Нийгмийн

Хичээл эхлэн, түгжрэл ихсэхээр давхацдаг ЗАМ ЗАСВАРЫН ГАЧЛАН

Улаанбаатар хотын удирдлага нийслэлчүүд биднийг үнэхээр экстрим амьдруулж чадаж байна. Бүр огтхон ч уйдаахгүйгээр, байсхийгээд шинэ, шинэ адал явдал тохиолдуулна. Яг л цахим тоглоомын үеүд ахих тусам давахад хүндэрдэг шиг. Гэхдээ Хотын удирдлагын гэнэтийн бэлгүүд улаанбаатарчууд бидэнд сюрприз болохоосоо илүү стресс нэмэх нь олонтаа. Иргэдээ яаж ингэж адал явдлаар дүүрэн амьдруулж байгааг нь гадаадын орнууд суралцаасай. Ёстой нэг ажилгүй, санаачлагагүй шүү дээ. За, тэр ч яах вэ. Хотын удирдлагаа магтах гэсэн чинь нэг л явуургүй болоод явчихлаа. Гол зүйл рүүгээ оръё.

Зунжингаа борооны усанд шалбиулж, машинаа усан онгоцоор солих шахсан биднийг есөн сар шинэ сорилттой угтлаа. Тэр нь жилийн жилд улаанбаатарчуудыг залхаан, хотын удирдлагын “шүдний өвчин” болдог замын түгжрэл. Үнэхээр зам ачааллаа дийлэхгүй түгжирвэл “За яах вэ” гээд ойлгох сон. Гэтэл зунжингаа хөлөө жийн, зүгээр суусан Хотын удирдлага, замын компаниуд яг анаж байгаад хичээл, сургууль эхлэн, түгжрэлийн оргил үе болонгут зам засаж эхэлдэг нь даанч гачлантай. Зам засаж байна гээд угаасаа ачааллаа дийлэхгүй байгаа замын нэг эгнээг нь хаачихна. Юу болох нь тодорхой. Машин нь явж байгаа эсэх нь мэдэгдэхгүй шахам сажилсаар ямартай ч харих нь харьж байгаа. Гэхдээ замын түгжрэл биднийг үнэхээр их бухимдуулж, хамаг цаг, нарыг үрж байгаа нь үнэн. Үрэх үрэхдээ дэндүү гамгүй үрж байгаа.

Улаанбаатарчууд замын түгжрээнд ажлаа зохицуулаад сурчихсан улс. Гэтэл өнөөгийн түгжрээнд ажлаа яаж ч зохицуулах гэж хичээгээд ёстой бүтэхгүй нь. Өмнө нь 20 минут явдаг байсан газар одоо бүхэл бүтэн хоёр цаг яваад очиж чадахгүй байгаа болохоор яалтай ч билээ дээ. С.Жавхлан гавьяатын хэлснээр ёстой ингэж түгжирч яваа нь нийслэлчүүд бидний тавилан юм даа. Тэглээ гээд урагшгүй төрийн горыг иргэд бид ингэж амсах учиргүй. Түгжрээд явах нь бидний тавилан юм бол түгжрээг арилгах нь харьяа яам, Хотын удирдлагын тавилан. Хотын түгжрээг арилгахгүй юм гэхэд сургууль, цэцэрлэг орж, замын түгжрээ ид гаарахаар зэрэгцээд зам засаж байна гэж түмэн ажил ундраадгаа болиосой. Төсөв, мөнгийг нь хэзээ баталснаас шалтгаалаад хаана, хаанаа зовлон байдаг л байх. Тэглээ гээд зуны гурван сард, хичээл, сургууль орохоос өмнө замаа засчихаж болмоор сон. Зам хаан, бөөн дуулиан болсоор замын түгжрэл гэж юу байдгийг, иргэдийн амьдралаас хол тасархай тэдэнд ерөөс сэтгэл л дутаад байна.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2021-07-14 06:19

ЗАМ засвараа эхлүүлээч. Орбит, найрамд�##� чиглэлийн зам там болоод удлаа. МЕТРО ярихаас цаашгүй хотын удирлага замд анхаарлаа хандуулаач.

Холбоотой мэдээ

Back to top button