СПОРТ

Р.Пүрэвдагва: Хөлний бэртлээ өрсөлдөгчөөсөө ч нуусаар өдий хүрсэн

Өнөө жил улсын наадамд үзүүрлэсэн улсын аварга Н.Батсуурь, шөвгөрсөн улсын арслан Р.Пүрэвдагва нар өөрөөс нь допинг илэрснийг хүлээн зөвшөөрч, монгол түмнээсээ уучлалт гуйсан. 

Тэрбээр хэвлэлд ярилцлага өгөхдөө “2011 онд Бөхийн өргөөнд барилдаж байгаад хөлөө бэртээсэн юм. Түүнээс хойш олон жил хөлний бэртэлтэй явж байна. Боолттой, гадуур нь төмрөн өвдгөвчтэй олон жил барилдсан. Нэг үгээр хэлбэл чиг барьж боогоод барилддаг байлаа шүү дээ. Сүүлийн жилүүдэд бэртэл бүр хүндэрч хоёр хөл өвддөг боллоо. Эрүүл хөл хэт их ачаалал авахаар бас өвддөг юм байна. Хоёр хөлөндөө өвдгөвчтэй улсын наадамд барилдаж байсныг харсан байх. Орноосоо ч босож чадахгүй байсан үе надад олон бий. Өвдөлт нь жилээс жилд нэмэгдэж байна. Өрсөлдөж, барилдаж буй хүмүүстээ сул болон давуу байдал бий болгохгүйн тулд бэртэл, гэмтлээ их нууж ирсэн. 

Хөлний маань чагтан холбоос бэртэж, тасрах хүртэл аюултай болсон байна гэдэг. Аль болох хагалгаа хийлгэлгүй эдгээхээр уламжлалт эмчилгээ хийлгэж байлаа. Аргалах гэж их үзсэн. Сүүлдээ бүр барахаа байсныг миний амжилт буурч эхэлснээс харж болно. Сайн барилдаж, амжилт гаргаж чадахгүй болсон гол шалтгаан хөлтэй минь холбоотой. 

Би шинжилгээнийхээ хариуг үгүйсгэж, мэлзэхгүй. Үнэхээр санамсар, болгоомжгүйгээсээ болж ийм алдаа гаргалаа. Над шиг мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж дахин өөр бөх алдах вий гэж сэрэмжлүүлж байна. Миний буруу. Би санамсар болгоомжгүйгээс болоод алдаа гаргажээ. Монголынхоо ард түмнээс хүлцэл өчиж байна. Уучлалт гуйгаад л болоо юу гэж хүмүүс намайг шүүмжилж байна. Гэхдээ үнэнээ хэлэх шиг сайхан зүйл үгүй” гэжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button