Монгол Улс шийдвэр гаргах төвшний эмэгтэйчүүдийн оролцоогоор 193 орноос 121-т жагсдаг

Манай улсын 3.3 сая хүний 1.6 сая буюу 50.8 хувь нь эмэгтэйчүүд. УИХ-ын 2020 оны сонгуульд 13 эмэгтэй гишүүн сонгогдсон нь өмнөх жилүүдээс хамгийн их суудал авсан жил болов. 2019 оны байдлаар Засгийн газрын яамд, агентлаг, нийслэл, аймаг дүүргийн газар хэлтсийн дарга нарын 40 хүртэлх хувь нь эмэгтэйчүүд байна.
Монгол Улс 2018 оны байдлаар жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр дэлхийн 144 орноос 58 дугаарт эрэмбэлэгдэж байна. Жендэрийн тэгш бус байдлын индексээр 160 орноос 65 дугаарт, шийдвэр гаргах төвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоогоор дэлхийн 193 орноос 121-т жагсдаг.
Тиймээс манай улсад жендэрийн тэгш байдлыг хангах, олон улсын өмнө хүлээсэн үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБХХ-өөс БНСУ-ын КОЙКА байгууллагатай хамтран дөрвөн жилийн хугацаатай төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж.
Энэ сарын 21-нийг хүртэл УИХ, Засгийн газрын яамд, агентлаг, ТББ, хэвлэл мэдээллийн холбогдох албан тушаалтнуудтай уулзан санал солилцож төслийн баримт бичгийг эцэслэн боловсруулах аж. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-ын КОЙКА байгууллага, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр болон Жендэрийн үндэсний хорооны төлөөллүүдтэй уулзлаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Охид, эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд оролцоог нь нэмэгдүүлэхээс илүүтэй хандлагаа өөрчилж гэр бүлийн, нийгмийн оролцоонд идэвхтэй байхаас эхлээд бүх шатанд оролцоог нь нэмэгдүүлэх нь чухал. Зөвхөн шийдвэр гаргах төвшинд очиж байж сая улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах бус өөрийн гэр бүл, найз нөхдийн хүрээллээс эхлээд оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг ойлгуулах нөлөөллийн ажлыг урт хугацаанд үе шаттай зохион байгуулах нь илүү үр дүнтэй” гэлээ.
Эх сурвалж: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.