ДЭЛХИЙ

ОЛОН УЛСАД: Хятадад "Валентины баяр”, Туркэд энгийн л нэг өдөр

Бидний нэрлэж заншсан “Мартын 8” буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна.

Өөрсдийн эрхийн төлөө болоод хүйсийн ялгаварлалын эсрэг дуу хоолойгоо өргөсөн олон сая эмэгтэйчүүдийн тэмцлийн дүнд НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 8-ныг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болгон зарласан. Монголчууд бидний хувьд социалист хөгжлийн он жилүүдээс өнөөг хүртэл эл өдрийг жил тутам тэмдэглэдэг заншилтай болжээ. Харин дэлхийн бусад орнууд Мартын 8-ныг чухам яаж тэмдэглэдэг вэ?  Магад тухайн улс орны онцлог, сэтгэлгээний хэв шинж нэвт шингэсэн байж болох тэдгээр ялгаатай тэмдэглэх заншлуудаас бидэнд суралцах зүйл байгаа ч юм билүү?

ХЯТАД

Хятадууд жил алдалгүй “Мартын 8”- наа тэмдэглэнэ. Гэхдээ “эмэгтэйчүүдийн эрхийг эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралын тавцанд дэмжих” гэсэн үндсэн утга агуулгыг нь бага зэрэг гажуудуулдаг аж. Эл өдөр олон сая хятад эрчүүд хайртай бүсгүйдээ сэтгэлээ нээн илчилдэг агаад, энэ нь Валентины баяраас ялгаагүй уур амьсгалыг бий болгодог гэнэ. Мөн ээжүүдээ баярлуулдаг заншил тогтоод удаан хугацаа өнгөрч байгаа юм байна. Тийнхүү Хятадын “Мартын 8”-наар Валентины баяр, Ээжүүдийн өдөртэй хослоно.

Эл өдөр Хятадад эмэгтэйчүүд хагас ажилладаг. Мөн сонирхуулахад тэд гуравдугаар сарын 7-ныг охидын өдөр болгон тэмдэглэдэг ажээ.

ОРОС

Оросын ажилчин ангийн эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө хамгийн хүчирхэг тэмцэж байсан түүхтэй. Зөвлөлт холбоот улсын үеэс л эл өдрийг өндөр утга агуулга, ач холбогдол бүхий тэмдэглэж ирсэн тэдний хэв маяг зарим талаараа биднийхтэй тун төстэй харагдана.

Энэ өдөр Оросууд бүх нийтээр амарна. Түүнчлэн тэдний хувьд заавал эрчүүд эмэгтэйчүүдээ баярлуулна гэх явцуу ойлголт байдаггүй ажээ. Бүсгүйчүүд ч нэг нэгэндээ баярын мэнд хүргэж, баглаа цэцэг бэлэглэнэ. Орост хамгийн сонгодог Мартын 8-ны бэлэг бол шоколад, цэцэг хоёр. Энэ өдрийг тохиолдуулан олон концерт , урлагийн үзвэрүүд зохиогдоно. Мөн тогтсон хэв маягууд дундаас хамгийн сонирхолтой нь энэ өдөр эрчүүд гэрийн ажил хийн гэртээ өнждөг. 

VCIOM гэх Оросын нийгэм судлалын байгууллагаас гаргасан судалгаагаар: тэдний 16% нь энэ баярыг уламжлал гэж хардаг бол, 15% нь эмэгтэйчүүдээ баярлуулах боломж гэж үздэг гэнэ. Харин 14% нь бүх нийтээр амрах сайхан далим гэж хардаг бол 10% нь бэлэг өгч солилцох төдийгөөр ойлгодог, 7%-ынхны хувьд хамгийн үнэ цэн, утга учиртай баяр, харин 2% орчимд хамаарах хүмүүс энэ баярыг зүгээр л хий мөнгө үрэх шалтгаан гэж үздэг гэжээ.

ЭНЭТХЭГ

Эцгийн эрхт ёс давамгай, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх тохиолдол өдөр бүр гардаг Энэтхэг орны хувьд гуравдугаар сарын найман цэцэг, шоколадаар дүүрэн байх нь цөөн. Харин оронд нь уг тэмдэглэлт өдрийн үндсэн утга учрыг түгээн дэлгэрүүлэх зорилготой телевизийн нэвтрүүлгүүд, олон нийтийн уулзалт, лекц семинарууд жил тутам зохион байгуулагдана. 

Барууны орнуудаас орж ирсэн энэ баярын тухай ойлголт Энэтхэгийн том хотуудад л түгээмэл байдаг гэнэ. Харин жижиг суурин, тосгод саяхнаас л эмэгтэйчүүдийн өдрийг тэмдэглэдэг болж байгаа, зарим бүс нутагт энэ баярын тухай огт мэддэггүй байх нь ч бий хэмээн indianmirror сайт мэдээлжээ. 

Тэд бүсгүйчүүдээ эл өдөр хүндэтгэж, оройн хоолонд урьдаг аж.

ЯПОН

Япончуудын хувьд хүйсийн тэнцвэрт бус байдалтай гэх дүгнэлтийг судалгааны байгууллагууд өгдөг. Энэ өдөр тэд Энэтхэгчүүдийн адил эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, дэмжих тухай хурал, зөвлөгөөнүүдийг зохион байгуулдгаараа онцлогтой юм байна.

2016 онд Японы урлагийн салбарын эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажилд зориулсан хандивын хөрөнгө цуглуулах зорилготой үзэсгэлэн зохиож байсан бол өнгөрсөн жилд Японы их сургуулийн оюутнууд мөн ижил зорилготой үйл ажиллагаа санаачилж байжээ. 

ТУРК

Туркэд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг албан ёсоор тэмдэглэдэггүй. Өнгөрсөн жилд гэхэд Курдын нутаг дэвсгэрт энэ баярыг тохиолдуулан арга хэмжээ зохион байгуулах хүсэлтийг засгийн газарт хүргүүлсэн боловч татгалзсан хариу авч байжээ. 

2017 онд тус улсын нийслэл Истанбул хотод 10 мянган эмэгтэйчүүд эрхийнхөө төлөө жагсаал үйлдсэн. Жагсаалын үеэр эмэгтэйчүүд, “Таиип, Таиип, зугт, зугт , бид очиж явна” хэмээн нэгэн дуугаар хашгирч байсан агаад Таиип гэдэг нь Туркийн улстөрч Таиип Эрдоганыг хэлж байсан нь тэр аж. Учир нь тэрбээр улс орноо эцгийн эрхт ёсонд тулгуурлан удирдах үзэл санааг баримтлагч нэгэн юм байна. 

Тус улсад гуравдугаар сарын наймнаар баяр тэмдэглэнэ гэдэг хэцүү асуудал байсаар иржээ. Сүүлийн жилүүдэд Турк эмэгтэйчүүдийн тэмцэл хурцадсаар байгааг гадны хэвлэлүүд онцолж байна.  

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button