Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖЛАГА: “АСЕМ Вилла” хотхоны бохир усны талаар мэдээлэл өгөхгүй байхыг хатуу анхааруулжээ

Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт орших Вилла хотхоны бохир усыг Туул гол руу нийлүүлж байна гэсэн иргэдийн хардлага цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан манай сайт нөхцөл байдлыг газар дээрээс нь тодрууллаа. 

Иргэдийн мэдээллийн дагуу очиход Туул голруу цутгалттай замын доогуурх ус зайлуулах хоолой болон түүнтэй ойролцоох байгууламжийн эргэн тойронд мөсөн бүрхүүл тогтсон байлаа. Мөсөн бүрхүүлд автсан уг байгууламж “АСЕМ Вилла” хотхоноос зүүн хойш нэг км орчим байрлалтай хоёр ч байгууламж байв. Биднийг очиход тус байгууламжид таваас зургаан ажилчид ирж шалгаж таарсан юм. Ажилчдаас байгууламжийн талаар тодруулга авахыг хүсэхэд хэн ч дуугарсангүй. Сүүлд байгууламж руу орж явсан ажилтнаас лавлахад дотогшоо ороод асуучих хэмээн дагуулж орсон юм. Гэвч хэн ч мэдээлэл өгөхийг хүсээгүй бөгөөд энгийн хувцастай эмэгтэй байгууламжаас гарахыг шаардсан юм. 

-Танай байгууламж ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? “АСЕМ Вилла”-тай холбоотой юу, хэдэн зүйл лавлах гэсэн юм?

-Манайх ямар ч хамаарал байхгүй та эндээс гарна уу.

-Байгууламж болон ус зайлуулах хоолой ямар шалтгаанаар хальж хөлдсөн байх магадлалтай вэ? 

-Байнга урсдаг нэг булаг байдаг юмаа.  “Скей ресорт”-ын дундуур сүлжээд урсаж голруугаа нийлдэг. Өнгөрсөн зун хур бороо ихтэй байсан болохоор хөрсний ус түрээд ингэж хальсан байх. Манай байгууламж доод түвшинд болохоор ингэж мөстсөн. Гэхдээ булаг руу бараг хүн ойртуулахгүй байх. 

-Скей ресортын цас хайлж орж ирсэн байх талтай юу?

-Үгүй ээ. Скей ресорт чинь цасаа цаанаа том хаалтанд байлгадаг байх.  

Бид хоёр байгууламжийн ажилтнаас өөр мэдээлэл авч чадаагүй. Харин булаг байдаг гэх мэдээллийг шалгаж гольфийн талбай руу явсан юм.

-“СКЕЙ РЕСОРТ”-Д БУЛАГ БИШ ХИЙМЭЛ НУУР БАЙДАГ-

Гольфийн талбайд гурван гагнуурчин хашаа гагнаж  байлаа. Гагнуурчдаас булгийн талаар лавлахад:

-Энд булаг байдаг гэж дуулах нь байтугай мэдэхгүй юм. Гольфийн талбайн голд хиймэл нуур л байдаг. Одоо хөлдчихсөн байна

-Энэ хиймэл нуурыг ямар газрын эзэмшил юм бол?

-“Скей ресорт”-ынх гэсэн. 

Бид “АСЕМ Вилла”-ийн эргэн орчимд байх байдалтай танилцаж, ойр орчмын байгууллагуудын ажилчдын мэдээллээс дүгнэж үзэхэд ямартай ч хальсан ус бохир ус биш нь тодорхой байсан юм. Гэвч “АСЕМ Вилла”-ын зүүн хойно байрлах хоёр байгууламж ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй ажилчид нь мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан нь анхаарал татаж байсан юм. 

-АЖИЛЧИД МЭДЭЭЛЭЛ ӨГӨӨГҮЙ НЬ ӨМНӨХ ӨДРИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ ХОЛБООТОЙ-

Гэвч биднийг очсноос хэдэн цагийн дараа GOGO.mn сайтад тухайн газрын сурвалжлага гарсан юм. Тэднээс тодруулахад уржигдар нь телевизийнхэн ирж мэдээ бэлтгэсэн бөгөөд ажилчид буруу мэдээлэл өгсөн магадлалтай учир шинжилгээний хариу гартал мэдээлэл өгөхгүй байх тушаал иржээ. Тухайн хоёр байгууламж нь АСЕМ Вилла-гийн бохир усны станц байсан. Тэдний сурвалжлах багтай хоёр энгийн хувцастай хүн таарсан. Тэдгээр хүмүүс нь УСУГ-ын Хэрэглэгчид үйлчлэх албаны Баянзүрх дүүргийн менежер Отгонтуяа болон тухайн хөлдсөн мөсийг цэвэрлэх үүрэгтэй ажилтан нар байж тэдэнд мэдээлэл өгсөн байжээ. 

АСЕМ Вилла хотхон, Скай ресорт цогцолбор нь “MCS” группийн охин компаниуд. Тус газарт ажиллаж байсан MCS группийн ажилтнаас бохир усны станцыг тойрон яагаад мөс тогтсоныг тодруулахад, “Одоогоор энэ гурван шугам гурвуулаа хөлдсөн. УСУГ-аас өнгөрсөн есдүгээр сард бохир усыг нь хүлээж авахгүй гэж шугам хоолойг тасалсан. Яагаад гэвэл өнгөрсөн зун бороо ус ихтэй байсан тул хөрсний ус хэмжээгээр төвийн бохир усны шугам руу нийлснээс төвийн шугам ачааллаа дийлэхгүйд хүрсэн. Тиймээс АСЕМ Вилла хотхоны бохир усны шугамыг нь тасалсан. Газрын гадаргууд тогтсон мөсийг газрын гүнээс  ундарсан хөрсний ус. Одоо мөснөөс дээж авч мэргэжлийн лабораторид шинжилгээнд өгөх гэж байна. Шинжилгээний дүн гарсны дараа “Скай ресорт” цогцолбороос албан ёсны тайлбар өгнө. Шинжилгээний дүн гарахаас өмнө намайг хэвлэлд ямар нэг мэдээлэл өгөх хэрэггүй гэсэн чиглэл өгсөн” хэмээн мэдээлжээ. 

Харин “АСЕМ Вилла” хотхон УСУГ бохир усны шугамыг нь тасалснаас бохир усны худаг руугаа бохир ус нийлүүлэхгүй хаалт хийж, бохироо соруулж төвийн бохир усны цэг рүү зөөж байгаа. Харин гүний худгаас усаа татан оршин суугчдадаа цэвэр усаар хангаж байгаа ажээ.

 Ж.ДӨЛГӨӨН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Т.ХҮЧИТБААТАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button