НИЙГЭМ

ТОДРУУЛГА: Сүргээсээ салсан нэг эхийн хоёр тахь нутгаасаа 120 км холджээ

Говийн их дархан цаазат газрын “Б” хэсэгт сэргээн нутагшуулж буй тахийн сүргээс хоёр тахь салж байршил нутгаасаа энэ оны зургаадугаар сарын 30-ны өдөр бүрэн гарч Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээллийн дагуу бид Говийн их дархан цаазат газрын дээд хэсгийн хамгаалалтын захиргааны дарга О.Ганбаатартай холбогдон тодруулга авлаа.

-ИРГЭДЭД ТАХИЙГ СОНИРХОХ, ЗУРАГ АВАХ ЗЭРЭГ БАЙДЛААР ҮРГЭЭЖ ЦОЧООХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛСАН-

-Хоёр тахь сүргээсээ салсан гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан байна. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Хоёр настай байц болон нэг настай даага эгч дүү тахь сүргээсээ салсан байна. Үндсэн нутгаасаа салж, Хөвчийн нурууг даван Говь-Алтай аймгийн Цээл сумын нутагт байна гэсэн мэдээлэл байна. Ерөнхийдөө нутгаасаа 120 гаруй километр холдсон гэсэн үг юм. Хайгуулын ажил амжилттай, иргэдээс мэдээлэл ирж байгаа бөгөөд хэрхэн сүрэгт нь буцаан нийлүүлэх тухай хараахан шийдээгүй байна. Түүнчлэн жолоочид, зорчигчид, малчид, иргэдэд уг хоёр тахийг сонирхох, зураг авах зэрэг байдлаар үргээж цочоохгүй байхыг анхааруулсан.

-Сүргээсээ холдсон тохиолдолд ямар нэгэн сөрөг нөлөө бий юу? Одоо байгаа газар нь үндсэн нутгаас нь хэр их ялгаатай вэ?

-Гол нь сүрэгтэйгээ байж тоо толгойгоо нэмэгдүүлэх нь чухал. Сүүлд үзэгдсэн газрын тухай судалж үзэхэд үндсэн нутгаас нь нэг их ялгаагүй үржил шил, бэлчээр сайтай газар байсан. Сүүлд их бороо ороод өвс ногоо сайн ургасан байсан.

-ЗАЛУУ АЗАРГАНУУД БУЛААЦАЛДСАНААС БОЛЖ БАЙЦ СҮРГЭЭСЭЭ САЛСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ-

-Хамгийн сүүлд хэзээ сураг сонссон бэ?

-Ерөнхийдөө зургаадугаар сарын эхээр өөрийн газар нутагт байсан гэх мэдээлэл бий. Харин сүүлд зургаадугаар сарын 30-ны өдөр Хөвчийн нурууг Хулсын чиглэлээр давж Бор булгаар дайран Говь-Алтай аймгийн Цээл сумын нутаг Таян нуурын уурхайн засмал зам орчимд үзэгдсэн гэх мэдээлэл ирсэн.

-Сүргээсээ салсанд ямар нэг шалтгаан бий юу?

-Хавар үндсэн буюу аавынхаа байдаг сүргээсээ салж хоёр өөр сүрэг болгосон. Үүний дараа эхийнхээ байсан сүргээс мөн хуваагдаж өөр сүрэгт орсон юм. Миний бодлоор шинэ орсон сүрэгт нь бага залуу азарганууд байцыг нь булаацалдсан байх. Үүнээс болж сүргээсээ салаад явахад дүү даага нь дагасан байж магадгүй. Айсан, зугтсан ийм байцыг “салхитсан” байц гэж ардууд ярьдаг.

-ӨМНӨ НЬ ҮҮНТЭЙ АДИЛ ХОЁР ТОХИОЛДОЛ ГАРЧ БАЙСАН-

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Энэ удаагийнх гурав дахь тохиолдол нь юм. Өмнө нь 2003 онд үүнтэй төстэй  тохиолдол гарч байсан. Дараагийнх нь 2005 онд нэг байц сүргээсээ салсан байсан.

-Хүмүүс тэр бүр мэддэггүй. Тахийн бусад төрлүүдээсээ ялгарах зүйл нь юу вэ?

-Тахь бол бие даасан адууны зүйл. Мөн бүрэн устаад буцааж нутагшуулсан гэдгээрээ онцлог амьтан юм. Монголын байгальд 1960-аад оны үед хамгийн сүүлд үзэгдсэн байдаг. Үүнээс хойш дэлхийн амьтны парк, хүрээлэн гэх мэт газруудаар явж 1990 онд Монголдоо тахийг буцаан нутагшуулж эхэлсэн. Хулангаас арай том биетэй, адууг бодвол босоо чихтэй, хул хонгор зүстэй амьтан. Одоогоор 700 гаруй тоо толгой тахь Монголд бий. Үүнээс Хустайд 360, Завхан аймгийн Төгөлдөр суманд 80, манай хариуцсан хэсэгт 270 гаруй тоо толгой тахь байдаг.

-Тахь байгаа чиглэлд зорчиж буй иргэдэд хандан анхааруулах зүйл бий юу?

-Засмал зам, далантай өндөрлөг газарт байна гэж сонссон. Их ачаатай том машинаас айж үргэхгүй байна гэсэн мэдээлэлтэй байна. Иймд жолоочид шөнийн цагаар болгоомжтой явж, тухайн тахийг харсан даруйдаа 98068929 дугаарт харсан байршлаа мессэжээр мэдээллэхийг уриалж байна.

Ийнхүү сүргээсээ салсан нэг эхтэй хоёр тахийг нутагт нь буцаах ямар нэгэн шийдэл олдоогүй байгаа ч тэдний байгаа газрын ойр зорчиж буй иргэдэд болгоомжтой байхыг санууллаа. Түүнчлэн “тахийг харсан даруйдаа холбогдох харьяа газрын албаны улсуудад яаралтай мэдээлэл дамжуулна уу” хэмээн ГИДЦГ-ын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаанаас мэдэгдсэн байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button