НИЙГЭМ

Г.Ёндон: Багануур, Шивээ-Овоогийн уурхайд зардал хэмнэх боломж их байна

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

“Шивээ-Овоо” ХК нийт 20 машин, техниктэй ажиллахаар төлөвлөсөн ч, одоогоор хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг 10-14 машин гүйцэтгэж байна. Техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, олон жилийн насжилт ихтэйгээс хөрс хуулалтын ажил хоцрогдолтой явж байгаа аж. Мөн 1 тонн нүүрсний үнийг жилийн өмнөөс 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон бөгөөд тонн тутамд 3,843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомсдол хүлээж буйг “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхтүвшин хэллээ. Иймээс нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж байж техникийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэв. Тус уурхайн олон жилийн турш хуримтлагдсан нийт өр төлбөр нийт 120 тэрбум төгрөгт хүрсэн учраас юуны түрүүнд нүүрсний өртөг үнийн зөрүүг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг учирлалаа. Зардал бууруулах чиглэлд уурхайн зүгээс COVID-19 цар тахалтай холбоотой цалингийн санг хэмнэж,  цахилгааны чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан ид оргил ачаалалтай цагт цэвэрлэгээ үйлчилгээ засварын ажлыг хийсэн байна.

Салбарын сайдын зүгээс нийт өр төлбөрийг шийдвэрлэхийн тулд уурхайн удирдлагууд санаачилгатай, шинэ гарц хайж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. “Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар. Шивээ-Овоогийн уурхайн хувьд машин техникийн эд анги, техник хэрэгслээ хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай”-г сануулж, 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо.  Мөн удирдлагуудын танилцуулсан санал болох вагон ачилтын төмөр замыг 5.7 км сунгаж  нүүрс ачилтын талбай, складыг шинээр байгуулж өртөг зардал бууруулах судалгааг хийж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн яамнаас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тус бүр 20 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болсон. Тус зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. “Шивээ Овоо” ХК-ийн хувьд Амгалангийн ДЦС-ын өргөтгөлтэй холбоотойгоор 2021 оноос нүүрс олборлолт жилд 300 мян.тонноор нэмэгдэх тооцоолол гарсан. Тиймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж, өр төлбөр буурах боломжтой гэв. Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button