Сурвалжилга, Нийтлэл

О.Сайнбаяр: 1387 ААН үйл ажиллагаа явуулж байхад яагаад ганцхан “Зүүнбаян рэфайнери” -ийг онцлоод байна вэ

Нэмэлт: 14:30 цагт 

Туул голын эрэг дагуу 5.6 га газар эзэмшиж 14.000 ширхэг бургас хядсан асуудлаар үйл ажиллагаа явуулах эрхээ цуцлуулаад буй “Зүүнбаян рэфайнери” ХХК-ийн захирал О.Сайнбаяр хийсэн мэдээллийг эмхэтгэн хүргэж байна.

-“Зүүнбаян рэфайнери” ХХК С.Уламбаяр гэдэг хүнд ямар ч хамаагүй-

Газрын зөвшөөрлийг 2008 оны 8 сарын 8-ны өдөр БОАЖЯ-наас авсан байдаг. Бид 2013 оноос хойш ашиглахаар шийдэж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. “Их тэнгэр” аялал жуулчлалын цогцолбор газар байгуулахаар хэдэн залуус шийдэж тухайн орчинд газрын судалгаа хийсэн. Удаан хайсны эцэст одоо энэ газрыг товлоод, эзнийг нь хайхад С.Уламбаяр гэж хүний эзэмшлийн газар болж таарсан. С.Уламбаяр гэж хүнтэй яаж холбогдож газрыг нь авах вэ гээд танил талаараа сураглаад явж байтал миний ахын цэргийн найз болж таарсан. Ингээд уулзалдаад ярилцахад “За та нар залуу хүмүүс хэрэгтэй юм хийх гэж байгаа юм байна” гээд зөвшөөрсөн. Тэгээд газраа шилжүүлэхээр иргэн О.Сайнбаярын нэр дээр шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг удаа дараа холбогдох газруудад гаргасан ч тусгай хамгаалалттай газрын эзэмших нэрийг шилжүүлж болдоггүй гэсэн. Тэгээд хоорондоо ярилцаад “Зүүнбаян рэфайнери” ХХК-ийн нэр дээр ажлаа явуулахаар болсон юм. Одоо энэ газарт С.Уламбаяр гэж хүн ямар хамаагүй, ямар ч оролцоогүй.

-Манай газар цуцлагдсан, би эрхээ сэргээнэ-

Энэ газрын бүх зүйл зориулалтын дагуу явж байгаа. Ямар ч газар хөрөнгө оруулалт хийх газраа судалдаг. Хэн ч гэсэн ингэнэ. УИХ-ын гишүүдийн яриад байгаа шиг зөвшөөрөлгүй барьчихсан юм байхгүй. Нүүр бардам хэлнэ. 2017 оны 6 сард Д.Оюунхорол сайд “Зүүнбаян рэфайнери” ХХК –ийн үйл ажиллагаа явуулах эрхийг цуцаллаа гэсэн мэдээлэл хэвлэлээр явж эхэлсэн. Гэтэл албан ёсны шийдвэр нь надад  ирээгүй болохоор яам дээр очсон. Хөлөө эргэтэл явж байж  2018 оны 5 сард тушаалыг нь олж авсан. Учир нь тамгатай цаасыг авч байж бид шүүхэд хандах эрхтэй болсон. Тэрнээс хойш шүүхийн үйл ажиллагаа явж байна. Газар цуцлагдсан эрхээ би  сэргээнэ. Яамнаас цагдаагийн газар хэрэг үүсгүүлсэн. Энэ хооронд улс төр хийж бидний үйл ажиллагааг хаах зогсоох харлуулах үйл ажиллагаа эхэлсэн. Энэ бол маш олон залуусын ажил. Бүтээн байгуулалт хийх гээд яваад байгаа юм. 2018 оны 5 сараас одоо хүртэл юу ч хийгээгүй байж л байна. Бид ингэж улс төр хийх хүртэл нь чимээгүй явсан.

-Бургаснизм гэдэг нэр хүртэл гаргалаа, гомдолтой байна-

 Голд ойрхон,бургастай газрыг хядаад дууслаа гээд байгаа. Холбогдох газруудаас бүх үнэлгээг хийсэн, нөхөн сэргээх төлбөрийг удаа дараа тушаасан. Бургасаа түр байршуулаад барилгын ажлаа эхэлсэн. Анх Байгаль Орчны Яамнаас үнэлгээ хийгээд гурав нугалж төл гэсэн. Үнэндээ хэн ч ирж үнэлгээ хийгээгүй, гүүглийн зургаас үнэлгээ тогтоосон. Харин дараа нь Цагдаагийн байгууллагаас бодит үнэлгээ гаргасан. Шинжээч томилоод үзлэг хийгээд бид нар ч гэсэн тосож аваад хийлгэсэн. “Ойт бүс” гэж компанийн энэ үнэлгээ нь нөхөн сэргээлт, биологийн төрөл зүйл, ажлын хөлс гээд нийт 31 сая гаруй төгрөг болсон. 2018 оны хавраас УИХ-ын гишүүн, өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг олон сүртэй юм ярьж эхэлсэн. МЯнга мянгаар өргөдөл ирлээ гээд талд нь манайхыг ярьдаг ажилтай болсон. Иргэдэд таалагдах гэж хичээдэг байж болно, гэхдээ ингэж ор үндэсгүй улс төржиж болохгүй. Энэ байнгын хорооны хурлын ихэнх цагт манай компанийг ярьдаг гэсэн. Иргэдээс хэдэн мянган өргөдөл ирлээ гээд л. Тэгээд би өөрийн биеэр ороод тайлбар хийе гэхэд оруулаагүй. Үүдэн дээр хүлээж сууж байгаад тосож уулзаад бүх юмаа үзүүлсэн. Өрөөнд нь орж тайлбарласан. Тэгээд яамтайгаа хамтраад ажилла гэж хэлсэн. Бидний ажлыг улс төржүүлж байгаад харамсалтай байна. Их тэнгэрийн ам, Туул голын ойролцоо 1387 ААН үйл ажиллагаа явуулж байна. Яагаад ганцхан манайхыг онцлоод байгаа юм бэ? Энэ бол улс төр. Попрох гэдэг үгийг эндээс ойлгож авлаа. Бургаснизм гэж нэр хүртэл гаргалаа. Үнэхээр гомдолтой байна.

Тэрбээр ярианы төгсгөлд, үнэхээр энэ газар том хүний эзэмшилд байсан бол ингэж эрхээ цуцлуулахгүй байсан. Том артай хүмүүсийн барилга явж л байна. Хүсвэл би дагуулж очоод харуулья гэсэн юм. 

09 цаг 18 минут 

-14000 бургас хядсан 15 жилийн түүх- 

“"Зүүн баян реферн"” ХХК Туул голын тусгай хамгаалалттай газар 5.6 га газрыг хууль бусаар эзэмшиж байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж буй үйлдэл хэвлэл мэдээллээр дамжин олон нийтийн анхаарлын төвд байна. 

Энэ удаад бургас хядсан түүхийн он цагийн дарааллыг мэдээлье.  

  • 2005 он Байгаль орчны сайд У.Барсболдын 244 тоот тушаалаар 5.6 га газар олгогдсон. 
  • 2006 он “Зүүнбаян рэфайнери”   ХХК байгуулагдсан 
  • 2008 он хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. 
  • 2008 оны наймдугаар сард Тусгай хамгаалалттай газрын дарга А.Намхайгийн тушаалаар нэмж 4 га газар олгосон. 
  • 2008 оны наймдугаар сарын 22-нд Г.Шийлэгдамба сайдын тушаалаар Их тэнгэр Аялал жуулчлалын цогцолбор газар байгуулах зөвшөөрөл авсан, байгаль орчны үнэлгээ хийсэн. 

Үүнээс гурав хоногийн дараа Богд хан уулын дархан цаазат газар, ХУД, “Зүүнбаян рэфайнери” ХХК гурвалсан гэрээ байгуулсан. 

  • 2013 оны наймдугаар сард газар эзэмших хугацаа нь дуусч үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон. 
  • 2014 оны 4 сард БОНХЯ-аас газар эзэмших эрхийг таван жилээр сунгасан. Яамны тусгай хамгаалалттай газрын дарга Т.Эрдэнэчимэг газрыг сунгаж 6 га газар болгож тэлсэн. 
  • 2014 онд Богд хан уулын хамгаалалтын захиргаа 200 м ойр нэвтрэхгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүйг анх удаа сануулсан. 

Үүнээс үүдэн “Зүүнбаян рэфайнери” ХХК бургас хядсан үйлдэлдээ анх удаа зургаан сая төгрөгний торгууль төлсөн. 

  • 2014 оны 9 сард “Зүүнбаян рэфайнери”  ХХК газараа хашаалсан. /3 м өндөртэй/ 
  • Туул голын сав газар МХЕГ, УМБГ-т хандсан. Ямар нэг хариу хэлээгүй.  
  • 2016 онд НИТХ-ын 50 дугаар тогтоол гарсан. Үүнтэй зэрэгцэн “Зүүнбаян рэфайнери”  ХХК бургасаа хядаж талбайгаа цутгаж эхэлсэн. 
  • 2017 оны 2 сард Нийслэлийн Ерөнхий Төлөвлөлтийн газраас “Зүүнбаян рэфайнери” ХХК-ийн эл газрыг Аялал жуулчлалын цогцолбор газар болгох төлөвлөгөөг баталсан. /Нийслэлийн ерөнхий архитектур Э.Анарын тушаал/ 
  • 2017 он Богд хан уулын дархан цаазат газар НБОГ-аас бургас хядаж байна гээд акт тавьж 12.3 сая төгрөгийн торгууль төлсөн. 
  • 2017 оны 5 сард ЕТГ-ын Э.Анар даргын тушаалаар “Их тэнгэр велла” 50 айлын  орон сууцны хороолол барих эрх болж өөрчлөгдсөн. Нэмж тусгай хамгаалалттай газрын дарга Батсансар дэмжиж баталсан. 
  • 2017 оны 6 сард Богд хан уулын дархан цаазат газраас гаргасан хүсэлтийн дагуу  Байгаль орчны яамнаас зөвшөөрлийг нь цуцалсан. 

Компанийн үндэслэлгүй цуцлалт хийсэн, бургас хядсаны 15 сая төгрөгөө төлсөн гэх мэтээр шаардлага тавихын зэрэгцээ байшингийн сууриа цутгаж эхэлсэн. 

  • 2017 оны 7 сард Богд хан уулын дархан цаазат газраас 90 хоногийн дотор газар чөлөөлөх шаардлага хүргүүлсэн. 
  • 2018 оны 2 сард Туул гол дагуу  үйл ажиллагаа явуулж буй ААН –үүдийн үйл ажиллагааг зогсоох байшин нураах ажил өрнөсөн. Энэ тушаалд 10 гаруй барилга нураалгасан ч дотор нь  байсан  “Зүүнбаян рэфайнери” ХХК –ийн нэр байгаагүй. 
  • 2018 оны 4 сард УИХ-ын өргөдлийн байнгын хороогоор хэлэлцсэн. Хашаагаа буулгах асуудлыг хөндөхөд БОАЖЯ-ны Тусгай хамгаалалтай газрын дарга Батсансар “Хашаагүй бол иргэд ирж хивс дрожоо угаагаад хог тариад байдаг. Хашаагаар хамгаалж байгаа юм” гэж тайлбарласан. 
  • 2018 оны 5 сард Богд хан уулын дархан цаазат газар, БОАЖЯ-ны хамтарсан баг экологи,  эдийн засгийн үнэлгээ хийхэд  тус  компанийн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг 9.1 тэрбум төгрөгөөр тогтоосон. 
  • 2019 оны 4 сарын 08-нд  Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан үйл ажиллагааг нь зогсоох чиглэл өгсөн. 

14000 бургас сүйдэлсэн компанийн 15 жилийн түүх ийм юм.  

Бид энэ удаад НЗДТГ-ын холбогдох мэргэжилтнээс тодруулах гэсэн боловч “Ерөнхий сайдтай хамт гадуур ажилтай яваа” гэлээ. Харин С.Амарсайхан даргатай шууд холбогдох утас хэдийнээс ажилд орох тухай лавлахад тун удахгүй гэдэг хариу өглөө. Үүний дараа “Зүүнбаян рэфайнери”  ХХК-тай холбогдлоо.

О.САЙНБАЯР: Ц.БААТАРХҮҮГИЙН ШОУ ХИЙХ ГЭЭД ЯВАА ЦАРАЙ НЬ ЭНЭ ЮМ

-НИТХ-ын АН-ын бүлэг Ерөнхий сайдад танай компанийн асуудлаар шаардлага хүргүүллээ. Яг өнөөдрийн нөхцөл байдлын талаар та мэдээлэл өгөөч?  

-Цэндийн Баатархүүгийн шоу хийх гээд яваа царай нь тэр. Попорно гэж юу байдгийг одоо л ойлгож байна. Манай компанийг ямар ч хамаагүй хүнтэй аваачиж холбоод байх юм. 

-Хотын даргад хамаагүй гэсэн үг үү. Шүүхээр буруутай нь тогтоогдвол байшинг нурааж газар чөлөөлнө гэсэн шүү дээ? 

-Манай компани С.Амарсайхан даргад ямар ч хамаагүй. Тэртэй тэргүй цуцлагдаад үйл ажиллагаа нь зогсчихсон юмыг одоо яах гээд байгаа юм. Буруу үйл ажиллагаа нь явуулж байгаа нь  тогтоогдвол нураана л биз. Би эрхээ сэргээлгэх гээд шүүхэд хандсанчихсан байгаа. Новшийн улс төр, 60 тэрбумын үлдэгдлүүдийн хийж буй ажил. Ямар ч хамаагүй хүнтэй холбоод байгаа. 

-Өөр та юу хэлмээр байна? 

-Балиар улс төрөө болиоч ээ. Улс төрийн шоу, хаврын синдромоо зөв явуулаач ээ гэж хэлмээр байна. Сая аргаа бараад лайв хийлээ. Маргааш 10 цагаас хэвлэлийн хурал хийнэ.  

 Б.БАЯРТ 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button