НИЙГЭМСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Н.Цолмонбаяр: Хѳвсгѳл нуурын эргээс ѳдѳрт 6-8 портер хог гардаг

Амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотой гэр бүл найз нөхдөөрөө байгалийн сайхныг үзэхээр Хөвсгөл нуурыг зорьдог. Энэ жилийн тухайд үер устай байсан хэдий ч өмнөх жилүүдийн адил гадаад дотоодын жуулчдын хөлд дарагдсан хэвээр л байна. Амрагч, аялагчид амарч, зугаалахдаа далайн эрэг хөвөө болон, ойролцоох ойд их хэмжээний хог хаягдал үүсгэдэг. Аялагчдын дотор өөрсдийн тарьсан хогоо цэвэрлэлгүй байгаль орчноо бохирдуулах тохиолдол ч их бий. Уг асуудлаар Хөвсгөл аймгийн байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч Н.Цолмонбаяртай холбогдож дараах тодруулгыг авлаа.

-Байгаль хамгаалагчдад цагийн хуваарь гэж байхгүй-

-Сайн байна уу? Хөвсгөл далайд баяр наадмын үеэр хэр олон амрагч очсон бэ?

-Сайн байна уу? Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд олон хоногоор амардаг болохоор Жанхай болон Хатгалыг зорих жуулчдын тоо буурдаггүй. Өмнөх жилүүдэд 100 орчим мянган хүн ирдэг байсан бол энэ наадмын үеэр бороо их орсноос усны түвшин нэмэгдэж, гол ус үерлэсэн учраас урьд жилүүдтэй харьцуулахад бага хүн ирсэн. Гэхдээ одоо ч олны хөл тасраагүй байна. Ирсэн жуулчдад бид цэвэрхэн, зөв аялаж хэвшсэн эсэхэд хяналт тавин ажилладаг.

-Хөвсгөл далайн эрэг орчимд хэдэн байгаль хамгаалагч ажиллаж байна вэ? Ямар цагийн хуваарьтай ажилладаг вэ?

-Нуурыг тойроод нийт 414 км талбайг 25 байгаль хамгаалагч хариуцан ажилладаг. Харин “Хатгал”, “Жанхай” орчимд зургаан хамгаалагч албан үүргээ гүйцэтгэж байна. Байгаль хамгаалагчдад цагийн хуваарь гэж байхгүй. Цагт баригддаггүй, өдөржин шөнөжин ажилладаг.

-Аялагч амрагч нар ихэвчлэн ямар зөрчил гаргадаг вэ?

-Буудаллах ёсгүй газраа буудалладаг. Амрагчдад зориулсан тусгай отоглох цэг байдаг. Гэвч отоглох цэг бага учраас олны хөлөөс дайжсан хүмүүс зөвшөөрөгдөөгүй газар байрлах тохиолдол гарна. Эзгүй зэлүүд газар буудалласан аялагч, жуулчид өөрсдийн тарьсан, их хэмжээний хогоо цэвэрлэхгүй үлдээгээд явдаг. Мөн далайн эрэг рүү машинтай шахаж зогсдог байсан бид сайжруулсан зам, нуурын эргийн хооронд намхан шон зоож, зарим газар машины зогсоол хийсэн нь их үр өгөөжтэй байга. Харин мод хугалах, тайрах зэрэг зөрчлүүд бага байдаг.

-Хог хаягдал хэр их гардаг вэ?

-Өдөрт 6-8 портер хог гардаг. Ихэнх хувийг ахуйн хог хаягдал эзэлдэг бол цөөхөн хэсгийг аюултай хог хаягдал буюу ахуйн газны сав зэрэг байдаг. Хуванцар болон гялгар уут хамгийн их хувийг эзэлдэг. Энэ нь байгальд маш хортой шүү дээ.

-Хогны асуудлыг шийдвэрлэх тал дээр орон нутгаас дэмжлэг үзүүлдэг үү?

-Хатгал дээр пост байрлуулан нуурыг зорин ирж байгаа гадаад дотоодын жуулчдад хогны уут өгдөг. Гэхдээ бидний тарааж байгаа гялгар уут хуультайгаа зөрчилдөж байгаа.

-Ийм их хог хаягдлыг зөвхөн байгаль хамгаалагчид цэвэрлэдэг үү?

-Байгаль хамгаалагчидтай “Хоёр нарны хооронд”, “Мон 9183” гэх ТББ-ууд хамтран цэвэрлэдэг. БОАЖЯ-тай хамтран ажиллаж байгаа төсөл хөтөлбөрийн хүрээнд эдгээр ТББ-ууд хогийг цэвэрлээд ачуулдаг. Богино хугацаанд их хэмжээний хог хаягдал үүсэх шалгаан нөхцөл нь олон хүний төвлөрөл болоод жуулчны баазуудтай холбоотой.

-Үйл ажиллагаа явуулах зөвшөрөлтэй 117 жуулчны бааз байдаг-

-Хэдэн жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг вэ? Бүгд зөвшөөрөлтэй үйл ажилагаа явуулдаг болов уу?

-Хатгалаас Жанхайд илүү олон жуулчны бааз бий. Яг зөвшөөрөлтэй 117 бааз байдгаас талаас илүү хувь нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Мөн Хатгал тосгоны иргэд хашаандаа хүмүүс хүлээж авах тохиолдол байна.

-Жуулчны баазууд цэвэр усаа Хөвсгөл нуураас шууд авдаг. Бохироо хэрхэн шийдвэрлэдэг вэ?

-Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазууд бүгд бохироо соруулдаг ариун цэврийн байгууламж хэрэглэдэг. Бохир дүүрсэн үед соруулах машин ирж соруулаад Арбулаг сумын чигт  10-аад километрийн зайтай аваачиж асгадаг. Иргэд хашаандаа жорлон ашигладаг.

-Аялагчид ихээр ирсэн үед жуулчны баазууд гэлтгүй хувийн майхантай амрах тохиолдол байдаг. Тэгвэл нуурын эргээс хагийн ойрдоо хэдэн метрийн зайтай байрлах ёстой вэ?

-200 метрээс хойш барилга байшин барих зөвшөөрөлтэй байдаг. Энэ журмын дагуу бид хяналт тавьж ажилладаг.

-Хөвсгөл нуурыг зорин ирж байгаа гадаад дотоодын жуулчдад  хандаж хэлэх үг байна уу?

-Гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайхныг үзэж, амрах зорилгоор гадаад дотоодын маш олон хүмүүс ирдэг. Тэр хүмүүстээ хэлэхэд байгаль эх дэлхийгээ хайрлаарай. Ядахдаа уусан ундааныхаа савыг зориулалтын газар хаяж хэвшээсэй гэж хүсэж байна. Мөн майхан сав зэрэг овор ихтэй зүйлсийг авч аялаад болоод байгаа юм чинь био жорлонг хэрэглэдэг байгаасай гэж бодож байна” хэмээв.

Манай улсын аялал жуулчлалын томоохон бүс болсон Хөвсгөл нуурын бохирдол, хамгаалалтын асуудал болоод жуулчны баазуудын үйл ажиллагааны өнөөдөр ийм түвшинд байгаа аж. Үндэсний их баяр наадмын үеэр жуулчдын хөлд дарагдсаар энгийн үеэс ачаалал  дахин ихэсдэг гэнэ. Цэвэр усны 70 гаруй хувийг эзэлдэг Хөвсгөл далайн асуудлыг хууль тогтоох хүмүүст найдаад үлдэх бус иргэн нэг бүр хичээж, эх дэлхийгээ хайрлах хэрэгтэйй байна.

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button