Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Цахим хэвлэлийн анхдагч “NEWS” агентлаг ингэж ажилладаг

Өнөөдөр /2019.05.03/ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буйтай холбогдуулан бид уншигч та бүхэндээ цахим сэтгүүлзүйн анхдагчдын нэг, 15 жилийн түүхтэй “News агентлаг”-ийн сэтгүүлчид хэрхэн ажилладаг тухай сурвалжлан хүргэж байна.

Уншигчид төдийгүй хэвлэлийн салбартаа баттай эх сурвалж нь болдог энэ агентлагт ажиллана гэдэг сэтгүүлчийн хувьд чамгүй өндөр шалгуур, нэр хүнд. Өдөр бүр шинэ сэдэв хөндөж, үйл явдлын “халуун” мөрөөр орж, ард иргэдийнхээ баяртай жаргалтай бүхий л үйл явдалд хамт жаргаж, зовж, уйлж, дуулж, мөр зэрэгцэн алхаж явдаг сэтгүүлчдийн нэг өдөр ингэж өнгөрнө.

ӨГЛӨӨНИЙ МЭНД

Ньюс агентлагийн сэтгүүлчид өглөөний 09.00 цаг гэхэд бүгд ажил дээрээ ирж, өнгөрсөн шөнө бидний мэдээгүй, сонсоогүй үйл явдал юу болж өнгөрсөн тухай судалцгаан сууж байна. Тэднийг ажилдаа ирэхээс өмнө өглөөний 07.00 цаг гэхэд бидэнд зориулан өмнөх өдрүүдэд бэлдсэн сурвалжилга, ярилцлага, нийтлэл, мэдээллүүд аль хэдийнээ нийтлэгдсэн байв.

Өнөө өглөө /2019.05.02/ ньюс агентлаг өхөөрдөм, ухаалаг, хэрсүү дуучин хүү Б.Бат-Энэрэлийн анхны хайр, түүний сэтгэлийг шархлуулсан, нэвтрүүлэгч бүсгүй Н.Сувд-Эрдэнэтэй тэдний гэгээхэн, гэнэн “хайр”-ын учгийг хөвсөн сэтгүүлч Р.Ренчиндуламын ярилцлагыг онцолжээ. Мөн Эрчим хүчний чадамж, хүчин чадал хангалттай хэмжээнд бий юу, ТЭЦ-IV станц дахин тэг зогсолт хийхгүй гэх баталгаа байхгүй тухай, мөн тавдугаар сарын 01-ний өдрөөс цахилгааны үнийг нэмнэ гэсэн мэдээлэл худал бөгөөд одоогоор нэмээгүй байгаа, цаашид нэмэх шаардлагатай гэсэн албаны хүмүүсийн яриаг багцлан бэлдсэн сэтгүүлч Ш.Чимэгийн материал. Энэ мэт “Ньюс”-ийн өглөөний онцлох шинэ, соргог, содон басхүү баттай эх сурвалж бүхий мэдээнүүдээр уншигчид өглөөгөө эхлүүллээ.

ӨНӨӨДӨР ЮУ БОЛОХ ВЭ

Сэтгүүлчид өнөөдөр /2019.05.02/ юу болох тухай мэдээллүүдээ багцлан, тэмдэглэж, өглөөний хуралдаа орохоор явлаа. Энэ өдөр УИХ-ын чуулганаар АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэх, Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс “Сонгуулийн үеэр хэрхэн ажиллах, зарчим, шинэ зохицуулалтын талаар” мэдээлэл хийх, Сүхбаатарын талбайд Монголын хөнгөн атлетикийн холбооноос зохиож буй “Буухиа 2019” тэмцээн зэрэг олон үйл явдлууд болох аж.

Эдгээр үйл явдлуудыг сэтгүүлчид хуваарилан авч, тус бүр зурагчинтайгаа ажилдаа гарлаа. Зарим нь хэвлэлийн хурал руу, зарим нь Төрийн ордон руу, зарим нь товлосон ярилцлага руугаа явж байхад зарим нь ажлын байран дээрээ үлдэж өдрийн мэдээллүүдээ хариуцан авч үлдэв. 

Бид сэтгүүлч Э.Ариунаагийн хамтаар Сүхбаатарын талбай руу гарав. Энд аймаг нийслэлээс цугласан ерөнхий боловсролын сурагчид баг болон буухиа гүйлтээр өрсөлдөхөөр иржээ.

Салбар салбарыг хөгжүүлэх гэж дор бүрнээ хичээх албаныхан, сэтгэлээ гаргаж амьдралаа болгосон тамирчид, урлагийнхан, боловсролын салбарынхан, хөдөө аж ахуй, бизнес эрхлэгчид, улс төрчид гээд нийгмийн бүхий л давхарга, салбарт сэтгүүлчид хүрч ажилласаар.

ХАМГИЙН ТҮРҮҮНД – АНХДАГЧ ЭХ СУРВАЛЖ

Өнөөдрийн УИХ-ын чуулганаар “халуухан” сэдвүүд өрнөж, Төрийн ордонд сайд дарга нар сэтгүүлчдийн дуранд өртөцгөөв. Сэтгүүлч Ш.Адъяамаа чуулган дээрээс баттай, шуурхай мэдээллүүдийг болсон даруйд нь цаг, минут алдалгүй сонсон, дамжуулж байхад нөгөө талд сэтгүүлч Ш.Чимэг УИХ-ын гишүүн С.Жавхлан Л.Болд, Ж.Батзандан нарын намд элсэхээр болж буй тухай мэдээллийг авч байна. Энэ үеэр мөн сэтгүүлчид АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнийг “бүчин” өчигдөрхөн шуугиулаад амжсан Н.Алтанхуягийн тухай тодруулга авахаар “хөөцөлдөв”. Энэ мэтээр Төрийн ордон дахь үйл явдлууд, иргэдийн мэдэхийг, асуухыг хүссэн асуултыг асуухаар сэтгүүлч, зурагчин, зураглаачид ажиллаж байна.

БАТТАЙ МЭДЭЭЛЭЛ – ЗААВАЛ ТОДРУУЛНА

Өнөө өглөө Хөвсгөл аймгийн Рашаант сумын сургуулийн дотуур байранд амьдардаг 11 настай охин алга болсон тухай мэдээлэл иргэдийн чихийг дэлсэв. /олдсон/ Сүүлийн хэдэн сар охид эмэгтэйчүүд сураггүй алга болсон тухай үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд олон нийтийн сүлжээнд “хяналтгүй” цацагдаж байгаатай холбогдуулан хэвлэлийн байгууллагууд энэ асуудалд эмзэг, мэдрэмтгий хандаж зайлшгүй үнэн бол нийтлэн, нэвтрүүлж нийгмийн сэтгэлзүйг бодолцож байгаа. Иймд заавал албаны болоод сураггүй алга бологсдын ар гэрийнхэнтэй холбогдож, тодорхой, үнэн мэдээллийг бэлтгэн гаргаж буйгаараа ялгагдаж байна. Дээрх харамсалтай мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлч А.Сүрэн алга болсон охины нагац ахтай утсаар ярьж тодруулжээ. Сэтгүүлчдийн хувьд уй гашуу, зовлон, хэцүүтэй нүүр тулсан иргэдийн эрж сурсаар хайж олох, үнэн бодит мэдээлэл авахаар ийн холбогдох нь хамгийн хүнд ажлуудынх нэг байдаг билээ.

Ньюс агентлагийн дэд захирал, сэтгүүлч Д.Нарантуяа:

“НЬЮС”-ИЙН СЭТГҮҮЛЧДИЙН ГОЛ ЗАРЧИМ – ХҮНЛЭГ БАЙХ

-Ньюс агентлаг хэдэн жилийн түүхтэй вэ?

-Компанийн түүхээр хэлбэл 15 жилийн түүхтэй. Бид “Ардын эрх” өдрийн тутмын сонинг 2003 онд гаргаж эхлээд, үүнээс хойш 2007 онд News.mn сайтаа байгуулж байв.

-Нийгмийн хөгжил, технологийн дэвшлүүдийг дагаад сэтгүүлзүйн чиг хандлагууд ч өөрчлөгдөж байна. Ньюс агентлаг энэ 12 жилийн хугацаанд ямар өөрчлөлт шинэчлэлүүд хийв ээ?

-Мэдээж их зүйлс бий. Хамгийн гол нь технологийн дэвшлийг дагаж илүү шуурхай болсон. Бид 2007 онд мэдээллийг цаг, минут алдалгүй шуурхай дамжуулж болдог юм гэдгийг Төмөр замын ойролцоо гарсан ослын үеэр харуулж байв. Тухайн үед бид осол болсон газарт очиж сурвалжилга бэлдэн, нэг цагийн дотор цацсан нь телевизээс өөр мэдээллийн хэрэгсэл ингэж шуурхай ажиллаж болдог юм гэдгийг харуулсан явдал болж байлаа. Үүнээс хойш 12 жилийн дараа буюу өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн шуурхай байдал ямар түвшинд хүрснийг бид бүгд харж байна. Шууд газар дээрээс нь “LIVE” явуулж, болж буй үйл явдлын уур амьсгалыг уншигч, үзэгчиддээ мэдрүүлэх боломжтой болоод байна. Энэ бол манай салбарт том дэвшил, техникийн давуу тал. Гэвч нөгөө талаар, “LIVE” мэдээллүүдэд болгоомжтой хандах шаардлага үүсч буй. Учир нь бидний өгч буй шуурхай мэдээллүүдийг нэг талын ашиг сонирхлоор буюу ялангуяа улстөрчид илүүтэй ашиглах нь ажиглагдаж байгаа тул хэвлэл мэдээллийн редакциуд болгоомжтой хандах ёстой болов уу. Аливаа бүхэн хоёр талтай, сөрөг тал нь ийм хэлбэрээр илэрч байгаа гэж манай редакц үзэж байгаа учраас мэдээллийг боловсруулж, нягталж шалгах үйл явцад анхаарч буй. Мэдээж, давуу талыг нь ч мартахгүй, ашиглана.

-Танай агентлагийн ямар ямар онцлох контентууд уншигчдад хүрч байгаа вэ?

-Хөгжлөө дагаад контентуудаа баяжуулах шаардлага гарч байгаа. Хуучны уламжлалт контентууд уншигдыг татахаа больсон. Гэхдээ ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийн гэсэн уншигчидтай болсон байдаг. Манай уншигчдын хувьд сүүлийн 10 жилд шийдвэр гаргах түвшний, дунд буюу түүнээс дээш албан тушаалтай гэж хэлж болохуйц уншигчидтай байсан. Энэ нь өрөөсгөл гэж бодсон тул илүү залуу уншигчдыг татахын тулд видео контентоо хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсан. Үүний хүрээнд, тавьсан зорилгынхоо тал хувьд нь хүрсэн гэж бид бодож байгаа. “NEW PLUS” нэртэй 1-2 минутын уг видео контент улс төрөөс ангид, хүмүүсийн амьдрал, харилцаа, хандлагыг тодорхойлж байна.

Сонинтой харьцуулахад цахим хэвлэл нь сонин шиг мэдээллээ “дэглэх” боломж хомс. Иймээс бид сайтар бодсоны эцэст “НЭГ СЭДЭВ, НАЙМАН ЭХ СУРВАЛЖ” нэртэй контент бүтээн, өнгөрсөн жилээс туршин өнөөдрийг хүртэл хийж байна. Өнөөдөр, нэг цагийн дараа Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан дугаар орох гэж байна.

Мөн сайтад тавигдаггүй зөвхөн сошиал орчинд зориулсан контентууд хийхээр бэлдэж байгаа. Тухайн пэйжийн хандалт сайтын хандалтанд нөлөөлж байгаа учраас пэйжийг тусад нь хөгжүүлэх шаардлагагарч байна.

-Бид өнөөдөр уншигчдын зүгээс сэтгүүлчдийг ямар байх ёстой талаар ярилцлагууд авч гаргаж байгаа. Тэд өөрсдийн бодлыг хэлнэ. Харин сэтгүүлчид уншигчдыг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мэдээлэл хүлээж авч буй уншигчдын боловсрол сүүлийн үед чухал асуудлуудын нэг болсон. Өчигдөр /2019.05.01/ Хэвлэл мэдээллийн зөвлөл, Глоб интернэшнл ТББ хамтран “Хуурамч мэдээлэл ба хэвлэл мэдээлэл” нэртэй сургалт зохион байгууллаа. Тэнд Пакистаны нэгэн сэтгүүлч ирж өөрийн улсын жишээнүүдээс бидэнд ярьсан. Үүнд, Энэтхэг Пакистанд“WhatsApp” апп маш түгээмэл, олон сая хэрэглэгчтэй. Хүн амынх нь тодорхой хувийг эзэлдэг бичиг үсэггүй хүмүүст энэ апп их хүрч, түүгээр гарсан таагүй, заримдаа худал видео, зурган мэдээллүүдэд хүмүүс итгэдэг гэх. Нэг удаа, бага насны хүүхэд хүчирхийлсэн гэсэн худал мэдээ тус апп-аар тарж, нэг хүний зураг нэрийг зарласнаар эргэн тойрных нь хүмүүс түүнийг зодож хөнөөсөн хэрэг гарч. Үүнтэй харьцуулбал, Монголчууд боловсролтой, бүгд бичиг үсэгтэй, авч буй мэдээллийн суваг нь маш өргөн дэлгэр болсон. Өмнө нь уламжлалт цөөхөн хэвлэлүүдийн урсгалаар л мэдээлэл авдаг байв. Ийм байхад уншигчид маш залхуу болсон. Тэд бэлэн хоол идэхийг хүсдэг. Тэр бэлэн хоолыг бид бэлдэх ёстой учир уншихгүй байна гэж гомдоллохгүй, тэдэнд тохируулж мэдээллээ бэлдэж байна. Тиймээс ч манай агентлаг сүүлийн таван жилийн турш контент хөгжүүлэлтээ хийж байгаа.

-Ньюс агентлагт ажиллах нь сэтгүүлчдийн хувьд нэр төрийн хэрэг мөн. Харин агентлагийн хувьд сэтгүүлчиддээ ямар шаардлага, шалгуур тавьж авдаг вэ? 

-Хамгийн түрүүнд мэргэжилдээ сонирхолтой байх хэрэгтэй. Хоёрдугаарт, нийгмийн асуудлуудыг ойлгодог, ядаж л Ардчиллын үнэ цэнэ, тулгуур баганыг мэддэг, эдийн засаг яагаад либерал байх ёстой, хүний эрх яагаад хэрэгтэй гэх мэт нийгмийн үндсэн ойлголтуудыг мэддэг байх шаардлагатай. Зөв бичдэг байх нь дараагийн асуудал, түүнийг засаад авч болно гэж боддог. Сургууль соёл, диплом тийм ч чухал биш. Тухайн хүний сэтгэлгээний хандлага хамгийн чухал. Үүнийг л харж сэтгүүлчдээ сонгодог. Сонгох ч гэж, сонголт их бага байна. /инээв. сурв/

-“Ньюс”-ийн сэтгүүлчдийн гол зарчим юу вэ?

-Хүнлэг байх.  

СЭТГҮҮЛЧИД ЦУГЛАЛАА

Улс оронд зарлагдсан үйл явдлууд оройн 16 цагийн орчимд болж дуусна. Цахим сэтгүүлзүйн онцлог нь болж буй үйл явдалтай эн зэрэгцэн зураг, текстийн хамт сайтад байршиж явдаг тул сонин эсвэл телевизийн сэтгүүлчид шиг оройн цагаар ажиллах нь бага. Гэхдээ зорьж очсон үйл явдлуудын мэдээллийг боловсруулах шаардлагатай бол үйл явдал дууссан даруйд яаравчлан ирж, ажилдаа орно. Өрсөлдөгч сайтууд ч хурдыг эрхэмлэдэг тул чанартай бөгөөд шуурхай мэдээ оруулах нь сэтгүүлчдийн зорилго.

Харин зарим нь маргааш уншигчдадаа хүргэх “хадаас” материалуудаа бэлдэхээр суулаа. Хэн юу бэлдэж, өглөөний хурал дээр юу ярилцаж, ямар сонирхолтой зочинтой яриа өрнүүлж, хэний ч мэдээгүй үйл явдал, баримтуудыг дэлгэхээр бэлдсэн бол гэдэг нь сонирхол татна. Тэд одоо дор дороо олсон, авсан, ухсан, сонссон баримтуудаа нухаж сууна.

АЖЛЫН ЦАГ ДУУССАН Ч ҮЙЛ ЯВДАЛ ДУУСАХГҮЙ

Ажил 18:00 цагт албан ёсоор дууслаа. “Албан ёсоор л...” Хүмүүсийн ажил тарж байхад сэтгүүлчдийн ажил заримдаа эхлэх нь ч бий. Ээлжийн ажилтнууд шиг өнөөдөр оройтсон бол маргааш өглөө амарна гэсэн ойлголт сэтгүүлчдэд үгүй. Үйл явдал өрнөж л байвал сэтгүүлчийн ажлын цаг дуусаагүй л гэсэн үг. Тэд бүгд л ар гэр, ахуй амьдралтай. Гэсэн ч сонгосон мэргэжилдээ хайртай юм болохоор сэтгүүлчид олсон, авсан, ухсан, сонссон баримтуудаа нухаж сууна. Ажлын цаг “дуусаагүй” байна...

БҮХ СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУДДАА ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Exchange Online
Exchange Online
9 сар 2, 2019 07:09

For a couple of years now, Microsoft has given basically similar sorts of movement
for associations to use to move email information to Exchange Online in Office 365
from on-premises informing frameworks, be that Exchange or
not http://bowlahat.com/__media__/js/netsoltrademark.php?d=lightning-emails.com

Холбоотой мэдээ

Back to top button