СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

Гэнэн иргэд ЦАХИМ ОРЧИНД хувийн мэдээллээ алдсаар байна

Дэлхий даяар цахим сүлжээ ашигладаг хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Үүнийг дагаад өдөр тутмын ажлаа интернетийн тусламжтай хийж гүйцэтгэх, хялбархан мэдээлэл авах, хүссэн зүйлсээ зарж, худалдаж авах зэрэг сайн талууд нэмэгдэж байна. Гэвч иргэд хувийн мэдээллээ алдах, хүмүүсийн нэр хүндэд халдах, залилан, гэмт хэрэг үйлдэгдэх зэрэг сөрөг үр дүнгүүд ч илэрсээр буй.

-ИРГЭД FACEAPP АППЛИКЕЙШНД ХУВИЙН МЭДЭЭЛЛЭЭ АЛДАЖ БАЙНА –

Сүүлийн үед фэйсбүүк хэрэглэгчид Faceapp-ийг ашиглаж одоо болон ирээдүйд ямар харагдахаа харьцуулан харж, түүнийгээ цахим орчинд идэвхитэй хуваалцаж байна. Форбес сэтгүүлийн мэдээлснээр 100 гаруй сая хүн энэхүү аппликейшнийг утсандаа суулгасан аж. Уг аппликейшнийг нь дэлхийн 121 улсад хамгийн идэвхтэй ашиглагддаг бөгөөд  App Store-оос хамгийн их татагдсан гэх үзүүлэлттэй байна. Харин тус аппликейшний мэдээллийн санд 150 сая хэрэглэгчийн зураг, нэр, байршлын мэдээлэл цугларсан талаар аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулжээ. Тодруулбал, Faceapp дээр мэдээлэл хийж, хуваалцсан тохиолдолд дээрх мэдээлэл нийтэд ил болох тул аль нэг этгээд  хувь хүний мэдээллийг хэзээ ч, ямар ч зорилгоор ашиглах эрсдэлтэй юм. Түүнчлэн иймэрхүү төрлийн олон сонжоо, тоглоом, аппликейшн бүтээгдсэн бөгөөд ихэнх нь хэрэглэгчдийн мэдээллийг авах зорилготой байсныг илрүүлжээ. Монголд өсвөр насны хүүхдүүдийн дийлэнх хувь нь энэхүү төрөл бүрийн сүлжээний улмаас өөрийн хувийн мэдээллийг бусдад алдах эрсдэлтэй байдаг учраас эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай.

-ЗАРИМ ОНЛАЙН ДЭЛГҮҮРҮҮД ЗАХИАЛАГЧИЙН БАРААГ ХҮРГЭЖ ӨГӨЛГҮЙ МӨНГИЙГ НЬ ЛУЙВАРДДАГ –

Цахим орчинд тархаад буй өөр нэгэн асуудал бол онлайн дэлгүүрүүд юм. Иргэд хүссэн бараагаа худалдаж авахын тулд үнийн дүнгийн тал мөнгийг танихгүй иргэний дансанд хийх шаардлагатай болдог. Зарим онлайн дэлгүүрүүд захиалагчийн барааг хүргэж өгөлгүй луйвардаад өнгөрдөг байна. Иймэрхүү байдлаар хохирсон иргэд нэг хоёроор зогсохгүй. Түүнчлэн өсвөр насны хүүхдүүдийг фэйсбүүкээр чатлан хуурамч зураг ашиглан мэхэлж уулзаад хүчирхийлэх гэмт хэрэг олширчээ. Мөн цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг 2017 онд 362 бүртгэгдсэн бол, өнгөрсөн жил 625 болж нэмэгджээ.

-ЦАХИМ ГЭМТ ХЭРГИЙН ТӨРЛҮҮД БА УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ЗАМУУД-

Цахим гэмт хэрэгт үйлдэгдэж буй гэмт хэргийн төрлүүд болон сэргийлэх арга замуудад:

Identity theft– Хувь хүн, хуулийн этгээдийн мэдээллийг ашиглан залилан мэхлэх, хуурах.

Сэргийлэх арга зам: Шаардлагагүй тохиолдолд өөрийнхөө мэдээллийг бусдад өгөхгүй байх, олон нийтийн сүлжээнд байршуулахгүй байх. /Зураг, регистрийн дугаар, өвчтөний түүх гэх мэт/

Phishing– Цахим хуудасны хандалтыг өөрчилж, хэрэглэгчийг тусгайлан бэлтгэсэн хуурамч цахим хуудас руу хандуулах замаар мэдээлэл хулгайлах.

Сэргийлэх арга зам: Цахим хуудасны хандах нэрийг сайтар нягталж шалгасны дараа цахим хуудас руу хандах.

Кибер хүчирхийлэл– Олон нийтийн сүлжээ, цахим шуудан бусад цахим зам сувгийг ашиглан хувь хүнийг гүтгэх, доромжлох, айлган сүрдүүлэх.

Сэргийлэх арга зам: Олон нийтийн сүлжээнд болон бусад цахим сүлжээнд үл таних этгээдтэй харилцаа тогтоохтой сэрэмжтэй байх, хэт хувийн чанартай мэдээллээ бусдад задлахгүй байх, кибер хүчирхийлэл гэж үзэж буй үедээ хуулийн байгууллагад хандахаас эмээхгүй байх.

Man in the Middle–Хуурамч AP /Access Point/ үүсгэн, түүнд холбогдсон хэрэглэгчийн мэдээллийг замаас хулгайлах.

Сэргийлэх арга зам: Нийтийн болон найдваргүй утасгүй интернетийг ашиглахгүй байх, ашигласан тохиолдолд хувийн мэдээлэл, хандах эрхээ нууцлах.

Ийнхүү иргэд өөрийн болгоомжгүй байдал, хэт хөнгөмсөгөөр найдсаны улмаас гэмт хэргийн золиос юмуу гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button