НИЙГЭМ

Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайд өнгөрсөн амралтын өдрүүдэд ажиллалаа. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

 “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьдаа оржээ. Бэлтгэл ажил хугацаандаа дуусч, өртгөө бууруулан, хэмнэлтийн горимд ажиллахаар зорьж энэ хүрээнд эрчим хүч, эд анги сэргээн засварлах болон ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд уурхайн техник технологийг боломжийн хэрээр үе шаттайгаар шинэчилж байгаа ч, үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дууссан учраас техникүүдийг сэлбэж шинэчлэн, зардал бууруулах шаардлагатайг ярьж байна. Үүний тулд мөн л нүүрсний үнийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилт болох 25 тэрбум төгрөгийг төсвийн зээлээр шийдэж өгөхийг холбогдох яамдаас хүсчээ. Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн.

“Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй.  Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн Засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой”-г Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд зөвлөж, мөн л зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жил бүр анхаарч ажилладаг байна.  Энэ хүрээнд ус шүүрүүлэх байгууламжийг шилжүүлэх, шинэ байгууламжтай болгох, дэд станц нүүлгэх, мөн нүүрсний чанарыг барих зэрэгт анхаарч ажиллаж буйгаа Газрын захирал Б.Элбэгзаяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон. Техникийн шинэчлэлийг хоёр үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хөрс болон нүүрс тээврийн автосамосвал, экскаватор, 2 гинжит бульдозер, засвар үйлчилгээний машин зэргийг авахаар төлөвлөж, тендэр зарлагдаад байгаа аж.

Эх сурвалж: Эрдэнэс Монгол

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button