НИЙГЭМ

МАЛЧИД: “Зээл-ноолуур-зээл” гэсэн сүлжээнд амьдарч байна

Хаврын улиралд малчдын ганц бэлэн мөнгөний эх үүсвэр болсон ямаа самнах ажил эхэлдэг. Гуравдугаар сарын дунд үеэс дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл ноолуур самналт болон ноолуурын худалдан авалтын ид үе гэж хэлж болно. Энэ жилийн хувьд гуравдугаар сард ноолуур 140 мянга хүрч, одоо 120 мянга болж буураад байгаа аж. Ингээд зарим аймгуудын малчдаас ноолуурын талаар лавлаж, сурвалжилга бэлтгэлээ.


-“МАЛЧНЫ ЗЭЭЛ - НООЛУУР - МАЛЧНЫ ЗЭЭЛ” ГЭСЭН СҮЛЖЭЭГЭЭР МАЛЧИД САНХҮҮГЭЭ БОЛГОЖ БАЙНА-

Бидний сурвалжилсан аймаг бүрийн малчид бүгд малчны зээлтэй байсан юм. Малчдын дийлэнх хувь нь малчны зээлээр санхүүгээ болгодог гэцгээж байлаа. Тэтгэвэрт гарсан ахмадууд тэтгэврийн зээл авахаас гадна малчны зээлийг мөн адил авдаг байна. Малчны зээл нь хүү өндөр төлөлт нь улирлын чанартай төлж болдог учир малчид ч сайн авдаг байна. Тэд нэг зээлээс нөгөө зээлийн гэсэн сүлжээ маягаар санхүү мөнгөө болгодог байна. Мөн тэд төвлөрсөн ноолуур газруудад очиж ноолуураа өгч чаддаггүй бөгөөд хөдөөгүүр явж байгаа ченжүүдийн хэн өндөр үнэ хэлсэнд нь ноолуураа тушаадаг байна. Ингээд малчдын өгсөн мэдээллийг хүргэе.

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын малчин М.Мөнхжаргал

Манайх 500 тоо толгой малтай айл, өнгөрсөн гуравдугаар сард эр ямаагаа самнаад таван сая төгрөгтэй болсон гэв. Тэдний гэр бүл энэ мөнгөөрөө банкнаас авсан малчны зээлээ төөлөөд үлдсэн хэдэн төгрөгөөрөө ахуйнхаа хэрэгцээг хангаж байгаа. Удахгүй 4 сарын дундуур эм ямаа, шүдлэн ямаагаа самнах бөгөөд тэр үед дахин мөнгөтэй болж, бусад өр болон санхүүгийн байдлаа хангадаг. Ноолуурын үнэ ханш дөрвөн сар гараад буучихдаг учир нь хялгас ихтэй байдаг болохоор тэр. Мөн хэдэн жилийн өмнө улаан ямааны ноолуур үнэтэй байсан одоо бол бүгд ялгаагүй л адилхан үнэтэй болсон хэмээн ярьсан юм.

Улаан ямаа самнаж буй зураг

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын малчин О.Отгончимэг

Малынхаа ашиг шимээр олсон ноолуурын мөнгөөр хүүхдүүдийнхээ сургалтын төлбөр, малчны зээлийг дараад эргээд л малчны зээл авч бэлэн мөнгөтэй золгодог. Зундаа сүү цагаан идээ айраг, түүхий эдээ өгч хэд гурван төгрөгтэй золгоно. Өвөлдөө махаа борлуулж цагаан сар гэх мэт уламжлалт баярынхаа мөнгө санхүүг болгодог.

Архангай аймгийн Чулуут сумын малчин Э.Бямбадорж

Манайх 500 тоо толгой малгай ямаагаа самнасан мөнгөөрөө өр зээлээ дарахаас гадна айлын ямаа самнаж өгдөг. Гэр бүлийн хүнтэйгээ цуг ямаа самнавал өдөрт 10 ямаа бол самначихдаг. Энэ жил олон ямаа самнаагүй ч үнэ ханшийн хувьд 3000 төгрөг байсан. Нэг ямаанаас дунджаар хамгийн багадаа 200 грамм ноолуур гарна. Ихдээ 500 грамм гардаг. Ер нь ямааны том жижиг болон бүс нутгаас хамаараад харилцан өөр өөр байдаг шүү.


-ЗАРИМ АЙМГУУДАД ЯМАА САМНАЛТ ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

Завхан аймгийн Түдэвтэй сумын малчин Т.Батбаяр

Завхан аймгийн хувьд одоогоор малчид нь ямаагаа самнаж эхлээгүй байгаа гэв.  Тэрээр “Ноолуурын үнийг сонсоход 115.000-135.000 төгрөг байх шиг байна. Малчид бид чинь малынхаа мах, сүү цагаан идээ, түүхий эдээр л амьдралаа болгодог. Оюутнууд ихтэй болохоор намар наймдугаар сарын үед малчны зээлийг жилийн хугацаатай аваад хавартаа дарчихдаг. Ер нь бол гурван сарын зайтай төлдөг. Энэ жил мах харьцангуй үнэд ороод ноолуураас өөрөөр бэлэн мөнгөний үүсвэр болохоор аятайхан болсон. Бид цагаан сар болон ноолуурын үеэр өрөө хэсэгчлээд дарчихдаг. Хөдөө орон нутгаар малчдын мөнгөтэй болох үед юм үнэд ороод эргэж буудаггүй. Тэр нь их хэцүү дээ” хэмээв. Мөн  Малчны зээлгүй айл гэж байхгүй. Настай хүмүүс нь тэтгэврийн зээлээ авна, залуус нь малчны зээл гээд бидний мөнгө хаан банкны малчны зээлийн хүүд л явах юм хэмээн хуучилсан юм.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчин Б.Эрдэнэбат

Манайхан ямаагаа самнаад дуусчихсан. Ноолуур манай энд хамгийн үнэтэйдээ 137,000 төгрөг хүрсэн. Манайх ямаагаа өөрсдөө самнадаг. Энэ хавиар танил хүмүүсээ гуйж үнэ тохирч самнуулах тохиолдол байдаг. Бид чинь ноолуураа төвлөрсөн газарт өгч чадах биш, аль үнэтэй үнэ хэлсэн ченждээ л өгдөг. Цаагуураа хятадуудаас мөнгө авсан ченжүүд явдаг л байх.


-НЭГ ЯМАА САМНАХ ХАНШ ГОВЬД ХАМГИЙН ӨНДӨР БУЮУ 7000-8000 ТӨГРӨГ БАЙНА-

Ноолуур самнах ид үе мал төллөх үетэй таардаг учир орон даяар ямаа самнах иргэд гардаг байна.  Говийн аймгуудын хувьд ямаа самнах нь харьцангуй өндөр дүнтэй бөгөөд эр ямааг 7000-8000 төгрөгөөр, эм болон шүдлэн ямааг 5000-6000 төгрөгөөр самнадаг байна. Харин Сүхбаатар аймагт 5000-6000 төгрөг, Завханд аймагт 4000-5000 төгрөг, Булганд 3500-5000 төгрөг, Архангай аймагт 3000 төгрөгийн ханшаар нэг ямааг эр эм болон том жижгээс нь хамаараад ханш өөрчлөгддөг байна. Ихэвчлэн нутгийн иргэд танилууд хоорондоо тохиролцож ямаа самнадаг ч мэр сэр хотоос болон өөр нутгийн хүмүүс самнахаар ирдэг байна. 

Мөн ноолуурын ид үетэй зэрэгцэн юм үнэд ороод эргэж буудаггүй нь дээр дамын худалдаачид ихээхэн явж, бөөнөөр худалдаа хийх, гоо сайхны бараа бүтээгдэхүүн зарах гэх худалдаачид гарч ирдэг байна.

 Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button