НИЙГЭМ

"Агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурлаа”

Өнөөдөр /2020.04.02/ сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй дараах мэдээллийг өгөв.

“Монгол улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай захирамж, түүний хэрэгжилтийг хангах чиглэлээр нийслэлийн төр, захиргааны байгууллагуудыг шуурхай удирдлагаар хангахын дээр, нийслэлийн төвийн зургаан дүүргийн онцгой комисс 24 цагийн шуурхай штаб байгуулан түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавин ажиллалаа. Нийслэлийн шуурхай штабт 895, төвийн зургаан дүүргийн штабт 5370 албан хаагч үүрэг гүйцэтгэлээ. Өнгөрсөн хугацаанд 976 өрхийн 25559 иргэнээс угаарын хийн дуудлага мэдээлэл авч эмнэлгийн зөвлөмж үйлчилгээ болон сэрэмжлүүлгийг хүргэсэн.

Сайжруулсан шахмал түлшнээс 31 дээжийг авч шинжлүүлсэн. Нийслэлийн Онцгой комиссын даргын 07 дугаар тушаалаар хөдөлгөөнт хяналт шалгалтыг 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 2358 алба хаагчид, 660 автомашинтай 110 хоног ажилласан. Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын ерөнхий газраас туулах чадвар сайтай 28 авто машинаар 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрүүдэд ердийн машин явах боломжгүй өндөрлөг цэгүүдээр амьдарч буй айл өрхүүдэд нийт 81 өдөр 1395 удаагийн тээвэрлэлтээр 49.6 тонн сайжруулсан түлшийг иргэдэд  хүргэсэн” гэв.

НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллалаа. Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүллээ. Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана” хэмээн ярилаа.

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button