардлыг бууруулж, эрчим хүчний найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулан, цаашид илүүдэл эрчим хүчийг төвийн сүлжээнд нийлүүлэх боломж бүрдүүлсэн тогтвортой, үр ашигтай шийдэл болж байна. 

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button