СУРВАЛЖИЛГА: Авьяасаа үзүүлэн хүүдээ дугуй авч чадсан сайн аав Б.Бямбажавын нэг өдөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Худалдаа хөгжлийн банкны хүүхдийн баярт оролцож хүүдээ дугуй авч чадсан нэгэн аавын зураг сошиал орчинд эрчимтэй тарсан. Хүүдээ дугуй авч чадсан түүний сэтгэлд хөдлөл гэрэл зурагт тун чиг сайн бууснаар хүмүүс түүний чин сэтгэлийн баяр хөөрийг харж, сайн аав гэцгээж байв.

Үнэхээр ч Б.Бямбажав гуай сайн аав байлаа. Сонсох нь ээ, багаасаа олон жил гадаа юм зарж амьдралаа залгуулж яваа ганц бие аав гэв. Гурван хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийн ээж нь тэднийг хаяж яван, өөр хүнтэй суусан аж. Гэсэн ч Б.Бямбажав өвдөг сөхрөлгүй хүүхдүүдээ сайн асарч яваа гэх яриа чих дэлссэн юм.
Ингээд Б.Бямбажавын амьдардаг дүүрэг хороо, утасны дугаарыг олж чадсан ч огт холбогдож чадалгүй бараг сарын хугацааг хүргэлээ. Гэвч бид сурвалжилгынхаа гол баатартай сарын дараа холбогдож чадсанаар Б.Бямбажав хэмээх залуугийн дотоод ертөнцтэй танилцан нэг өдрийг өнгөрүүллээ.
-Б.БЯМБАЖАВ ГАДАА ГУДАМЖИНД ЗАРЖ БОЛОХ БҮХИЙ Л ЗҮЙЛСИЙГ ЗАРСААР 22 ЖИЛ БОЛЖЭЭ-
Б.Бямбажав 7-14 насны хоёр хүү нэг охинтой бөгөөд тэд бүгд бага ангийн сурагчид. Гадаа гудамжинд ус ундаа, самар, жимс гэх мэт байж болох бүхий л зүйлсийг зарж амьдралаа залгуулсаар өдгөө 22 жил болжээ. Бага охин Цэлмүүнийг хоёр настай байхад эхнэр нь салсан учир Б.Бямбажав тэр цагаас хойш хүйтэнд гал хөлс түлэхгүй, хүүхдүүдээ дааруулахгүй хэмээн нийтийн баяр түрээсэлсээр иржээ.

Түүнчлэн Б.Бямбажавын ээж аав хөдөө гарснаас хойш хүүхэд харж өгөх хүн байхгүй учир хүүхдүүдтэйгээ хамт наймаагаа хийдэг болсон байна. Тэрбээр “Гурван хүүхдээ бага байхад нь машиныхаа урд суудалд гурвууланг нь суулгачхаад таксинд явдаг байлаа. Гэхдээ нэг цагдаагийн хэлсэн үг санаанаас гардаггүй юм. Ингэж яваад осол болбол хүүхдүүдэд чинь аюултай гэх үг. Одоо ч бид дөрвийн таксинд явна гэдэг хөг нь өнгөрсөн. Тэд маань ч нэг суудал дээр багтахааргүй болж, цагдаагийн үг ч сэтгэлд хадаастай. Миний машин ч цэнхэр утаа гараад, мотор нь муудаад хүн суухын эцэсгүй болсон” хэмээн тун чиг цоглог ярьж байлаа.
Мөн тэд саяхныг хүртэл Хайлаастад хүүхдүүдийн сургууль цэцэрлэгтээ ойр нийтийн байранд амьдарсан байна. Б.Бямбажав гуай “Хэдий болтол нэг гадаа юм зарсан хэвээр байхав” хэмээн зориглон үйлдвэр комбинатад нэгэн ТҮЦ сарын 300 мянган төгрөгөөр түрээслэн, тэндээ байрлаж юм зарж үзсэн гэв. Гэвч түүний санаснаар байсангүй байрлал нь зам дагуу бус нуугдмал газар учир орлого багатай, хоёр гуравхан төрлийн бараатай тэдний наймаа эцэслэгджээ.
Харин азтай нь явсан нохой яс зууна гэгчээр тэдний ТҮЦ-ний наймаа бүтэлгүйтсэн ч захын урд юм зардагтай адил орлоготой байж болохуйц газрыг тэд энэ завшаанаар олж чаджээ. Ийн тэд энэ хавраас эхлэн “Алтай хотхон”-ны урд зам нарны гүүрний уулзвар орчимд ус, ундаа, гүзээлзгэнэ зарж эхэлжээ. Тэд өдрийн 11 цагийн орчмоос оройн 21 цаг хүртэл зам дагуу юм зардаг байна. Б.Бямбажав яриа хөөрөө сайтай, сэргэлэн хүн байсан бөгөөд тэр хавийн нэгэн авто угаалгын газарт ус ундааны хөлдөөгчөө гуйж залгуулснаар хүйтэн ус ундаа зарах болжээ.Ингэснээр тэдний өдрийн орлого сайн буюу өдөртөө дунджаар 30 мянган төгрөг олж чаддаг болсон гэв.

Мөн тэрээр “Ах нь уул нь захын тэрүүгээр юм зарвал сайн орлоготой байж чадна л даа. Гэхдээ захын тэр хавиар юм зарж байгаа жаахан амьтадын /хүүхдүүдийн/ орлогыг булаагаад яахав гэж бодоод өөр газруудаар зардаг болсон. Би чинь том хүн шүү дээ” хэмээн хуучилсан юм.

-САРДАА НЭГ ӨДРИЙН ХҮҮХДҮҮДИЙН ӨДӨР БОЛГОЖ ТЭДНИЙГ БАЯРЛУУЛДАГ ГЭВ-
Биднийг ярилцаж байх хооронд түүний дунд хүү ирчихсэн бидний хажууд зогсонгоо зам дагуу аавдаа ус ундаа зарахад тусалж байлаа. Мөн хүү ихэд гайхуулан “Аниа маргааш бид нар явж “Тоглоомын түүх-4 үзнэ” аав биднийг дандаа хошин шог хүүхэлдэйн кино үзүүлэхээр авч явдаг шүү дээ” хэмээн баярлангуй ярьж байв. Харин энэ яриаг сонссон Б.Бямбажав “Бид хэн байнга хошин шог үзнэ, гэхдээ их сэргэлэн зан гаргана аа. Ганц л том хүний билет авч ороод дөрвүүлээ үзчих нь. Хөвгүүдээ шатанд дээр суулгаж үзүүлээд, охиноо өвөр дээрээ авчих нь даа. Манайхан ч хошин шог үзэх их дуртай” хэмээв.

Түүнчлэн тэдний гурван хүүхэд зайрмаг бабулад маш их дуртай. Тийм ч учраас бабулаг бөөний үнээр олон ширхгийг аваад ус ундааныхаа хөлдөөгчид хийчихдэг. Тэгэхгүй бол ахынх нь өдрийн орлого, зарлагаа давах гээд хэцүүднэ ээ хэмээн инээмсэглэн ярьж байлаа. Б.Бямбажав өдөржингөө гадаа халуунд зогсож юм зардаг ч гэлээ хүүхдүүдээ хараад л урам зориг авдаг гэлтэй үргэлжид инээж явах нь тэр.
Мөн хүүхдүүддээ зарцуулж буй зүйлсэд үргэлж сэтгэл ханамжтай байх нь илтэд байв. Үүний нэг жишээ нь түүний хүүхдүүдтэйгээ хамт зугаалсан газар, музей зэргийн зургийг сонирхуулан хамтдаа тэдгээр зургийг үзэн дурсамжаа ярьж байгаа нь ихэд аз жаргалтай харагдсан юм.
Манай гурав чинь мөнхөд надтай цуг, аавынхаа юм зарж байгаа газрын ойр тоглож л байдаг. Манай дунд хүү минь их сэргэлэн болохоор аавдаа их тусална аа. Ер нь хоёр бага маань ухаантай сурлага сайтай. Ирэх намраас соробон сампинд яаж хийгээд явуулна даа. Өө нөгөө тэмцээнд орж хожсон дугуйг дунд хүү минь унаж байгаа шүү дээ хардаа хэмээн хөөрцөглөж байлаа.
-ХАЙЛААСТЫН ЭЦЭСТ ХАШАА ЗООЖ АВААД ОЛОН ЖИЛ БОЛСОН Ч БИЧИГ БАРИМТ НЬ ЦЭГЦРЭЭГҮЙ УЧИР ӨӨРИЙН БОЛГОЖ ЧАДААГҮЙ БАЙНА-
Тэд саяхнаас үйлдвэр комбинатад подвалын өрөө түрээслэх болжээ. Тэрбээр хэлэхдээ “Одоо энд ойрхон нийтийн байр түрээслээд бүүр амар байна. Тэрнээс биш түрээсээ төлөөд хүүхдүүдээ өдөр хоол авч өгөөд, бусад зардлаа бодохоор ямар ч нэмэргүй байгаад байсан” хэмээн хуучлаад, биднийг гэртээ урив.

Тэдний түрээсэлж буй уг өрөө ихэд цэвэрхэн, айл гэрт хэрэгтэй бүхий л тавилга цаанаасаа цуг ердөө 250 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэлээ. Тэд ирэхдээ хүүхдийнхээ хувцасны ягаан шүүгээ аяга таваг, тогоо шанагаа л авчирсан. Өмнө нь орой бүр хариад л энэ гурвынхаа хувцсыг гараараа угааж цэвэрлэдэг байсан. Одоо ч амар байна. Хажуу айлынхаа эгчээс гуйгаад бүрэн автомат угаалгын машинаар угаалга хийлгүүлээд байгаа. Байрны гадаа тоглоомын талбайтай, тэр бүү хэл манайд юнивишнийн төхөөрөмж бий. Энэ хэддээ зурагт авчраад өгчихвөл манай хэд үзэх харах юмтай амар л байх. Даанч ТҮЦ түрээслэхдээ зурагтаа зай эзлээд байхаар нь амбаартаа хийчихсэн. Гэхдээ манай муу зурагт чинь 14 инчийн хуучны дөрвөлжин телевиз юнивишнийн холболт орох үгүйг мэдэхгүй л байна хэмээн ярьж байлаа.


Мөн Б.Бямбажав гуай хайлаастын эцэст хашаа бий даанч бүх бичиг баримт бүрдүүлээд өгсөн, гэрчилгээ нь гарахгүй олон жил боллоо. Одоо ах нь өөрийн гэсэн гэр юм уу байшинтай болохыг л хүсэж байна. Хэсэг гэр түрээсэлж, хашаандаа байж үзсэн. Ингэхдээ байшингийн дөрвөн шон хатгаад авсан шүү хардаа гээд зургийг нь үзүүлэв. Байшингаа ярихдаа ихэд баярлангуй энд нь ийм өрөө, энийг нь ийм болгоно гэгчээр зоосон хэдэн шонгоо тун чиг сайн зааж, өөрийн төлөвлөгөөгөө хуваалцсан юм.
-ТОМ ХҮҮ НЬ ХОЁР НАСТАЙ БАЙХДАА ХУЛГАНЫН ХОР ИДСЭНЭЭС БОЛЖ МАШ МУУ ЯРЬДАГ БОЛЖЭЭ-
Бурхан хүнд даах хэмжээгээр зовлон хайрладаг гэдэг үг байдаг. Үнэхээр л Б.Бямбажав тийм амьдралыг туулж байгаа нэгэн мэт санагдав.

Том хүү нь хоёр настайдаа санамсаргүй байдлаар хулганын хор идэж, хэл яриа муутай, бие жижигхэнтэй болсон байв. Гэлээ ч хүү нь хэдэн жилийн өмнөөс харьцангуй сайн ярьдаг болж, сургуульд элссэн байна. Дунд хүү нь энэ намар тавдугаар ангид орж байгаа бол том хүү нь дөрөвдүгээр ангид орно гэв. Түүний дунд хүү ахдаа дөрөвдүгээр анги ч тун ч амаргүй даваа даа ах минь, сайн хичээдэг юм шүү хэмээн инээмсэглэн ярилцаж байлаа.
Түүнчлэн Б.Бямбажав эхнэртээ ихэд гомдонгуй байдаг мэт санагдав. Хүүхдүүдээ эхнэртэйгээ байнга уулзуулдаг ч өөрөө эхнэрээсээ салсан цагаасаа хойш холбогдож уулзаагүй, тэр хүнийг огт сонирхдоггүй би мэдэхгүй ээ гэсэн юм.
Мөн энд тэндээс Б.Бямбажавд сайн санаат хүмүүс тогтмол ажлын байр санал болгодог ч тэрээр хүүхдүүдээ сургуульд зөөж, харах хүнгүй болохоор сурснаараа гадаа юм зарж явна даа хэмээн хуучилсан юм.

-“БИД ИРЛЭЭ” ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ ШАГНАЛ АВЧ БАЙЛАА ТЭРНИЙХЭЭ БИЧЛЭГИЙГ АВЧ ЧАДДАГ Ч БОЛООСОЙ, ТЕЛЕВИЗИД НЬ БАЙДАГ Л БАЙХДАА-
Тэрээр түмнийхээ буянаар дунд хүүдээ сайхан дугуй авч өгч чадсан шүү, бусдаар бол чадахгүй байсан хэмээн хуучлав. Ингэхдээ “Тэр өдөр хүүхдүүдтэйгээ явж байгаад ХХБ-ын баярын арга хэмжээтэй таарсан. Тэгэхэд ээжүүдийн тэмцээн гэж болж байсан болохоор дараа нь яг аавуудын тэмцээн явна байх гэж бодоод хүлээж байсан юм. Миний бодибилдинг хийнэ гэж ч юу байхав, олон түмнийхээ алга ташилтын ачаар ялагч болж чадсан. Манай хэд ч тайзны доор намайг хүлээгээд, би ч хүүхдүүддээ дугуй аваад өгчих юмсан гэж бодоод их зүтгэж, бусдыгаа инээлгэж чадсанаар л дугуйгаа авсан шүү дээ” гэв.

Мөн хэдэн жилийн өмнө “Бид ирлээ” гэх телевизийн нэвтрүүлэгт оролцож түрүүлж шагнал авч байсан. Тэрнийхээ бичлэгийг олж авч чаддаг бол авах юм сан. Интернэт лав байдаггүй юм байна лээ. Бодвол телевизид нь байдаг л байхдаа. Миний дүү тэр нэвтрүүлгийг хийсэн телевизид таних хүн байвал хэлээд өгөөрэй хэмээн гуйж байсан юм.
Ийнхүү тэдний нэг өдрийн ажил амьдрал үргэлжлэх бөгөөд дөрвүүлээ хамтдаа ажилдаа явж, гэртээ харин хоолоо хийж идсэнээр нэг өдөр дуусдаг байна. Түүнчлэн манай хүүхдүүд их содон сүүтэй цайг чихэртэй ууна, гэхдээ бас мундаг аа өөрсдөө цай чанана, хэд хэдэн төрлийн хийж чадна. Заримдаа аавдаа хоол хийж өгнө шүү хэмээсээр нүүр дүүрэн инээмсэглэл цацруулсаар биднийг гэрээсээ үдэн гаргасан юм.



Д.ЖАРГАЛМАА
ГЭРЭЛ ЗУРГИЙГ:Ч.ОТГОНБАЯР
















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.