Нийгмийн

ТУРК ИРГЭНД ЗОДУУЛСАН МОНГОЛ ЭМЭГТЭЙ: Надад энэ залууд зодуулж, дарамтлуулсан дөрвөн охин хандсан

Турк улсад энэ сарын 8-нд Монгол бүсгүй бусдын гарт амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Бид уг хэргийн талаар тодорхой мэдээлэл цуглуулах явцдаа монгол эмэгтэйчүүд Турк улсад хүчирхийлэлд байнга өртөж байдгийг мэдсэн юм.Тухайлбал, нэгэн монгол эмэгтэй турк залууд хүчирхийлүүлж, хүнд гэмтсэн талаараа нийтэлж, бусад эмэгтэйчүүдэд анхааралтай байхыг зөвлөжээ.Энэ эмэгтэй ажлаа тараад гэртээ харих замд нь турк залуу утсыг булаан авч, улмаар эмэгтэйг өөрийнхөө нь салсан найз бүсгүйтэй нэг газар ажилладаг байсан байна хэмээн олон цаг зодож доромжилжээ. 


-ЕРДӨӨ САЛСАН БҮСГҮЙТЭЙ НЬ НЭГ ГАЗАР АЖИЛЛАДАГ БАЙСАН ШАЛТГААНААР ЗОДСОН-

Гуч гаруй настай  Юнал Аксой /Ünal Axoy/ гэх Турк залууд  2019 оны хоёрдугаар сарын 5-нд тус улсын цагаар 21 цагийн орчимд зодуулсан байна. Хохирогч эмэгтэйгээс бид тухайн болсон явдлын талаар болон одоогийн нөхцөл байдлын талаар ярилцаж мэдээлэл авлаа. Бүсгүй өөрийн аюулгүй байдал болон хувийн амьдралыг олон нийтэд дэлгэхийг хүсээгүй учир хувийн мэдээллүүдээ өгөхөөс татгалзсан юм.

-Сайн байна уу. Та Турк улсад очоод хэр удаж байна? 

-Хэдэн сар л болж байна.

-Тухайн үед Турк улсын аль хотод ямар үйлдвэрт ажиллаж байсан бэ?

-Цагаан сарын шинийн нэгэнд буюу хоёр дугаар сарын 5-нд Туркийн Окмэйданд орших нэгэн үйлдвэрт анхны өдрөө ажилласан нь тэр байсан юм. 

-Тухайн үед болсон үйл явдлын талаар яривал?

-Ажлын анхны өдрөө илүү цаг ажиллаад 21 цагийн орчимд тарсан. Гарах гэтэл өнөөх Юнал Аксой хэмээх залуу миний утсыг булаан авч, олон цагийн турш зодсон.

-Яагаад гэнэтхэн таныг зодох болов? Та хоёр танилууд байсан уу?

-Тэр үед л анх удаа харсан. Шалтгаан нь ердөө өөрийнх нь болзож байсан монгол бүсгүйтэй нэг газар ажиллаж байсан учраас тэр. Зодож байх хугацаандаа олон дахин удаа тэр бүсгүйг таних уу гэж асууж байсан. Би тэр эмэгтэйг танихгүй гэж үнэнээ л хэлсэн. Азаар тэр үед зугтаж чадсан. Магадгүй хүүхдүүдийн минь заяа түшсэн байх.


-ТЭР ЗАЛУУД ЗОДУУЛЖ, ДАРАМТЛУУЛСАН ДӨРВӨН МОНГОЛ БҮСГҮЙ НАДТАЙ ХОЛБОГДСОН-

-Турк залуу таныг гэрлэе гэж гуйсан хэмээн нийтэлсэн байсан. Энэ талаараа? 

-Тиймээ. Намайг зодсоныхоо дараа манай гэр, утсыг минь мэдчихсэн байсан. Байнга залгана, “Би уурлахаараа ухаанаа алдчихдаг юм аа намайг уучлаарай, чамайг эмнэлэг авч явъя” гэдэг байсан. Гэтэл гэнэтхэн хоёулаа гэрлэе болоод явчихсан. Үнэхээр гайхсан шүү.

-Та энэ залуутай дахиж уулзсан уу?

-Гэртээ сар гаруйн хугацаанд бие хүнд босож ч чадахгүй байсан.Гэнэт валентинийн баяраар манай хаалгыг нэг хүн тогштол тэр залуу байсан. Гэнэтхэн ирчихээд гэрлэе, баяр болж байна гарцгаая гээд хүчээр авч гарсан. Бие муу дээрээс нь ганцаараа байсан хүн чинь дахиад зодчих вий гэсэн дээ яалт  ч үгүй явсан. Цай уучихаад миний бие үнэхээр муу байна, харимаар байна гээд гэртээ ирсэн. Дараа нь чамайг найз болон найз бүсгүйтэй нь уулзуулмаар байна гэж олон дахин гуйсан. Гэтэл дахиад л өдрийн цагаар надаас өөр хүн байхгүй үед хүрээд ирсэн. Мөн л аргагүйн эрхэнд дагаж гарсан. Уулзсан найзынх нь эмэгтэй монгол хүн байсан. Бид хоёрыг хамтад нь огт үлдээгээгүй, тухтай үг сольж чадаагүй. Ингэж л айж эмээхийн эрхэнд хоёр удаа уулзсан. Би хүмүүст сэрэмжлүүлэх зорилгоор нүүр номондоо бичсэн, гэтэл намайг энэ залуутай явалдсан гээд байгаа юм. Үнэхээр тийм юм байхгүй.  

-Одоо ч энэ турк залуу таныг дарамталж, утсаар холбогдож байна уу? 

-Яг дарамталсан юм байхгүй ч миний шинэ хаягийг мэдчихсэн хүнээр шалгуулсан байсан. Би амьдардаг газар утсаа хүртэл сольсон. Фэйсбүүкт нийтлэл оруулсны дараа энэ залууд дарамтлуулж, зодуулж байсан дөрвөн монгол бүсгүй надтай холбогдсон. Ер нь энэ залуу байнга ингэж монгол бүсгүйчүүдийг дарамталдаг юм байна лээ. Мөн олон жил монголд амьдарсан эмэгтэйчүүдтэй холбоотой байдаг гэж сонссон. Би “Надаас хойш өөр хэдэн ч монгол бүсгүй энэ залууд шалтгаангүй зодуулах вий, магадгүй амь насаа алдвал яах юм” гэсэндээ олон нийтэд ил болгож, энэ залууг шүүхэд өгсөн.


-ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ ОЙ РУУ, ЭСВЭЛ ДАЛАЙ РУУ ХҮЧЭЭР АВЧ ЯВЖ ЗОДДОГ-

-Тантай холбогдсон бүсгүйчүүд бас гомдол гаргаж, шүүхэд өгсөн үү?

-Үгүй ээ. Манайхан энд визтэй, визгүй янз бүрийн хүмүүс байдаг. Хэрвээ хууль хяналтын байгууллагад хандвал буцах зардлын мөнгөгүй болно гэж айцгаасан. Зардал их гарна шүү дээ. Хоёр бүсгүй нь энэ залуугаас айгаад монгол руу буцсан. Хоёр нь энд амьдрахын эрхэнд ажиллаж байгаа. Энэ залуу монгол бүсгүйчүүдийг зодчихоод уучлалт гуйгаад, дараа нь гэрлэх санал тавьдаг гэсэн. Харин зөвшөөрөхгүй бол ой руу, эсвэл далай руу хүчээр авч явж зоддог гэсэн.

-Юнал Аксойг шүүхэд өгчихсөн шүүхээс хариу хүлээж байгаа гэлээ. Консулын газраараа дамжуулж гомдол гаргасан уу? Та цагдаагийн байгууллагын хамгаалалтад авсан уу?

-Би өөрөө хандаагүй. Төрийн бус байгууллагаар дамжуулж гомдол гаргасан. Шүүхээс хамгаалалтад орох уу гэхэд нь зөвшөөрсөн. Гэтэл одоо хамгаалалтад авсан юм мэдэгдэхгүй л байна.

-Та Туркт оршин суух зөвшөөрөлтэй?

-Үгүй ээ. Ямар ч байсан энэ залууг дахиж  ийм үйлдэл гаргахааргүй болгож байж санаа амарна. Туркийн хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсэж байгаа.


-ЭНЭ ЗАЛУУГ ӨӨРИЙН БИЕЭР ШИЙТГЭЛ АВАХЫГ ХАРЖ БАЙЖ БУЦНА-

-Таны бэртэл гэмтэл маш их байсан. Бүрэн эдгэрч чадсан уу?

-Бүрэн эдгэж амжаагүй л байна. Ямартай ч энэ залууг өөрийн биеэр шийтгэл авахыг хараад Монгол руугаа буцмаар байна.

-Шүүх цагдаагийн байгууллагаар явахад орчуулагч авахаас эхлээд зардал их гарч байгаа байх. Одоо ажил эрхэлж байгаа юу?

-Төрийн бус байгууллагын монгол эмэгтэй орчуулагч болж байгаа. Одоо ажил хийхгүй байгаа.Нэг зүйлийг хэлэхэд нэг залуугийн жишээгээр бусад Туркуудыг битгий дүгнээсэй гэмээр байна. Олон сайхан сэтгэлтэй сайн Турк хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст маш их баярлаж байна. Хүний нутагт гараа сунгах олон хүмүүс байгаад баярлалаа.

-Шүүхэд өргөдөл өгсний дараа нөгөө залуугаас сураг ажиг байна уу?

-Юнал Аксой фэйсбүүк группууд болон лалын хэвлэлүүдэд миний талаар худал мэдээлэл өгч явна гэж сонссон. Ер нь турк дэх монголчуудын группт хуурамч хаягаар их шургалсан. Монгол бүсгүйчүүдийг тэндээс хайж, залилах дарамтлах ажлаа хийдэг гэж сонссон. Уржигдар манай нэг найз энэ залуугийн худал мэдээлэл нь монголын нийгмийн сүлжээнд орчуулагдаад ороод ирчихсэн явна гээд зургийг нь илгээсэн.


-КОНСУЛЫН ГАЗАР ИРГЭДЭЭ ТООДОГГҮЙ, ХАРЬЦАА МУУТАЙ-

-Эх орон руугаа буцахыг хүсэж байна уу?

-Энэ хүнийг хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал чухал байна. Хэл сайн мэдэхгүй болохоор хэцүү юм. Энэ даваа гарагт өргөдөл өгсөн ч, ямар нэг хариу ирээгүй байна. Энд байдаг хуульч эмэгтэй холбогдож туслана гэсэн. Гэхдээ тэр хүнийг консулын газарт мэдээлэхэд бид тэр эмэгтэйтэй холбогдсон, визний асуудлыг шийдсэн гэж худал зүйл ярьсан байна лээ. Тэр эмэгтэй надад ингэж хэлэхэд нь гайхсан. Дараа нь тэр эгч хэрэг удаан байна гэхэд нь одоо та бидэнд тэр бүсгүйн мэдээллийг өгөөч гээд миний дугаарыг авсан гэсэн. Гэвч нэг ч удаа залгаагүй. Төрийн бус байгууллагын монгол эмэгтэй ярьсан.

-Ер манай консулын газар хэр ажилладаг гэж бодож байна?

-Мэдэхгүй юм даа. Өмнө нь олон хүмүүс хандаж тусламж гуйж холбогдоход анхаарч ажиллаагүй гэж дуулсан. Ер нь сүүлдээ эмэгтэйчүүдийн баяраар монгол бүсгүй амиа алдчихаад байхад миний энэ зодуулсан хэрэг тэдэнд тийм ч сонин биш юм байна гэж бодогдоод айдас төрж эхэлсэн.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа?

-Тэгэлгүй яахав. Та бүхэн миний өгсөн мэдээллийг үнэн зөв, гуйвуулалгүй мэдээлж өгөөрэй. Энд миний ярьсан ярилцлага орчуулагдах байлгүй. Баярлалаа.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button