Засаг дарга Ш.Ёлын байгуулсан ажлын хэсэг 30 хоногийн дотор хохирлын хэмжээг тогтооно
Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Нөмрөгийн дархан цаазат газрын түймэр найм хоног үргэлжилж өнөөдөр түймэр бүрэн унтрав. Энэ тухай Халхгол сумын засаг дарга Э.Мөнхчимэг "Дархан газар гарсан түймрийг өнөө өглөөний 06: 34 цагт бүрэн унтраалаа" хэмээн мэдэгдлээ.
Мобиком корпорацын гүйцэтгэх захирал Ясүхиро Очи түймэр гаргаснаа хүлээн зөвшөөрч "Бид байгаль орчинд учруулсан хохиролдоо гүнээ харамсаж, Монголын ард түмнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна" хэмээн мэдэгдсэн. Сүүлд өгсөн аймгийн засаг дарга Ш.Ёлын мэдээллээр "дархан газрын 80 хувь нь түймэрт өртсөн" гэх.
Тэгвэл Байгаль хамгаалах тухай хууль болон ойн хуульд зааснаар тухайн сум, аймгийн засаг дарга таваас доошгүй гишүүнтэй ажлын хэсэг томилно. Хуулийн дагуу Дорнод аймгийн засаг дарга Ш.Ёл ажлын хэсэгт байгаль орчны яам, цагдаа, хилийн цэрэг гэх холбогдох байгууллагуудын төлөөлөл орж ажиллах юм. Улмаар ажлын хэсэг шаталтын зэрэглэл, хохирлыг тогтоож акт үйлдэнэ. Тус акт нь буруутай этгээдэд хариуцлага тооцож, нөхөн төлбөр гаргуулах үндэслэл болох юм.
Ажлын хэсгийг өчигдөр буюу энэ сарын 15-нд байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар Дорнод аймгийн ЗДТГ-ын дарга ажиллах бол гишүүдээр,
- Цогтсүмбэр сумын засаг дарга
- Цагдаагийн тасгийн дарга
- Хилийн цэргийн 0198-р ангийн хилийн албаны тасгийн дарга
- Сум дундын ойн ангийн дарга
- Санхүүгийн ангийн дарга
- Гал түймэр унтраах, аврах 62-р ангийн галын хяналтын улсын байцаагч
- Байгаль орчны хяналтын улсын байцаагч
- Хууль эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн
- Мал эмнэлгийн тасгийн Тархвар зүйч
- Нарийн бичгийн даргаар Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга гэсэн ажлын хэсэг байгуулжээ.
Байгаль орчны хохирлын хэмжээг галыг бүрэн унтраасны дараа тогтоох учиртай. Гал бүрэн унтарсан учраас холбогдох мэргэжилтэнүүд, ажлын хэсэг дархан газарт ажиллаж байгаа аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
Дээрх агуулгатай холбоотой мэдээ унших бол:
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.