Б.Пүрэвдорж: Ш.Батхүүг “Стандарт”-аас зээл авахад нь зуучилсан "Ocean Partners” компани өрийг нь дарахад ДАХИН ЗУУЧИЛСАН
“OCEAN PARTNERS” БУСДААСАА ДАВУУ ЭРХ АВЧ БАЙЖ Л ЗУУЧЛАЛААР ОРОЛЦСОН ГЭЖ ХАРДАХ ҮНДЭСЛЭЛТЭЙ
АН-ын зүгээс “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн “Стандарт” банкинд тавьсан өр болох 40 сая ам.долларыг төлсөн асуудлыг нягтлан үзэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэрт ажиллахаар зэхэж буй юм. Уг асуудлаар ажлын хэсгийн ахлагч Б.Пүрэвдорж гишүүнээс тодруулга авлаа.
-Засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас Ш.Батхүүгийн тавьсан 40 сая ам.долларын өрийг дарах шийдвэрийг гаргаж, төлөлтийг хийсэн. Шадар сайд Ө.Энхтүвшин “Стандарт” банктай хэлэлцээр хийх асуудал эхэндээ бүтэлгүйтсэн учир дундын зуучлагч оруулж ирсэн гэж тодотгосон. Энэ зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн компанийн тухай янз бүрийн хардлагууд үүсээд байна. Та энэ асуудал дээр ямар мэдээлэлтэй байна?
-Олон Улс ын практикт өр төлбөр төлөхтэй холбоотой зуучлалын компаниуд байдаг. Илүү мэргэшсэн хүрээнд ажилладаг компаниуд ажилладаг гэсэн үг. Гэхдээ сая “Эрдэнэт”-ийн Стандарт банктай хийсэн хэлэлцээр дээр "Ocean Partners” гээд зэсийн баяжмалын трейдер компани орж ирсэн. "Ocean Partners” зуучлалын компани биш байгаа нь анхаарал татаж байгаа юм. Энэ компани нэлээд эртнээс “Эрдэнэт”-ийн зэсийн борлуулалт дээр оролцоотой явж ирсэн. Дээрээс нь “Стандарт” банктай хэлэлцээр хийж, Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байснан компани нь "Ocean Partners”. Ийм хардлагыг дагуулдаг компани тэр өрийг төлөхөд нь дахин зуучлалаар орсон байгаа юм.
-Ер нь трейдер компаниуд зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг юм уу?
-Чиг үүргээрээ оролцох ёсгүй. "Ocean Partners” маш их эргэлзээтэй компани. Трейдер компани зуучлалын үйл ажиллагаанд ийм байдлаар оролцсон нь “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн борлуулалт дээр тодорхой дүнгээр давуу эрх эдлэх гэрээ байгуулсан байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгаа юм. Ямар нэгэн байдлаар бусад трейдер компаниудаас давуу эрх авч байж л зуучлалаар оролцсон гэж хардах үндэслэлтэй юм.
-Яг ямар байдлаар гэрээ байгуулсныг ил болгох боломжтой юу. Та бүхэн зуучлалын гэрээг үзсэн үү?
-АН-аас энэ асуудлаар ажлын хэсэг байгуулж, намайг ахлахаар нь томилсон. Тиймээс бид “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдлийн сангаас 40 сая ам.доллар нь гарсан уу. Эсвэл "Ocean Partners” өөрсдөө гаргаад, давуу эрх эдлэхээр болсон уу гэдгийг хянаж үзнэ. Түүнчлэн “Эрсдлийн сан” нь хувь хүмүүсийн хулгайлсан мөнгийг төлөх үүрэгтэй, дүрэм журамтай сан байна уу гэдгийг нягтална. Ажлын хэсгээс "Ocean Partners”-ийн гэрээг хянаж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Ойрын өдрүүдэд “Эрдэнэт” үйлдвэр дээр очиж ажиллах юм.
2006 ОНООС ХОЙШ Ш.БАТХҮҮГИЙН ТАРЬСАН БАЛАГТ ОРОЛЦСООР ИРСЭН "OCEAN PARTNERS”-ИЙГ Х.БАДАМСҮРЭН ЯАГААД ЗУУЧЛАГЧААР СОНГОВ

Хардаж байгаачлан, "Ocean Partners” компани нь Ш.Батхүүг анхлан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас зээл авахад зуучлалаар оролцож байсан. “Эрдэнэт” үйлдвэртэй бүр эртнээс холбоотой байсан компани аж. Тэгвэл яагаад ийм асуудалтай компанийг өнөөгийн “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн дахин зуучлалаар оруулав гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн “Стандарт” банктай хэлэлцээр хийхээр хоёр удаа очсон хэдий ч түүнийг тоож уулзаагүй гэх мэдээллийг улс төрийнхэн өгдөг. Гэсэн хэдий ч Ш.Батхүүд “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээл авахад нь туслаж байсан түүхтэй, трейпер компанийг зуучлалд татах оруулах болсон шалтгаан нь юу байв. "Ocean Partners” компани яг ямар учиртай байгууллага вэ гэх асуулт хариултгүй хэвээр байна.
Бид "Ocean Partners” компанийн талаар юу мэдэх вэ. Компанийн хувьцаа эзэмшигчээр нь АНУ-д амьдардаг, Монголд ирж очиж ажилладаг Д.Мөнхбаяр гэдэг иргэн байдаг гэх мэдээлэл анхаарал татдаг.
Д.Мөнхбаяр нь улс төрийн хүрээнд танил ихтэй, тэднээр дамжуулан “Эрдэнэт” үйлдвэртэй трейдерийн гэрээ байгуулдаг гэх мэдээлэл байгаа юм.

Эхэндээ АНУ-д бүртгэлтэй байсан бол Англи руу компаниа шилжүүлсэн гэх. “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ-д зардаг трейдер компаниудын нэг юм. “Эрдэнэт” үйлдвэр 2006 оны гуравдугаар сард тодорхой зорилгогүйгээр 30 сая ам.долларыг хоёр хуваан зээлж, түүнийгээ шууд Ш.Батхүүгийн “Жаст” группт шилжүүлсэн байдаг. Уг төлбөрийг "Ocean Partners” компани зэсийн баяжмалын мөнгөөр төлж барагдуулсан түүхтэй байдаг аж.
Тэгэхээр "Ocean Partners” компани нь бүүр 2006 оноос хойш хөвөрсөн Ш.Батхүүгийн тарьсан балагт их бага хэмжээгээр оролцсоор ирсэн. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ч мэддэг байжээ.
Ж.МЯДАГБАДАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.