Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд хүрэн баавгай суурьшлын бүс болон малын бэлчээрт ойртож, иргэдэд эрсдэл учруулах нөхцөл үүсээд байна. Тус аймгийн 10 сумын 36 газарт хүрэн баавгай нийт 86 удаа үзэгдсэн бөгөөд үүний улмаас 162 толгой мал барьж идсэн тохиолдол бүртгэгджээ.
Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг даргын удирдамжийн дагуу Байгаль орчны газраас холбогдох байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тодруулбал, аймгийн Байгаль орчны газар, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Цагдаагийн газар, Мал эмнэлгийн газрыг оролцуулсан шуурхай ажлын хэсэг байгуулж, хүрэн баавгай үзэгдсэн талаарх дуудлага, мэдээллийг бүртгэн, нөхцөл байдалд газар дээр нь хяналт тавин ажиллаж байгаа аж.
Ажлын хэсэг хүрэн баавгай хамгийн их үзэгдсэн Жавхлант, Хүдэр сум болон Бугант тосгонд газар дээр нь ажиллаж, иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээллийн дагуу нөхцөл байдлыг шалган, шуурхай арга хэмжээ авчээ. Одоогоор хүрэн баавгайтай холбоотой дуудлага, мэдээллийг холбогдох байгууллагууд хамтран шалгаж, малчин иргэдийн аюулгүй байдал болон мал сүргийг хамгаалах чиглэлээр ажиллаж байна.
Мөн хүрэн баавгай суурьшлын бүс, айл өрх, малын бэлчээрт ойртсон тохиолдолд иргэд өөрсдөө хөөж туух, барих, гэмтээх зэрэг эрсдэлтэй үйлдэл хийхгүйгээр холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх шаардлагатай байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэн баавгай таллан ирж байгаагийн гол шалтгаан нь хөвч газарт нь идэх зүйл хомсдсон, хамаг самар жимсийг нь жил дараалан түүж, дахин сэргэх нөхцөлгүй болгосон. Тиймээс идэш тэжээлээ булаалдан томчууд нь багуудаа шахан гаргаж байна. Түүнээс болж голдуу залуу баавгайнууд хоол хайн тэнүүчилж явна. Эдгээр баавгайнууд маш туранхай эцэнхий, 3-4 км туухад ядраад хэвтээд босохгүй байна гэсэн. Энэ жил самар ургаагүй, бүр хэцүүдэсэн. Одоо энэ баавгайнууд тарга тэвээрэг авч чадаагүй учираас улдаж үхнэ.