НийгмийнНИЙГЭМ

Халдвар авсан иргэд итгэл, найдвараа битгий алдаарай, монгол эмч нартаа итгэ

Дэлхий даяар аюулын харанга дэлдээд буй коронавирусийн халдвар монголчуудыг ч мөн адил айлгасаар байна. Төр засаг, харьяа байгууллагууд эрвийх, дэрвийхээрээ ажиллаж буйн хүчинд бид эл халдварын эсрэг харин ч дөмөгхөн тэссээр. Амны хаалтаа тогтмол зүүн, назгайрахгүй, эрүүл мэнддээ үргэлж анхаарал хандуулах нь бидний гол үүрэг.

Одоогоор Монгол Улсад коронавирусийн 16 тохиолдол илрээд буй. ХӨСҮТ-ийн алтан гартай эмч нар тэдний хоёрыг нь эмчилж, эмнэлгээс гаргасан нь хамгийн сайхан мэдээ. Монгол эмч нар коронавирусийг эмчилж чадаж буй нь яах аргагүй чухал, хонгилын үзүүрт гэрэл асаасан үйл явдал.

Өвчин хэлж бус хийсэж ирдэг. Хэн ч ковид-19 битгий хэл ханиад тусахыг хүсэхгүй. Тэглээ гээд дэлхий даяар өвдөг сөхөрч буй халдвар хэн нэгэнд тусахдаа хаалгыг нь тогшихгүй.

Халдвар туссан иргэд анхандаа сэтгэлээр ихэд унаж, монгол эмч нарын ур чадварт эргэлзэж буйг салбарынхан учирласан. Тэгэхээр эл халдварыг эмчлэхээс илүү сэтгэл зүйг нь засах юу юунаас илүү чухал байдаг гэнэ.

Хүн сэтгэлийн амьтан. Сэтгэл санааг нь сайхан засаад, өөдрөг болгочихсон цагт их учиртайг эмч нар онцолж байна. Дөрвийн дөрвөн иргэн эдгэсэн нь халдвар туссан хүмүүст боломж байгааг илтгэж буй хэрэг. Монголд анхны тохиолдлоор бүртгэгдсэн, Франц иргэний биеийн байдал хэвийн болж, монгол түмэнд талархлын захидал илгээгээд буй. Коронавирус туслаа гээд үхнэ, эмчилгээгүй гэсэн үг огт биш. Тиймээс халдвар авсан иргэд итгэл, найдвараа алдалгүй, монгол эмч нарынхаа ур чадварт итгэхийг уриалъя, аминчлан захья.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button