Нийгмийн

Монгол бүсгүй толгойн тус газраа нэг удаа буудуулан нас баржээ

БНТУ-ын Истанбул хотын Кулоулу хэмээх дүүрэгт орших Садри Алишъя гудамжны 27-р байранд энэ сарын 8-ны өдөр монгол эмэгтэй буудуулж, амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал,шөнийн 02:30 цагийн орчимд монгол эмэгтэйг хамтран амьдрагч,Турк залуугийн гарт амиа алдсан байна. Тэд байшинд орох явцдаа хоорондоо үл мэдэх шалтгааны улмаас муудалцаж, бүсгүйн толгойн тус газар нэг удаа буудан амь насыг нь хөнөөсөн талаар тус улсын хэвлэлүүд онцолжээ. 

-ХЭРЭГТЭН ӨӨРИЙГӨӨ БУУДСАН БӨГӨӨД ТҮҮНИЙ ЗҮРХ ГУРВАН УДАА ЗОГСЖЭЭ- 

Харин хэрэгтэн цагдаа нарыг ирэхэд амиа хорлох гэж оролдсоны улмаас өөрийгөө хүнд шархдуулсан байжээ. Хэрэгтэн түргэн тусламж авч, эмнэлгийн байгууллагад очоод, зүрх нь гурван ч удаа зогссон бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. 

Тайлбар: Хэргийн газар дээрх зураг

Тухайн үед буу гарахад ойролцоо явсан иргэн цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн байна. Мөн тэр байшинд амьдардаг залуу хэвлэлийнхэнд тухайн цагт гэртээ юм хийж байсан. Гэрийнхэн нь бүгд унтчихсан байсан болохоор өөрөө л мэдсэн. Буун дуу гарахыг сонссон хэмээн ярьжээ. 

Цагдаа нар тухайн дүүргийн хэрэг болсон газартай ойролцоох хяналтын бичлэгийг хянан шалгаж, хэрэг мөрдөлтийн шатанд яваа аж. Харин амиа алдсан монгол эмэгтэйн цогцос шүүх эмнэлгийн байгууллагад байгаа ажээ. Түүнчлэн БНТУ-д галт зэвсэг хадгалах, хэрэглэх эрхийг өөрийн болон гадаад иргэдэд ч чөлөөтэй олгодог байна.

-ХУВЬ ХҮНИЙ НУУЦТАЙ ХОЛБООТОЙ УЧИР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ-

Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газар "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь харамсалтай хэрэг гарсан. Өнөөдөр (2019/03/13) талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Талийгаачийн талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн. Тэгээд ч энэ асуудал бол хувь хүний нууцтай холбоотой зүйл. Энэ утгаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэх тайлбарыг өгсөн юм. 

Түүнчлэн гадна хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа болохоор талийгаачийн цогцсыг хэзээ эх оронд нь авч ирэх тухай мэдээлэл тодорхойгүй байгаа гэдгийг албаныхан онцолсон юм.


БАРИМТ: МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ТУРК УЛСАД МАШ ХҮНД ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТСӨӨР БАЙНА

Бид дээрх хэргийн талаар мэдээлэл цуглуулах явцдаа монгол эмэгтэйчүүд турк улсад маш хүнд хүчирхийлэлд өртсөөр байгаа талаар баримтууд олсон юм. Тухайлбал, Туркт ажиллаад удаагүй байгаа нэгэн эмэгтэй турк залууд хүчирхийлүүлж, хүнд гэмтсэн талаараа нийтэлж, бусад эмэгтэйчүүдэд анхааралтай байхыг зөвлөжээ. Тэрбээр ажлаа тараад харих гэтэл турк залуу утсыг булаан авч өөрийнх нь салсан бүсгүйтэй нэг газар ажилладаг байсан байна хэмээн түүнийг олон цаг зодсон байна.

Энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй мэдээлэх болно.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button