Хагас жилд ДӨРВӨН ЦЭРЭГ НАС БАРЛАА, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ТАГ ЧИГ
-“ЦЭРЭГ НАС БАРЛАА” ГЭСЭН МЭДЭЭ ЭНГИЙН ҮЗЭГДЭЛ БОЛОВ-
2019.01.22- Дорноговь аймгийн Зүүнбаян сумын Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг НАС БАРАВ.
2019.01.30- Увс аймаг дахь хилийн 0311 дүгээр ангийн хилийн харуулын үүрэг гүйцэтгэж байсан байлдагч морьтойгоо алга болж, ОХУ-ын нутаг дэвсгэрээс НАС БАРСАН байдалтайгаар олдсон.
2019.02.28- Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн алба хаагч, ахлах ахлагч Г өнгөрсөн сарын 28-нд ангийнхаа элс ачсан “Зил-130” машинд дайруулж, харамсалтайгаар АМИА АЛДЛАА.
2019.06- Өмнөговь аймгийн 167 дугаар цэргийн ангид харуулд гарч байсан байлдагч А БУУДУУЛСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ хэрэг гарсан.
2019.06.30- Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн ...дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч НАС БАРЖЭЭ.
Энх цагт эр цэргийн албанд хөвүүдээ мордуулж, тэднээрээ бахархаж суудаг эцэг эхийн баяр баясал айдас, болгоомжлолоор солигджээ.
Энэ нь шил дараалсан “Цэрэг нас барлаа” гэсэн мэдээллээс үүдэлтэй. Хамгийн сүүлийн мэдээлэл харцгаая. Он гарсаар ДӨРВӨН ЦЭРЭГ АМИА АЛДАЖ, нэг цэрэг БУУДУУЛСАН БАЙДАЛТАЙ эмчлүүлж байна.
-Н.ЭНХБОЛД САЙД ЦЭРЭГ НАС БАРСАН АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ МӨРТЛӨӨ ХҮҮГЭЭ ӨМӨӨРЧ ХЭВЛЭЛД ДУУГАРАВ-
Цэрэг нас барсан мэдээг хэвлэлүүд хэдэн өдрийн дараа олж мэддэг. Мэдээлэл авсан даруйдаа холбогдох газруудад хандахад “Шалгаж байна. Нэгдсэн журмаар мэдээлэл өгнө” гэхчлэн жижүүрийн үгээр байнга нууцална. Тэгээд мэдээлэл өгч, тайлбар хийж зүйлгүй өнгөрдөг хэвшил нэгэнт тогтжээ.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ төрлийн асуудлаар тодруулга авахаар сэтгүүлчид оролдлого хийнэ. Тэрбээр ихэвчлэн ордны коридороор хар хурдаараа жирийлгэнгээ “Мэдээлэл ирээгүй байна” гэхчлэн хариулаад өнгөрнө.Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа “Цэргийн асуудал надад хамаагүй. Хуулиараа Жанжин штабад хамаардаг. Хилийн цэрэг өөр яаманд хамаарна” гэж шуудхан хэлдэг байв.
Улс эх орноо хамгаалах ариун үүргээ биелүүлэхээр цэргүүдийн үхэлд тухайн улсын Батлан хамгаалахын яам нь “Манайд хамаагүй” гэж хариулдаг нь хамгаас хачирхалтай. Холбогдох зохицуулалтаар Хилийн цэргийн ангиуд Хууль зүй дотоод хэргийн яаманд, цэргийн асуудлыг Жанжин штабад хамаардаг.
Хэдий тийм ч Батлан хамгаалах салбар нь ийм байхад эцэг эхчүүд хэндээ итгэж үр хүүхдээ цэрэгт мордуулах юм. Тусгаар улсын Батлан хамгаалахын салбар ийм байж болох уу.
Он гарсаар ТАВАН ЦЭРЭГ амь насаа алдчихаад байхад Батлан хамгаалахын сайд Н.Энхболд ТАГ ЧИГ. Хариуцлага тооцох асуудлыг хэн ч үл хөндөнө. Цэргүүд нь амиа алдсан асуудалд Н.Энхболд сайд дуугарахгүй мөртлөө гадны оронд элчингийн зөвлөхөөр ажиллахаар болсон хүүгээ өмөөрч, “Миний хүү угаасаа чадвартай” гэж тас дайрах жишээтэй.
Мэргэжлийн ёс зүй, Монголын төрд удаан яваа намба төрх, хариуцлага хүлээдэг байдлыг манай ахмад гишүүд бүүр мартаж орхисны нэг жишээ Н.Энхболд сайд юм. Хэдий болтол “Дахин нэг цэрэг нас барлаа” гэсэн мэдээг хэвлэлүүд урсгах вэ.
Засгийн газрын тэргүүн нь ч, салбар хариуцсан сайд нь ч тэр яагаад энэ асуудал дээр дуугарч, анхаарч болдоггүй юм. Тэнгэртээ дүүлэн нисч буй эдгээр залуусын амь насыг улс орны Батлан хамгаалахын салбар хариуцдаггүй гэж үү.
Ж.МЯДАГБАДАМ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.