НийгмийнНИЙГЭМЭгэл бус амьдрал

ЭГЭЛ БУС АМЬДРАЛ: Оросын арми гавьяаг нь үнэлсэн “Фронт” С.Цэгмид

2020.10.06-ны контентыг сэргээн нийтлэв

Олноо “Фронт” хэмээн алдаршсан, 97 настай С.Цэгмидэд ОХУ-ын Төрийн дээд шагнал “Бүх ард түмнүүдийн найрамдлын одон”-г дөнгөж сая гардуулав. Эл одонгоор нийт 1212 хүнийг шагнасан удаатай. 13 орны 40 иргэн ОХУ-ын Төрийн дээд шагнал хүртсэний нэг нь “Фронт” С.Цэгмид гуай болсон юм.

Дэлхийн хоёрдугаар дайны он жилүүдэд Монгол Улс ОХУ-д таван удаа бэлгийн цуваа хүргэсэн түүхтэй. Гурав дахь цувааг Маршал Х.Чойбалсан тэргүүлж, 40 гаруй төлөөлөгч явсны дунд 19-хөн настай, нэгэн малчин охин багтсан юм. Эл түүхэн гавьяаны эзэн бол Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат, олноо “Фронт” хэмээн алдаршсан Сүрэнхорын Цэгмид гуай. 97 настай тэрбээр 1923 оны арванхоёрдугаар сарын 6-нд Дэлгэрхангай уулын энгэрт мэндэлжээ. Айлын ганц охин С.Цэгмид гуай багаасаа олон эрэгтэй хүүхдийн дунд эршүүд өсөж. Ямар ч эмнэг, хангал тэмээг сургаад унадаг байсан гэнэ.

18 НАСАНДАА УЛСЫН САЙН МАЛЧИН БОЛЖ, Х.ЧОЙБАЛСАНГААС ШАГНАЛ ХҮРТЖЭЭ

Өвгөдийнхөө малчин удмыг залгамжлан, өдгөө ч нутагтаа мал маллан амьдарч буй тэрбээр ердөө 18-хан насандаа Улсын сайн малчин болжээ. Зургаан ханатай гэрт 50 шахам ботго тэжээн, онд оруулж, нэгдлийн 500 хонь төллүүлсэн зэрэг олон гавьяаг нь төр үнэлсэн юм. Түүгээр ч үл барам Улсын сайн малчин болохдоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсныг нь Маршал Х.Чойбалсан гардуулжээ.

19 НАСТАЙ, МАЛЧИН ОХИН ФРОНТОД БЭЛЭГ ХҮРГЭЖ ӨГСӨН НЬ

Нэг удаа С.Цэгмид гуай нэгдлээс 500 хонь хүлээн авчээ. Гэртээ туугаад иртэл 503 байж. Тэгэхэд гурвыг нь улсад буцаан өгсөнд хүмүүс ихэд олзуурхан, үнэлсэн юм билээ. Улмаар 18-хан насандаа Улсын сайн малчин болсон, хөдөлмөрч, дайчин чанар нь түүнийг их гүрний ахан дүүсэд тусламж хүргэх түүхэн үйл явдлын гэрч болоход нь их нөлөөлжээ. Учир нь ОХУ руу бэлгийн цуваа хүргэх төлөөлөгчдийг Х.Чойбалсан өөрөө сонгосон юм. Ингэснээр С.Цэгмид гуай 19 насандаа хойд хөршийг зорьж, түүхэн үйл явдлыг бүтээлцсэн юм.

Дэлхийн хоёрдугаар дайнд монголчууд оролцоогүй ч ОХУ-аас юугаа ч харамлаагүй. Дээл, гутал, морь, малнаас авхуулаад өгч болох бүхнээ харамгүй бэлэглэсэн. Монгол түмний тэр сайхан сэтгэлийн хандивыг хүргэж өгөх буянт үйлсийг хүргэж өгөх цуваа 1942 оны арваннэгдүгээр сарын 26-нд Монголоос хөдөлжээ. Манай улсаас илгээсэн 236 вагон бэлгэнд 9 сая 252 мянга 343 төгрөгийн үнэ бүхий зүйлс багтсан юм.

ТЭРБЭЭР ФРОНТОД 1000 ТӨГРӨГ, НЭГ МОРЬ, ТАВАН ХОНЬ ХУВИАСАА ХАНДИВЛАЖЭЭ

Фронтод очсоныхоо дараа С.Цэгмид гуай хувиасаа 1000 төгрөг, нэг морь, таван хонь хандивлажээ. Тухайн үед тэднийх чөдрийн ганц морьтой байсныгаа бэлэглэсэн нь тэр. Монголын ард түмэн оросуудад юугаа ч харамлаагүйн нэгээхэн жишээ энэ.

С.ЦЭГМИД ГУАЙ ДЭЛХИЙН II ДАЙНД “ОРОЛЦСОН”

Монголын төлөөлөгчид фронтод очсоныхоо орой нь их бууны ангиар оржээ. Дайн ид үргэлжилж, дарийн утаа суунаглаж байсан үе. Тэгэхэд Монголоос очсон төлөөлөгчдийн гурав нь их буугаар буудсаны нэг нь С.Цэгмид гуай. Тэрбээр эх орноо төлөөлөөд очсон эмэгтэйчүүдээ төлөөлөөд бууджээ. Маргаашийнх нь сонины дугаарт “Монголын гурван төлөөлөгчийн буудсан сум 32 герман цэрэг, дөрвөн их буу сөнөөжээ” гэж нийтлэгдсэн юм. Тэгж С.Цэгмид гуай төдийгүй Монголын төлөөлөгчид дэлхийн хоёрдугаар дайнд “оролцсон”, дайснаа сөнөөлцсөн түүхтэй.

НАСАНДАА МАРТАМГҮЙ НӨХӨРЛӨЛ

С.Цэгмид гуай фронтод очих үеэрээ үеийн нэгэн орос цэрэгтэй танилцжээ. Тэр бол ЗХУ-ын баатар Носов Виктор Питрович. Тэд хамтдаа байлдааны онгоцоор фронт дээгүүр цаг шахам ниссэн нь С.Цэгмид гуайд их сайхан дурсамж үлдээжээ. “Хөөрхий минь хаана явдаг бол. Амьд сэрүүн байдаг бол уулзах юм сан. Фронтод очихдоо Носовтой танилцсан минь миний амьдралын хамгийн сайхан дурсамжуудын нэг. Би орос хэл мэдэхгүй. Носов монгол хэл мэдэхгүй. Нэг хэлээр ярьдаг, хоорондоо ойлголцдог байсан бол нэлээд их зүйл ярих байсан даа” гээд санаа алдав.

И.СТАЛИНТАЙ ГАР БАРЬСАН МОНГОЛ БҮСГҮЙ

Монголоос бэлэг хүргэхээр фронтод очсон төлөөлөгчдийг И.Сталин хүлээн авч уулзан, талархсанаа илэрхийлжээ. Энэ үеэр Монголын төлөөлөчидтэй гар барин мэндчилсэн. И.Сталинтай хамт хүндэтгэлийн ширээнд суун, гар барьснаа С.Цэгмид гуай үргэлж дурсах дуртай.

ОХУ “НАЙРАМДАЛ” ОДОНГООР С.ЦЭГМИД ГУАЙГ ШАГНАВ

Өнөө жил аугаа их ялалтын 75 жилийн ой тохиож байгаа билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний зарлигаар тус улсын хүндэт шагнал, “Найрамдал” одонгоор С.Цэгмид гуайг шагнасан юм. ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович өөрийн биеэр энэхүү шагналыг түүнд гардуулан өгч, хүндэтгэл үзүүлсэн юм. Ингэснээр Оросын арми монгол малчин бүсгүйн гавьяаг үнэлэв.

97 настай С.Цэгмид гуай өдгөө Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын Найз багийн Хүрээ хонд гэдэг газар хаваржин, энх тунх амьдарч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Урт наслаарай
Урт наслаарай
2020-05-07 12:14

Яасан хөөрхөн юм бэ? Энэ зурган дээрх эмэгтэйг харж байсан. Интернетээр. Энх тунх байдаг бас ийм түүхтэй хүн гэж мэдсэнгүй.

Зочин
Зочин
2020-05-07 22:39

Фронт Бадамын тухай оруулаач. Баярл�##�аа.

Зочин
Зочин
2020-05-08 08:07

Улсын сайн м�##�чин болчихсон байсан юм бол чөдрийн ганц морьтой байх учиргүй дээ.Авц�##�даагүй юм биччихэж.

Зочин
Зочин
2020-10-06 17:59

Монгол улсын хөдөлмөрийн баатар уу? Монгол улсаас авсан гавьяа шагн�##�ыг нь тодорхой бичсэнгүй.

Бат
Бат
2021-05-09 12:58

Тухайн үед м�##� нэгдлийн өмч байсан юм мангуу минь. Хувьд м�##� хөрөнгө гэж байгаагүй. Хувийн Өмч гэдэг зүйлийг та нарын муу хэлээд байдаг ардчил�##� авчирч өгсөн юм штэ.

Холбоотой мэдээ

Back to top button