Сурвалжилга, Нийтлэл

ИРГЭДИЙН НҮДЭЭР: Сэтгүүлзүйн салбар хэрхэн ажиллаж байгаа вэ

Өнөөдөр дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос жил бүрийн 5 дугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон. Уг өдрийг дэлхийн 100 гаруй орон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улс Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг 26 дахь жилдээ тэмдэглэж байна. 

Иймд энэ өдрийг угтуулан манай сайтын сурвалжлах баг дөрөв дэх засаглал хэмээгдэх сэтгүүл зүйн салбарыг хэрхэн ажиллаж байгаа талаар иргэдийн санал бодол, байр суурийг сонслоо.

-ЗАЛУУС БИДЭНД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ НЬ МАШ БАГА-

Иргэн О.Энхболд: Хэвлэл мэдээллээр цацагдаж байгаа мэдээллүүдийн нөлөөлөл бидэн шиг залууст лав сайнаар нөлөөлдөггүй гэж боддог. Цаг гаргаад уншиж, үзэх гэхээр хэрэгтэй мэдээлэл байдаггүй. Үр дүн муутай бидний мэдлэгт хэрэг болчих мэдээллүүд ховор, дандаа л хов жив, хар мэдээллүүд байдаг шүү дээ.

-СОШИАЛ МЭДЭЭЛЭЛД БИШ ТЕЛЕВИЗИЙН МЭДЭЭНД Л ИТГЭДЭГ-

Иргэн Б.Тэмүүжин: Сэтгүүл зүй техникийнхээ хөгжилтэйгөө зэрэгцээд хурдацтай хөгжиж байгаа гэж хардаг. Гэхдээ сайн муу тал аль аль нь хослоод байгаа болохоор дүгнээд хэлэхэд хэцүү юм. Ямартай ч сошиалаар гарах мэдээллээс илүүтэй телевизээр гарч буй мэдээлэлд итгэдэг. Сошиалд тавигдсан мэдээллийг хэн ч ямар ч зорилгоор тавьсан байж болзошгүй учир үнэн дүйцүүлж мэдээллийг авна гэвэл телевизийг л харна даа. 

-МЭДЭЭЛЭЛ ХУРДАЦТАЙ ГАРЧ БАЙГАА Ч ҮНЭН БОДИТОЙ ЭСЭХЭД ЭРГЭЛЗДЭГ-

Иргэн: Э.Ану-дарь: Ямар нэгэн хэрэг гарлаа гэж бодоход түүнийг цаг тухайд нь мэдээлэх үүргээ бол маш сайн хурдан биелүүлж байгаа гэж бодож байна. Гэвч зарим нь үнэн бодитой зарим худал байдаг. Тэгэхээр мэдээлэл хэдий хурдан байгаа ч үнэн бодитой эсэх дээр сайтар ажиллаж чадахгүй байна. Сайн муу гэж дүгнэвэл дундаж л байна байхдаа.

-ХҮН БҮР ЧӨЛӨӨТЭЙ МЭДЭЭЛЭЛ АВЧ, ҮЗЭЛ БОДЛОО ЧӨЛӨӨТЭЙ ИЛЭРХИЙЛДЭГ БОЛСОН-

Иргэн Б.Төгөлдөр: Өмнөх үеийн хэвлэл мэдээллээс хамаагүй сайжирсан шүү. Бүх мэдээллийг чөлөөтэй авч, бүх хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Мэдээллийг хурдан шуурхай авдаг болсон. Бидний үед өнөөдөр болсон үйл явдлыг долоо хоног эсвэл сарын дараа мэддэг байсан. Гэтэл одоо магадгүй 10 минутын дараа эсвэл маргааш нь бүх мэдээллийг авч байна. Мөн захиргаадалтын үед сэтгүүлчид албан тушаалаар нэг хүний төлөө ч юм уу хэн нэгний төлөө айж эмээж бичиж мэдээлдэг байсан шүү дээ. Тэгэхээр одоогийн сэтгүүл зүйг боломжийн гэж хэлмээр байна.

-СЭТГҮҮЛЧИД ХЭТЭРХИЙ АЙДАСТАЙН ДЭЭР ШУДАРГА АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ДАРАГДААД БАЙНА-

Иргэн н.Мөнхзолбоо: Сэтгүүлчид маань хэтэрхий айдастай, шударга байж сайн ажиллах бололцоо нь хомс байна гэж хардаг. Шударга сайн сэтгүүлчид байгаа ч хэтэрхий дарагдаж сайн явж чадахгүй байна. Яах вэ, сэтгүүл зүйг сайн ажиллаж байна гэж дүгнэж болох ч нийгэмд өгөөд байгаа мэдээлэл нь дандаа үр ашиггүй хар бараан мэдээллүүд голчлоод байгаа.

-ИРГЭН Г.МӨНХБААТАР, Ш.ЛХАГВАЦЭРЭН БОЛОН Д.ЯДАМСҮРЭН НАР: МАНАЙ СЭТГҮҮЛЧИД ХЭН НЭГЭНД ХУДАЛДАХГҮЙ, СЭТГҮҮЛ ЗҮЙН ЁС ЖУРМАА БАРИМТАЛЖ ҮГ ХЭЛЛЭГЭЭ АНХААРЧ АЖИЛЛААСАЙ-

Иргэн Г.Мөнхбаатар: Аливаа юманд жанжин шугам гэж байдаг. Түүнийгээ бариад ажиллачихвал ч нийгэм нь хөгжөөд уул нь сайхан л болоод байна. Даанч сэтгүүл зүйн хандлага нь хэн нэгний төлөө ажиллаад байна гэж харагдаад байгаа юм. Дөрөв дэх засаглал иргэдийнхээ төлөө чин үнэнчээр дуугарч чадах ёстой хүмүүс чинь сэтгүүлч та бүхэн шүү дээ. Мэргэжлийн салбар бүрт зарчим дүрэм гэж байдаг тэр дүрэм зарчмаа барьж шударга л ажиллах хэрэгтэй. Адилхан хөдөлмөрлөж хэн нэгнээс цалин авч байгаа ч хэн нэгнээс хараат бус, мөнгөний төлөө худалдахгүй л байвал болчих гээд байх шиг.

Иргэн Ш.Лхагвацэрэн: Цахим сайт, нийгмийн сүлжээгээр мэдээлэл их хурдан ирж байгаа нь авууштай. Гэвч мэргэжлийн дүгнэлт ажиллагаа нь багадаад байгаа юм болов уу. Хэт хурдан мэдээлэхдээ анхаараад зарим мэдээлэл нь дутмаг, худал ч болж таардаг.

Иргэн Д.Ядамсүрэн: Сэтгүүлчид маань гадаад үг хэллэгүүдийг хэт их ашиглаад байгаа харагддаг. Гадаад үгсийг монголоор тайлбарлаж эх хэлнийхээ баялаг байдлыг ашиглаж, цаашид хэлний баялгаа мартагдуулмааргүй байна. Сэтгүүлчид нь олон нийтийн хэрэгслээр хэт их гадаад үг хэллэг ашиглаад ирэхээр нийгэм нь дагаад бүгд л эх хэлнийхээ онцлог давуу талыг мартчих юм. Мөн хөтлөгч залуус маань их сул үгс хэрэглэдэг болсон байна лээ. Энэ мэт үг хэллэг, утга зүйн хувьд анхаарвал гэж бодож байна.

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button