Сурвалжилга, Нийтлэл

Байгаль эх ЗАДГАЙ МӨНГӨНД баярладаггүй

-ХҮСЛИЙН ХАДАНД ТАВЬСАН МӨНГӨН ДЭВСГЭРТҮҮД САЛХИНД ХИЙСЧ ДАЛАЙД ХОГ БОЛНО-

Сүүлийн жилүүдэд хөдөө орон нутгаар аялж буй иргэдийн дунд зорих хамгийн “сонгодог” газар нь Хөвсгөл далай болсон. Тэр дундаа далайн дунд байрлах “Хүслийн хад” хэмээх газрыг завиар зоригсдын тоо өдрөөс өдөрт өссөөр буй. Чин сэтгэлээсээ хүслээ дотроо мөрөөдөн залбирч мөргөхөд л хангалттай байхад дийлэнх иргэд талх, будаа, чихэр, сүү өргөж, овооны эргэн тойронд дүүрэн задгай мөнгө өрсөн байх аж. Үнэхээр сүсэглэдэг учраас ийм үйлдэл хийдэг юм аа гэхэд хүслийн хад “амилж” босч ирээд задгай мөнгөнүүдээ түүн шинэ жилээр бэлэг худалдан авч явуулахгүй мэдээж. Будааг бол шувуу ирээд идчихнэ. Харин элдэв цаастай чихэр, задгай мөнгө нь жаахан салхилхад эргээд далайдаа хог болон шингэх юм. Хүмүүсийн энэхүү хүслээ биелүүлэх гэсэн “аминч” үзэл нь зарим аялагчид болон нутгийн иргэдийн дургүйцлыг хүргэн, тэднийг шүүмжилсэн нийтлэлүүд зурагтайгаа цахим орчинд тархаж эхэлжээ.

-ХҮСЛИЙН ХАД ҮНЭХЭЭР ХҮСЭЛ БИЕЛҮҮЛДЭГ ҮҮ ?-

Зарим хүмүүс байгаль хамгаалагчид хариуцлага тооцох гэж оролдох үед эсэргүүцэн “би эх орондоо байна” хэмээн хээв нэг хэлчихээд үл ойшоосон хэд хэдэн тохиолдлууд гарчээ. Мөн иргэдийн дунд “Хүслийн хад”-ны тухай жуулчдыг татах, завь түрээслэгчдийн орлого нэмэгдүүлэх санаагаар "хүслийн” гэх тодотголтой болсон гэх яриа дэгдээд буй. Учир нь хэдхэн жилийн өмнөөс л ийнхүү нэрлэгдэн хүмүүсийн дунд алдартай болжээ. Үүний уршгаар зөв боловсон сүсэглэлгүй байгаль дэлхийдээ хор хөнөөл хүргэж байна. Түүнчлэн уулын модонд хадаг уяж орхиод явна. Жил ирэх тусам ургаж буй модны хадаг чангарч дахин мод ургах аргагүйд хүргэдэг.

-БАЙГАЛИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫГ ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА-

Байгалийг хохироож буй явдал ганц хүслийн хадаар ч зогсохгүй Увс аймгийн Хяргас нуур, Элсэн тасархай, Тайхар чулуу гэх мэт олон газар гарч байна. Тухайлбал, Хяргас нуурын сүүн цагаан хад ялгадсаар дүүрчээ. Уг нь хэдхэн метр алхахад боловсон шахуу ноль байрлах аж. Мөн Тайхар чулуу элдэв нэр, он сар бичсэн будгаар алаглажээ. Байгалийн дурсгалт газруудыг иймэрхүү байдлаар “үнэгүйтүүлэх” явдал олширчээ.

-АСУУДЛААС ГАРАХ ГАРЦ БИЙ-

Энэ бол шийдвэрлэх бүрэн боломжтой асуудал юм. Тухайлбал,

-Хүслийн хаданд задгай мөнгө хийдэг зориулалтын сав, хорго байрлуулж хүмүүст цаастай чихэр, талх зэрэг зүйлсийг тавьж болохгүй гэсэн санамж бичиж анхааруулах шаардлагатай

-Аливаа байгалийн дурсгалт газруудад будгаар нэр бичих, зураг зурах зэрэг зүй бус үйлдэл гаргасан тохиолдолд өндөр торгууль ноогдуулах

-Зориулалтын отоглох цэгийг гаргаж, отоглож буй иргэдэд хог хийх уут түгээх

-Тодорхой зай тогтоож бие засах газар барих зэрэг ажлуудыг холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна. Түүнчлэн аялж буй иргэд байгалиа бохирдуулах бус цэвэрлэж, зөв боловсон зорчиж хэвшвэл зохино. Байгаль дэлхийгээ хайрлаж цэвэрхэн соёлтой аялж, овоогоо зөв тахин шүтвэл ирээдүйд үлдэх үр хойчид маань ч хэрэгтэй санагдана.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button