НИЙГЭМЯрилцлага

Н.Эрдэнэбаатар: Залуус маань аргаа барахдаа “Нууцаар ч болов үс засъя ” гэж байна

Өчигдөр /2020.11.29/-ийн хөл хориог 10 хоног сунгах, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэх Засгийн газрын шийдвэрийг ААН болон хувиараа бизнес эрхлэгчид хэрхэн хүлээж авах вэ? Бид уг асуудлаар “Mini Barber Shop” –ийн үүсгэн байгуулагч, “Монголын барбер үсчдийн холбоо”-ны тэргүүн Н.Эрдэнэбаатараас байр суурийг нь авсан юм.

-НЭГ САРЫН ТУРШ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХГҮЙГЭЭР ХУРИМТЛАЛААРАА АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛАХ НЬ ХҮНД-

-Хөл хорионы өнгөрөгч 19 хоног таны хувьд хэрхэн өнгөрөв?

-Хөл хорио одоогоор амьдралд нөлөөлөхүйц хүнд бол биш байна. Гэхдээ цаашид хөл хорио сунгагдахаар нөхцөл байдал өөрчлөгдөнө. Мэдээж нэг сарын турш хөдөлмөр эрхлэхгүйгээр хуримтлалаараа амьжиргаагаа залгуулах нь хүнд. Миний доор ихэвчлэн залуучууд ажилладаг. 

Яалтачгүй үйл ажиллагаа зогссон учир ажилчдаа цалинжуулж чадахгүй байгаа. Яах вэ ойр зуур хүнс, хэрэглээний багахан мөнгөөр боломжоороо тусалж байгаа ч, удаан хугацаанд бол боломж хомс болж ирнэ. Залуус маань ч гэсэн нууцаар ажиллая гэж хэлж байгаа. Гэвч миний зүгээс төр засгийнхаа шийдвэрийг дагаж хөл хориогоо баримталж байгаа.

-ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭЭС Ч ГЭСЭН “ТАНАЙХ АЖИЛЛАХ УУ”, “ҮС ЗАСААД ӨГӨӨЧ” ГЭХ ХҮСЭЛТ ИХ ИРЖ БАЙНА-

-Үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор өөр хийж, анхаарч буй ажил байгаа юу?

-Хөл хорионы хугацаанд “Монголын барбер үсчдийн холбоо”-ны залууст мэргэшүүлэх сургалтыг цахимаар зааж, сертификат олгох хөтөлбөрийг эхлүүлсэн. Ер нь бол практикаас бусад мэдлэгийг олгох зарчимтай.

Мөн коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионы үед барберуудад олон улсын аюулгүй ажиллагааны дүрмийг заах, хүнд үед ажиллах бэлэн байдлын хичээлийг зааж байна. Ингэснээр хөл хорио тодорхой хэмжээгээр суларч, үйл ажиллагаа эхлэх боломжтой болсон үед манай залуус бэлтгэлтэй байна гэсэн үг юм.

-Хөл хорио цаашид дахин 10 хоног сунгагдахаар боллоо. Үйл ажиллагааг нээхээр яригдаж буй байгууллагын тоонд үсчин орсон байсан?

-Бидний зүгээс ковидын үеийн ажиллах журам гаргаад тодорхой цагийн хувиараар ажиллах зөвшөөрлийг нь өгөөсэй л гэж хүсэх байна. Тэгвэл сургалтынхаа дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр ажиллахад бэлэн.

-ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ҮСЭЭ ЗАСУУЛЪЯ ГЭСЭН 300 ГАРУЙ ХҮНТЭЙ ФЭЙСБҮҮКЭЭР ЧАТАЛСАН БАЙДАГ ЮМ БИЛЭЭ-

-Танайх Толгойтод үйл ажиллагаа явуулаад 19 жил болсон. Энэ хугацаанд үйлчлүүлэгчдээс хэр их хүсэлт ирэв?

-Үйлчлүүлэгчдээс “Танайх ажиллах уу”, “Үс засаад өгөөч” гэх хүсэлт их ирж байна. Өнгөрсөн хугацаанд миний хувьд үсээ засуулъя гэсэн 300 гаруй хүнтэй фэйсбүүкээр чаталсан байдаг юм билээ. Тэр бүрд л “боломжгүй” гэдэг хариуг өгч байна. Ер нь бол гэрээр очоод үс засвал бүр л их эрсдэл дагуулна. Тиймээс яг л засгийнхаа шийдвэрийг дагаж байна.

-САЙН, МУУ БҮХИЙ Л ЦАГТ ХАМТДАА БАЙСААР ИРСЭН УЧИР АЖИЛЧИД МААНЬ ОЙЛГОЖ, ХҮЛЭЭЦТЭЙ ХАНДАЖ БАЙНА-

-Ажилчдын хувьд цалин мөнгөнөөс болж асуудал үүсч байна уу?

-Хөл хорио цаашид сунгагдвал залуусаа тогтооход хүнд болно. Тэд маань аргагүй эрхэнд мөнгө олох боломжтой ажил хийнэ, хайна. Тэгээд яваад өгвөл хохирол амсана. Учир нь ажилчдаа удаан хугацаанд сургаж, мэргэшүүлсний үндсэн дээр ажиллуулдаг. Гэхдээ удаан хугацаанд сайн, муу бүхий л цагт хамтдаа байсаар ирсэн учир ажилчид маань харьцангуй ойлгож, хүлээцтэй хандаж байна.

-Хөл хорионы хугацаанд таны амьдралын хэв маяг хэрхэн өөрчлөгдөв?

-Хөл хорионы сайн тал гэвэл удаан хугацааны дараах сайхан амралт болж ирлээ. Бидний ажил ихэнхдээ цаг хугацаатай уралдаж байдаг учир тайван хооллох, цаашлаад гэрийн хоол идэлгүй их удсан байна. Энэ хугацаанд олон төрлийн монгол хоол хийж сурлаа. Заавал гаднаас хоол худалдаж авах бус өөрөө хоолоо хийж идэх нь эрүүл мэндэд ч тустай гэдгийг мэдрээд байна. Мөн урьд өмнө сонсож байгаагүй дуунуудыг сонсож үзлээ. Гэвч 20 болон түүнээс дээш хугацаагаар амраад ирвэл ажиллах эрч хүч, урам зориг багасаж залхуурах хандлагатай болох байх. Ямарваа зүйлийг 20 болон түүнээс дээш хугацаагаар хийвэл тэр нь зуршил болж үлдэх магадлал өндөр гэдэг шүү дээ.


ӨМНӨХ КОНТЕНТ:

БАЙР СУУРЬ: Тэг зогсолттой тэмцэж буй ААН-үүд түрүүчээсээ элгээрээ мөлхөөд эхэлжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-11-30 14:31

bugd l hetsuu bna zuvhun uschin bish

Зочин
Зочин
2020-11-30 20:20

Хэн засуулах юм бэ эрсдэлд орлоо юу? Бүү тэнэгтээрээ жаахан тэвччих з�##�уусаа

Холбоотой мэдээ

Back to top button