НИЙГЭМ

Олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчид оюуны өмчийг хамгаална

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар оюуны өмчийг хамгаалах, оюуны өмчийн мэдлэг мэдээллийг түгээх, зохиогчийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Монголын Олон Суваг дамжуулагчдын холбоо/ОСДХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх,  Олон суваг дамжуулагчдын холбооны тэргүүн Ж.Золбат нар гарын үсэг зурав.

-ОЛОН СУВАГ ДАМЖУУЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧИД ОЮУНЫ ӨМЧИЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ТЕЛЕВИЗИЙН ЭФИРИЙГ ДАМЖУУЛАХГҮЙ-

Энэ үеэр Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх Олон суваг дамжуулагчдын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгуулж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Хамтран ажиллах бичигт гарын үсэг зурснаар өргөн нэвтрүүлгийн телевиз болон сувгийн телевизүүдийн нэвтрүүлж буй контентуудад хяналт тавьж ажиллах юм. Тодруулбал, аливаа нэгэн оюуны өмчийн зөрчил, дутагдал илэрвэл Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу зөрчил гаргасан телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх, үйлчилгээний хөлсийг төлөхгүй байх зэрэг хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах ажээ.  

Д.Бат-Эрдэнэ: Төлөвлөгөөт шалгалт хийхэд 10 телевизээс зөрчил илэрсэн

Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнэ “Санамж бичгийн хүрээнд, Олон суваг дамжуулагчдын холбоо зөрчил гаргаж байгаа телевизүүдийн эфирийг дамжуулахгүй байх үүрэг хүлээж байгаа . Харин Оюуны өмчийн газар Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан тогтоолын дагуу, Оюуны өмчийн байцаагчийн дүгнэлтээр зөрчил гаргаж байгаа телевизүүдийг мэдээлэх үүрэг хүлээж байна.

Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд, Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн зохиогчийн эрхийн зөрчил гаргаж байгаа телевизүүдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, эрхийг нь түдгэлзүүлэх тухай заасан байдаг.

Уг хуулийн хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хорооноос холбогдох тогтоол ч гараад эхэлсэн. Тухайлбал, долдугаар сард Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсээс Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт төлөвлөгөөт шалгалт хийхэд 10 телевиз зөрчилтэй болох нь тогтоогдсон учир үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх тухай Харилцаа холбооны зохицуулах газрын тогтоол гарсан.

Уг тогтоолын дагуу олон суваг дамжуулагчид тухайн зөрчил гаргасан буюу эрх нь түдгэлзсэн телевизийн эфирийг дамжуулахгүй байх арга хэмжээ авах ёстой. Үүнийг түргэвчлэх, харилцан ойлголцох үүднээс өнөөдрийн санамж бичгийг байгуулж байна” хэмээн ярилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button