Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖЛАГА: Холбоочдын цэргийн ангид зочилсон нэг өдөр

Монгол улсын орчин цагийн Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсны 98 жилийн ойн өдөр “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан УИХ гишүүн асан Рамшаагийн Гаваагийн нэрэмжит “Алтан гадас”  Зэвсэгт хүчний 013-р ангийг сурвалжиллаа.

Зэвсэгт хүчний 013 дугаар анги буюу холбооны тусгай хороо нь түүхт 90 жилтэйгээ золгож буй  зэвсэгт хүчний ууган ангийн нэг юмаа. Тус анги нь БхЯ, ЗХШж-аас өгөгдсөн өгөгдсөн үндсэн үүргээ биелүүлэхийн зэрэгцээ нэмэлт үүргээр Монгол улсын засгийн газрын тогтоолын дагуу жилд хоёр удаа (хавар, намар)  Монгол улын хэмжээний цэрэг халах татах цэргийн төв дамжингийн үйл ажиллагаа, үндэсний их баяр наадмын хурдан моритны уралдааны гараа барианы шүүгчийн үүргийг гүйцэтгэдэг хугацаат цэргийн албан хаагчидтай ангиудын нэг билээ.

Биднийг Зэвсэгт хүчний 013 дугаар ангид зочлох үед ангийн бие бүрэлдэхүүн ахмад дайчидаа хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээ, урлагийн тоглолт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулж байлаа. Ойрын өдрүүүдэд энэ ангийн хамт олон хөл хөдөлгөөн ихтэй нь дээр хөөр баясалаар дүүрэн байв. Бидний ангийн захирагч хурандаа С.Пүрэвдоржийн үүрэгдэж өгсөн хошуучийн хамт цэргүүдийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцсанаар ажил эхэллээ.  


ҮҮХ ТҮҮХИЙН ЭХЛЭЛЭЭС УЛБААЛААД ӨНӨӨ ҮЕИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛСОН ТАНХИМУУД

Хөтөч хийх хошууч Ө.Баярбадрах нь  Батальоны захирагч бөгөөд сэргэлэн, яриа хөөрөө сайтай нэгэн байсан юм. Тэрбээр ангитай танилцах ажлыг үүх түүхийг өгүүлэх газраас эхэлсэн нь зүйтэй биз хэмээн Говь-Алтай айгийн Шарга сумын харъяат БНМАУ-ын Баатар Магсарын Жанчивын нэрэмжит “Алдрын танхим” руу хөтөллөө. 

“Алдрын танхим” нь Батлан Хамгаалах Яамны сайдын тушаалаар Халх голын 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын Баатар М.Жанчивын мөнхжүүлсэн салбар луу хөтөллөө.  Хоёр тасалгаа бүхий уг танхимд, амралтын өрөө болон түүхийг хуудсыг эргүүлэх тоног төхөөрөмж, эд зүйлс, гавъяа шагналууд өрөөстэй байна. 

Тус анги амралт, соёлын өрөөнүүддээ өндөр ач холбогдол өгч тусгайлан анхаарч зассан нь илт байна. Хошууч Ө.Баярбадрах  “Ажлын таван өдөрт цэргийн өдрийн төлөвлөгөөт цагийн хуваарийн дагуу хичээллэж, бэлтгэл сургуулилтаа хийдэг. Харин амралтын өдөр болон амралтын цагаар цэргүүд амралт соёл болон спортын танхимд цагаа өнгөрүүлэх боломжтой. Зарим албан тушаалтангууд эдгээр ажилд тусгай анхаарч ажилласныг хэлж байв. Мөн тус анги нь 2018 оны есдүгээр сараас эхлэн нэг жилийн хугацаанд 90 жилийн ойг тохиолуудсан 90 ажлыг гүйцэтгэж байгааг онцолсон юм.  


Байлдагч О.МӨНХЗОЛБОО: Тамирчин болох хүслээ гүйцээсний дараа ямар эр хүн болж байгаагаа мэдэх хүсэлдээ хөтлөгдөн цэрэгт ирсэн

Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотоос ирсэн байлдагч О.Мөнхзолбоотой ярилцлаа. Тэрбээр 20 настай бөгөөд 2018 оны хоёрдугаар ээлжээр татагдсан шинэ цэрэг. Хугацаат цэргийн албанд татагдахаас өмнө ҮБТДС-д суралцдаг байсан бөгөөд таэквондогоор хичээллэдэг юм байна. Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцон аваргалж чадсан тэрбээр өөрийн хүсэлдээ хөтлөгдөн эр цэргийн албанд татагджээ.

-Нэгдүгээр курсийн оюутан залуус хугацаат цэргийн алба бус “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр цэргийн жинхэнэ албыг хаах боломжтой. Гэтэл өөрийн хүсэлтээр нэг жилийн албыг хааж байгаа чиний хувьд байлдагч байх ямаршуухан байна?

-Оюутны дэлхийн аварга болчихоод  эр цэргийн албыг хаана гэж бодсоор байлдагч болсон. Яагаад гэхээр “Тамирчин” болох ямар бол? Ямархуу тамирчин болох болох вэ гэж боддог байлаа. Харин Оюутны Дэлхийн аварга гэдэг эрхэм цолыг хүртээд одоо өөрийгөө хэр эр хүн болохыг мэдмээр санагдаад хугацаат албанд ирсэн минь энэ. Энд цэрэгт ирээд өмнөх өөрийгөө мөн ч их голлоо. Эр хүн, тамирчин хүнд байх чанаруудыг олж авч байна. Бас их азтай байлаа. Хоёр жил тутамд болдог армийн гардан тулааны тэмцээнд оролцож хүрэл медаль авсан. Холимог тулааны төрөлд хөл тавина гэж зорьж явсан зорилгынхоо эхлэлийг тавьж чадсан. Мөн Зэвсэгт хүчний 013 дугаар ангийн маань түүхт 90 жилийн ойн баяр тохиож олон сайхан ажлуудыг нүдээр харж байна. 

-Армийн аваргад ахлагч, офицеруудтай мөр зэрэгцэж тулалдана гэдэг том амжилт шүү. Хэдэн кг-ийн жинд тулалдав?

-Миний 65 кг жинд 40 гаруй тамирчид байсан. Амжилттай оролцож медаль авсан байлдагч нарт “Тамирчин байлдагч” медаль гардуулсан. 084-р ангийнхан армийн гардан тулааны төрөлд тасралтгүй түрүүлж байгаа анги юм байна лээ. Цаашид тэдний ангийнхан шиг гардан тулаанд мундаг армийн тамирчин болно гэж бодож байна. 


ЦЭРЭГТ ИРЭЭД СУРАХ ЮМ МАШ ИХ, БОДОХ ЗҮЙЛ Ч ИХ БОЛДОГ

-Өөрийгөө их голлоо гэлээ. Яагаад?

-Тийм ч сайн тамирчин байгаагүй гэж өөрийгөө дүгнэсэн. Ард байхдаа өглөө босоход хүртэл хэцүү байлаа, одоо тэс өөр. Мөн тамирчин хүнд байж болох эрхэм чанаруудыг харж, сурч авсан. Ганц жишээ дурдахад, хоолтой жин хасах, хоолгүй жин хасахын ялгааг маш сайн мэддэг болсон. Бусаддаа зөвлөхөд жин хасахдаа хоолоо цагаар идэж, дасгал сургуулилтаар , хоолыг цаг тухайд нь идэхэд ямар ч ядралтгүй, бас өмнөх хоолгүй хасаж байснаас хэд дахин илүү жин хаяж чадсандаа. Цэрэгт ирээд сурах юм маш их, бодох зүйл ч их болдог. 

-Хугацаат цэргийнхэн ямар нэг тэмцээн уралдаан оролцоод амжилт үзүүлэхэд орон нутгийн чөлөө өгдөг шүү дээ. Чиний хувьд авсан л биздээ. Чөлөөгөө хэрхэн эдлэв?

-Цэрэгт ирснийх цэргийн цагаан сарыг ямар байдгийг үнэхээр үзэхийг хүсэж байлаа. Гэвч тэмцээнд оролцсны дараа орон нутгийн буюу арав хоногийн чөлөө өгөхөд ээж минь сар шинээр ээждээ туслаад гэртээ ирээч гэхээр нь чөлөөгөө авсан. Чөлөөгөөр гарч байгаа байлдагчид цэргийн хувцастай гадуур явж болдоггүй байтал манай удирдлагууд баяраар чөлөө өгсөн цэргүүддээ одон медалиа зүүгээд цэрэг хувцасаа өмсөөд сайхан шинэлчихээд ир гэж чөлөө өгсөнд үнэхээр их баярласан шүү.


ЦЭРЭГТ БАЯР ТЭМДЭГЛЭНЭ ГЭДЭГ ҮНЭХЭЭР СОНИН СОДОН

-Ер нь цэрэгт байх үеийн баярууд ямар санагдав?

-Би шинэхэн цэрэг л дээ, гэхдээ хоёр том баярыг тэмдэглэхэд үнэхээр сонин содон байлаа. Шинэ жилийг өмнө нь найзуудтайгаа угтдаг байтал анх удаа унтаж байгаад он гаргаж үзлээ. /инээв/ Мөн тавь шахам хүмүүс томоос тос ширээнд олуулаа суух чинь бөөн дурсамж байсан шүү.

Харин олон улсын эмэгтэйчүүдийн баяр үнэхээр сонирхолтой маш гоё болсон. Манай эмэгтэй албан хаагчид ёслолын хувцасаа өмсчихсөн маш олон эрчүүд удаан гэгч нь алга ташаад бүсгүйчүүдээ алхуулна сүртэй нь дээр үзэсгэлэнтэй.  Цэрэгт ирээд найз охиндоо их хайнга ханддаг байснаа мэдээд их харамссан. Одоо долоо хоног бүр уулзаж байгаа ч гэсэн сардаа нэг удаад заавал захидал илгээж байгаа. Дөрвөн мөрт бичих гэж байгаад хорин мөртийг тэрэлчихсэн гээд л бодчих. /ичингүйрэв/

        Хайрт Дэлгэрмөрөндөө хайртай шүү

Хайрт хөөрхөн чамайгаа санаж

Хайр халамжаа дутааснаа бодож

Хэзээ ч холдохгүй мэт санаж

Хэцүү үгээр гомдоосноо бодож

Айлын жаахан охиныг санаж

Авч сууна гэж амласнаа бодож

Атгын чинээ аашийг чинь санаж

Аз жаргалтай хамт амьдрахаа бодож

Цэрэг амьдралд дасан суралцаж

Цэргийн ангиас чам руу тэмүүлж

Цаг хугацаа тоолон хүлээж

Цагийн уртад чамайгаа л санана

Хал цэргүүд хажууд инээлдэнэ

Харуулд зогсож хааяа ширтэнэ

Харуулын байранд уулзалт ирэхэд

Харц ширтэн хайртыгаа хүлээнэ. 

2019 оны 2-р сар О.Мөнхзолбоо

-Ханиад хүрчихэж ээ. Эмч нар нь хэр байна?

-Сайн шүү. Энд ирээд хараад байхад цэргийн эмч хийх хэцүү ажил байхаа. Хоногийн 24 цагийн хэдийд ч хамаагүй дуудагдаж харагдсан. 

-Нэмж хэлэх зүйл байна уу?

-Миний үеийнхэн ингэж өвдлөө тэгж өвдлөө гээд их явдаг болсон. Бас утаснаас холдоно гэдэг том асуудал болоод байх шиг. Цэрэгт л яваарай. Энд ирээд адаглаад нойр харамлалгүй сэрж сурна. Аливаа зүйлд залхуурахгүй, гүйж харайж бэлтгэл сургуулилт хийж “бааш” гээч том дайснаас сална. Эрэгтэй хүн болж төрснийх бүгд цэргийн алба хаагаарай. Олон жил амьдрах юм чинь ганцхан жилийг энэ сайхан зүйлс, дурсамжийг олж авч, өөртөө хадгалаарай гэж захимаар байна. 


ХУГАЦААТ ЦЭРГҮҮДЭД ЦАЛИНТАЙ АЛБА ХААХААС ЭХЛЭЭД ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БОЛОХ БҮРЭН БОЛОМЖ БИЙ

Цэргүүд өдрийн хоолны дараа өдрийн төлөвлөгөөт ажлын дагуу цэргийн байлдааны тактик,  холбоочдын сургалт зэрэг танхимын хичээлд суралцдаг бөгөөд зарим нь спорт зааланд цагийг өнгөрөөж байв. Тус ангид байх холбоочдын тоног төхөөрөмжүүд туйлын хуучирсан, орчин цагийн технологоос хоцорсон нь илт байв. Удирдлагуудын хэлж байгаагаар тэд орчин цагийн технологийг ангийн бие бүрэлдэхүүнд шууд нэвтрүүлж чадахгүй ч түүхийн хуудсын дагуу технологийг шинэчлэх ажлыг төлөвлөж байгаа гэв. Гэвч одоогийн тоног төхөөрөмжөөр бид байлдагч нартаа тодорхой хэмжээний мэдлэг олгоход хангалттай. Хугацаат цэргийн байлдагчид цэргийн албанаас халагдаад шилэн кабель холбох, үүрэн телефоны оператор компануудын бага мэргэжлийн технологич хийх бүрэн боломжтой. Эсвэл ангийн бие бүрэлдэхүүнд үлдэж  “Цэргийн гэрээт цэрэг” болох цаашлаад офицер, ахлагч болох хаалга бүрэн нээгддэг аж. Мөн хугацаат цэргүүд улсын бүтээн байгуулалтын ажилд оролцож ажилчдын адил цалин хөлс авдаг. Одоогоор “Халх гол” сумын бүтээн байгуулалтад 80 орчим цэрэг илгээсэн хэдхэн хоногийн дараа дахин цэргүүд илгээж бүтээн байгуулалтад гар бие оролцох болжээ. 


ДЭД ТҮРҮҮЧ О.ХУВЬТӨГӨЛДӨР: Өглөө ямар ч төвөггүй босож долоон цагийг хүлээдэг болчихдог 

Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас 2018 оны эхний ээлжээр татагдан ирсэн салаан даргын орлогч дэд түрүүч О.Хувьтөгөлдөртэй ярилцлаа. Түүний хувьд хугацаат цэргийн алба хаахаас өмнө ихэд яриа нэгэн байсан ч найзууд маань уулзаад намайг дуу муутай болчихсон байна гэж хэлсэн хэмээн инээсээр ярьж байсан юм. 

-Цэрэгт байх хугацаанд нь үлдсэн нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Хал цэргүүд халагдах өдрийн өмнөх өдөр нь бүгдээрээ сууж байгаад цэрэгт үлдээсэн сайн муухай бүх дурсамжаа эргэн санан инээлдэж байх тэр өдөр минь үнэхээр сайхан байсан. Удахгүй би ч бас халагдахын өмнө тийм өдөр дахин тохиож сүүлийн оройн тоогоо хийж, магадгүй өөр хэн нэгэнд нандин дурсамж болох байх.

-Зэвсэгт хүчний өдөр тутмын ажлын хамгийн гоё хэсэг нь юу вэ?

-Өдөр бүр хугацаат цэргийн албан хаагчид өглөө оройн нэгдэлт хийж төрийн далбаагаа мандуулж, төрийн дуу дуулах мөч л хамгийн сайхан хэсэг нь. Өглөө ямар ч төвөггүй босож долоон цагийг хүлээдэг болчихдог. 


ЗАХНЫ ДААВУУ ХАДАХАД БИДНИЙГ УРАМШУУЛЖ ЖИЖИГХЭН ТЭМЦЭЭН ЗОХИОДОГ

-Байлдагч бүр тулгардаг асуудлын нэг бол захны даавуу хадах гэж боддог чиний хувьд хэр байв?

-Олон удаа хуруугаа хатгасан, гэхдээ гурав хоноод зүгширчихдэг юм байна лээ. Захны даавуу хадах чинь хурдан байхдаа гол нь биш жигд зөв хадах нь чухал. Тийм болохоор ч тэр үү эсвэл биднийг хөгжөөх ч гэдэг үү дарга нар маань бидний дунд багахан хэмжээний тэмцээн зохиодог.  

-Чиний хувьд хэр оролцож байв?

-Хамгийн хурдан нь гурван минутад хадаж орлогч нараа ялж, цэвэрлэгээнээс чөлөөлөгдөж байлаа. Гэхдээ байнга чөлөөлөгдөөд байх муухай. Харин оронд нь он жавуудтайгаа шалаа лаагаар тосдож, зүлгэнгээ инээлдэж хөхрөөд юм яриад хийх нь цагаа илүү үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа юм шиг санагддаг.

-Гэр бүл найз нөхөдөө санадаг уу?

-Шинэхэн цэрэг байхдаа санадаг байсан. Тангарагын баяр өнгөрчихөөр л дасчихдаг юм байна лээ. Чөлөөгөөр гарсан ч гэртээ хариад хийх юмгүй уйдаад, өглөө хүртэл эрт сэрчихээд байсан.  Ер нь манай он жавууд олон хоногоор чөлөөнд гарлаа гэхэд гурав дөрөвхөн хоноод буцаад ирдэг. Хийх юм олдохгүй нь, цэргийн амьдралд дасчихдаг юм байна лээ. Цэргээс халагдаад цэргийн гэрээт болж ангидаа үлдэнэ, цаашлаад ахлагчийн сургуульд орно гэж төлөвлөөд байгаа.

-Маш гоё дуулдаг. Гэгээн алсын одод, Уяачид дуулж байна гэх мэт тэмцээнүүдэд түрүүлж байсан дуучин гэсэн. Ер нь энэ авъяас нь цэргийн өдөр тутмын амьдрал хэр нөлөөлж байна? 

-Анх ирэхэд зарим нь таньж байсан. Аажмаар бид чинь зовлон жаргалаа хуваалцаад ямар ялгаагүй болчихдог. Ямар ч нөлөө байгаагүй ээ. Харин чөлөөгөөр гараад найзуудтайгаа уулзахад дуу муутай болчихож гэж гайхаад л. Дээрээс нь цэрэгт бүгд зэрэг алхаад сурчихсан чинь найзууд зөрж алхах доороо гүйж байгаад л зэрэгцээд явсан. Үнэхээр инээдтэй. 


АМЬДРАЛДАА ГАНЦ УДАА ТОХИОХ ЦЭРГИЙН ХОРОМ МӨЧ БҮРЭЭСЭЭ БИТГИЙ ХУМСЛААЧ

-Ангийн удирдлагууд та нартай уулзалдаж ярилцдаг уу?

-Уулздаг заримдаа хичээл орно. Мөн баярын үеэр манайхан их чөлөө хүсдэг. Саяхан ангийн захирагч энэ тал дээр бидэнтэй уулзалт хийж яриа өрнүүлсэн. Тэрнээс хойш ер нь анги хамт олон, он жавуудаасаа холдмооргүй санагдсан шүү.  

-Ямар...?

-Жишээ нь нэг хүн дунджаар 70 насаллаа гэж бодоход чи ганц л удаа эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлж цэрэгт явна. Ердөө ганцхан удаа. Тэр жилийн бүх л өдөр бүх зүйл ганц удаа тохиох учир энэ эрхэм өдрүүдээсээ битгий хумслаач. Далан жилийн 69 жилийг гэр бүл найз нөхөдтэйгээ өнгөрүүлнэ. Энэ бол маш нандин дурсамж. Халагдаад өмнөх шиг ээ баяр наадам бүрээр найз нөхөд гэр бүлтэйгээ байна шүү дээ гэж хэлсэн нь бид бүхний сэтгэл зүрхэнд тогтож чадсан. Гэртээ хариад ирсэн мэт сэтгэгдэл төрсөн дөө.

-Өөр нэмж хэлэх зүйл байна уу?

-Зэвсэг хүчнийхэн болон Монгол улсын бүх ард түмэндээ Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг хүргье. Мөн эр цэргийн албыг нас залуу байгаа дээрээ заавал хаагаарай. Хөгширвөл өөрт чинь хэцүү байхдаа. /Инээв/


БАЯРЫН НУЛИМС ГАЙХАЖ ЦОЧИРДСОН ДҮРИЙГ МӨНХӨЛСӨН БАЙЛДАГЧИД

“Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойн өдөр дөхсөнтэй зэрэгцэн анги хөл хөдөлгөөн хөөр баясалаас дүүрсэн байв. Тиймдээ ч бидний сурвалжлага ахмад ажилчдыг хүлээж авах өдөртэй таарч, ангийн төлөвлөгөөт ажлууд хэвийн өдрийнхөөс өөрөөр явагдаж байлаа. Өнгөрсөн лхагва гарагт (03/13-нд) гэхэд тус анги нь Мобиком компанитай хамтран “Хайрыг түгээе” үйл ажиллагаа зохион байгуулж 20 орчим цэрэгт гэнэтийн бэлэг барьж, ангийг сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа. Холоос татагдаж ирсэн, гэр бүлийнхэнтэйгээ уулзаагүй удсан 20 байлдагчийн эцэг эхтэй нууцаар холбогдон, гэнэтийн бэлгийг барьжээ. Гэр бүл нь хоцорч ирж гэнэтийн бэлгээ авч чадаагүй гурван байлдагч байсан ч тэднийг 72 цагийн чөлөөгөөр шагнан гэр бүлийнхэнтэй нь уулзуулжээ.  Ангийн удирдлагууд болон байлдагч нарын хэлж байгаагаар тэдгээр байлдагчдын зарим нь баярын нулимс унагааж байхад бусад байлдагчид тун гайхаж, цочирдсон байдалтайгаар өөрсдийн дүрс бичлэгийг мөнхөлсөн хэмээв. Мөн монголчууд бидний маш сайн мэдэх “Тусгай салаа” олон ангит уран сайхны кино болон хэд хэдэн цэргийн реалити шоу 013-р ангид болж байсан билээ. 


О.БАЯРБАДРАХ: ЭРХ ТАНХИ, ХҮҮХДҮҮД ЦЭРГИЙН АЛБАНД ИРЭЭД ИЛҮҮ УЧРАА ОЛЖ, АМЖИЛТТАЙ ЯВДАГ

Хөл хөдөлгөөн ихтэй, бүгд завгүй үед бидэнд яриа өгч цэргийн амьдралын талаар ярилцах цэргийн албан хаагчаар хөтөч болсон Зэвсэгт хүчний 013-р ангийн батальоны захирагч хошууч О.Баярбадрахыг тулган яриулсан юм. Түүний хувьд өдөр тутамд цэрэг болон удирдлагуудтай харьцдаг нэгэн. Өдөр тутмын ажил алба, цэргүүдийн дунд сайн орж чаддаг мэт санагдав.

-Хугацаат цэргийн албанд янз бүрийн ааштай залуус ирдэг хэрхэн аргыг нь олж харьцаж байна?

-Айл айлын эрх танхи, янз бүрийн л хүүхдүүд ирнэ. Ер нь хараад байхад эрх хүүхдүүд цэргийн албанд ирээд илүү учраа олж, амжилттай явдаг гэж хардаг шүү. Зарим тохиолдолд комьпютер тоглоомоос холдуулах гэж ирсэн хүүхэд ч маш амжилттай явж байсан.

-Ер цэрэгт явсан залуус амьдрал дээр гараад ямаршуухан амьдардаг гэж боддог вэ?

-Миний мэдэх залууст муу явсан хүн бараг байхгүй шүү. Офицер болж ирсэн анхны жил минь цэрэг болж ирсэн залуу одоо яг надтай адил явна. Одоо 089-р ангид хошууч цолтой алба хашиж байгаа н.Үүрцайх гэх залуу бий.  


“ТУЯА ТОО” ХИЙХ МӨЧ ЭР ЦЭРГИЙН ХУВЬД ХАМГИЙН САЙХАН МӨЧ

-Цэргийн албанд байхын хамгийн сайхан мөч таны хувьд?

-Хугацаат цэргийн албан хаагчийн хувьд эр цэргийн тангараг өргөх үе. Харин албан хаагч бидний хувьд “Туяа тоо” хийх мөч хамгийн бахархалтай үе. 

-“Туяа тоо”-г тайлбарлаач?

-Дайны үед бол үргэлж туяа тоолдог. Учир нь тухайн цэргийг нэрээр нь дуудаж би эсэн мэнд эх орондоо зүтгэж байгаагаа илтгэдэг юм. Харин энх тайван цаг бол бид баярын үеүүдээр “Туяа тоо” хийдэг. Өөрийнхөө нэрийг дуудаж эх орондоо зүтгэж байгаагаа дурсгах сайхан мөч.


АНГИ ХАМТ ОЛОНДОО ЗОРИУЛЖ ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ӨВРИЙН ГАРЫН АВАЛГА БЭЛТГЭСЭН

Анги удирлагууд нь албан хаагчид болон хугацаат цэргийнхэнтэйгээ уулзаж яриа хийх, хуулийн талаар зөвлөгөө өгч гарын авлага, өврийн дэвтэр хүртэл хийж өгсөн байхыг О.Мөнхзолбоо байлдагчийн захиа гаргаж ирсэн дэвтэрээс харж мэдсэн юм. Иймд ангийн штабын дарга хурандаа О.Заяатаас лавлахад тэрбээр албан хаагчид болон цэргүүдэд бүгдэнд нь зориулж энгийн өдөр тутамд уншиж санах байх эрхэм үүргийг бэлтгэж өгсөн. Ямарваа нэгэн байдлаар хуулийн мэдлэг, бидэнд хэрэг болдог. Бид чинь эрх үүргээ мэдэх эрхтэй хүмүүс хэмээн ярьж байлаа. Мөн тэд ангийн албан хаагч болон хугацаат цэргийн албаныханд зориулж жолооны сургалт явуулж, ажлаа хийнгээ, албаа хаах явцдаа жолооч болох давуу талыг олгохыг зорьдог аж.


ХОЛБООЧДЫН ХУВЬД ХОЛБОО ТОГТООХ НЬ ХООЛ ИДЭХЭЭС Ч ЧУХАЛД ТАВИГДДАГ ЗҮЙЛ

Ангийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж байгаа гэв. Тодорхой хугацаанд тухайн ажлуудаас аль нэгийг сонгож хийгээгүй тохиолдолд заавал тулган хийлгэх, үр бүтээлтэй байх тал дээр анхаарчээ. Мөн ангийн түүхт 90 жилийг өгүүлэх ном эхлүүлсэн бөгөөд холбоочдын арвин их үүх түүхийг бичиж үлдээж байгаадаа баярлаж байсан юм. 

-Холбоо барихгүй бол хоол идэхгүй бичигдээгүй дүрмийнхээ талаар яриач?

-Холбоочид бидний хувьд дайны цагт холбоо тогтоох нь хоол идэхээс ч чухал ажил байсан. Энх тайван болсон үед хэвээр байгаа. Тухайлбал бид 1991 оноос хойш тасралтгүй хурдан морины уралдаанд гараа барианд холбоочдын үүргээ гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаанд ч чухал үүрэгтэнгүүдийн нэг байсаар байна. 

-Улс даяар цэрэгт татагдаж буй цэргүүд танай ангиар дамждаг шүү дээ? Мөн хугацаат цэрэг, гэрээт цэргийн талаар тайлбарлаач?

-Манай анги цэргийн төв дамжин өнгөрүүлэх бааз болж мянга мянган цэргүүдийг алба хаах газарт нь илгээдэг чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн. Харин цэргийн гэрээт цэрэг гэдэг нь цэргийн жинхэнэ алба хаасны дараа өөрийн хүсэлтээр /27 нас хүртлэх иргэн/ цэргийн ангидаа 24 сарын гэрээт цэрэг болж, төрийн албан хаагч шиг цалин хөлстэй ажлын цагтай байх юм. Харин хоёр жил алба хаасны дараа ахлагч, офицерын сургуульд суралцах эрх нь бүрэн нээгддэг юм. 

-Ангийн интернэт орчны тухайд?

-Холбоочдын анги гэдэг утгаараа манай анги бүрэн шилэн кабель татаж, бүрэн камержуулалт хийсэн. Мөн бохир цэвэр ус, төвийн дулаан ус бий учир давуу талтай ангиудын нэг болно. Харин ангийн барилга байгууламжууд маань жаахан хуучин гэж хэлж болно. Гэхдээ бид ангийн бэлтгэл сургуулилтын баазыг бүрэн хангаж, шинээр шагайварын бэлтгэлийн талбай хийсэн шүү. 

Ангийн үйл ажиллагаатай танилцаж, цэргүүдтэй цуг цэргийн хоол идэж үзэх нь сэтгүүлч миний хувьд хамгийн содон зүйл байлаа. Хоёрдугаар хоолонд халбага хүргэх нь байтугай нэгдүгээр хоолыг үл баран, сүүтэй цайг хөлс дуслуулан арайхийн ууж дуусгах нь сэтгүүлч миний хувьд санаа зовох асуудал байсан юм. Хоолны амт чанарын хувьд сайхан байсаан.  

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button