СПОРТ

Даам сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо. Гурав дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Өмнөдэлгэр сумын ИТХ, ЗДТГ, Ерөнхий боловсролын сургуулиуд хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээнд 11 аймаг, нийслэлийн 5 дүүргийн эрэгтэй 115, эмэгтэй 58 даамчин ухаанаа бөгөөд оролцогчдыг цол зэргээр нь ангилбал дэд мастер цолтон 60, I зэрэгтэй тамирчин 26, II зэрэгтэй тамирчин 14, III зэрэгтэй тамирчин 9, зэрэггүй тамирчин 66 байв.

Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эмэгтэй ангилалд спортын I зэргийн тамирчин А.Анужин (Хэнтий, Өмнөдэлгэр) 15 оноогоор түрүүлж, дэд мастер М.Нарантуяа (Өмнөговь, “Ирээдүй” клуб), Л.Надмид (Дорноговь) нар 14 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байранд дэд мастер Ц.Цацрал, У.Номин-Эрдэнэ (хоёул “Ирээдүй” клуб) нар шалгарсан байна.

Эрэгтэй ангилалд эхний гурван байрыг Дорноговь аймгийн тамирчид болох дэд мастер С.Баярдагва, I зэргийн тамирчин Б.Отгонбаяр, дэд мастер О.Хаш-Эрдэнэ нар эзэлсэн. Шагналт IV-V байранд I зэргийн тамирчин Б.Анхбат (Архангай), дэд мастер Ч.Дашпунцаг (Баянхонгор) нар шалгарчээ.

Энэ тэмцээнээс 4 тамирчин спортын мастер, 8 тамирчин дэд мастер цолны болзлыг биелүүлж, 20 тамирчин шинээр спортын зэрэг авах буюу зэргээ ахиулсан байна. Тэмцээний нээлтийн ажиллагааны үеэр орон нутагтаа даамын спортыг хөгжүүлэх үйлсэд гаргасан хүчин зүтгэлийг нь үнэлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дасгалжуулагч Ж.Сугаррагчааг “Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм. Мөн тэмцээнд оролцсон харааны бэрхшээлтэй иргэдээс хамгийн залуу оролцогчдодоо гарын бэлгээ гардуулсан юм.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button