НИЙГЭМ

Т.Батсуурь: Дэлхийд ердөө гуравхан байдаг “Улаан алганы хээ”-г Монгол Алтайн нуруунаас оллоо

Өдгөөгөөс 30 гаруй мянган жилийн өмнө өвөг дээдэс маань амьдарч байсныг илтгэх нотолгоо бүхий “Улаан алганы хээ”-г Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Монгол Алтайн нуруунаас олжээ. Уг олдвор олдсон газар нь Тонхил сумын нутгаас 250 орчим км-ийн зайд байрлах бөгөөд нийт 14 ширхэг улаан зосон алганы хээг олсон байна.

Уг хээ нь дэлхийд ердөө гурав байдаг бөгөөд ийнхүү Монгол улсаас анх удаа олдсон нь энэ аж. Бид уг үйл явдалтай холбоотойгоор Тонхил сумын Соёлын төвийн эрхлэгч Т.Батсуурьтай холбогдож ярилцлаа.

-Юуны өмнө Монголын түүхэн дурсгалт олдвор болох “Улаан алганы хээ”-г илрүүлсэнд баяр хүргэмээр байна. Уг олдворыг хэзээ, хэрхэн олсон бэ?

Өнгөрөгч зун манай нутгийн хэсэг оюутнууд Алтайн нуруу хавиар аялж, ууланд жимс түүж явсан юм билээ. Ингэж явахдаа уг олдворыг олж, утсан дээрээ зураг дарсан байсан. Ийнхүү оюутнуудтайгаа уулзаж, сонин хачин ярьж байхад оюутнууд маань утсаараа дарсан зургаа надад үзүүлсэн.

-Нэгэн цагт судлаач Г.Аким надад “Улаан алганы хээ”-н тухай ярьж байсныг санаад, “Энэ олдвор жинхэнэ үү” гээд зургийг нь явуулсан. Ингээд уг зургаа нягтлах үүднээс Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким гуай болон Соёлын төвийн хамт олонтойгоо хамт тухайн байршил руу явж, зурагжуулаад пэйж хуудас дээрээ нийтэлсэн юм. Өнгөрөгч аравдугаар сарын 30-нд тус соёлын үнэт өвийн судалгааны ажлыг эхлүүлсэн.

-Уг олдвор нь маш ховор гэж сонссон?

-Тийм ээ. Дэлхийд ердөө гурван улсад байдаг гэж нэрт судлаачийн хэлж байхыг сонсож байсан. Франц, Өвөр монгол зэрэг улсуудад байдаг. Монголоос анх удаа илэрсэнд баяртай байна.

-Уг олдворыг цаашид хэрхэх вэ?

-Би нарийн зүйлсийг сайн мэдэхгүй. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Ямар ч гэсэн аймаг, орон нутгийн холбогдох албаны төлөөллүүдтэй холбогдож, соёлын өвөөр бүртгэлжүүлэн, цаашдын хадгалалт, хамгаалалтад анхаарна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button