ХУУЛЬ

Үндсэн хууль зөрчсөн гэж цэц дүгнэв

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай  мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс санал авах өдрийн дараах өдөр хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоохоор хуульчилсан нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн Хуралд нэр дэвших хүсэлтэй иргэний хувьд дээрх хугацаанд тухайн орон нутагт байнга оршин суугчаар бүртгүүлж, сонгогдох эрхээ эдлэх боломжгүй болгожээ

Тодруулбал, хууль тогтоогч тус хуулийг батлахдаа түүний хэрэгжих боломж, бусад хуулийн зохицуулалт хоорондын харилцан уялдааг хангаагүйгээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтаар баталгаажсан иргэдийн сонгогдох эрхийг хязгаарласан  байна Үндсэн хуулийн цэц үзээд, Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй. …” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтийг  гаргав.

Харин уг хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчөөгүй байна гэж үзлээ хэмээн Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button