Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Эмээлтийн хогийн цэгийг хааж, Улаанчулуутад малын хог хаягдлыг хаяж эхэлжээ

Дулааны улирал эхэлж малын хог хаягдал ихээр бий болдогтой холбогдуулан манай сурвалжлах баг Эмээлт захын хогийн цэгийг зорьсон юм. Уг хогийн цэг нь эмээлт захаас хойно байх бөгөөд дулааны улиралд маш их хог хаягдал үүсэхээс гадна шувуу ихээр цуглах, халдварт өвчин гарах магадлал өндөр болдог гэх мэтээр маш их асуудлыг араасаа дагуулдаг аж.

Биднийг Эмээлтийн хогийн цэгт очиход гайхан мялзан өвчин гарсантай холбогдуулан хогийн машин, тээврийн хэрэгсэл дотогшоо орохыг хориглосон, хогийн цэгийн байдал харьцангуй цэвэр байсан юм. Гэвч Эмээлтийн оршин суугчид иргэд болон аж ахуй нэгжүүд ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өвчтэй үхсэн мал болон махны хаягдлыг гуу жалганд ихээр хаядаг талаар хэлсэн юм.

-ШУВУУ ЭРГЭЛТИЙН ТАЛБАЙ БОЛОН ГАЗРЫН АСУУДЛААС БОЛЖ ЭМЭЭЛТИЙН ХОГИЙН ЦЭГ ХААГДЖЭЭ-

Хогийн цэгийг хариуцан манаа хийдэг ажилтны хэлснээр энэ оны дөрөвдүгээр сард Эмээлт хогийн цэгийг хаах шийдвэр гарчээ. МИАТ-ын нислэгийн хамгийн нам өндрөө авах цэгтэй тус хогийн цэг таарч энэ хавьд шувуу эргэлтийн талбай болчихдог. Үүнтэй холбоотойгоор онгоцны сэнсэнд шувуу орж үхэх асуудал ихээр гардаг. Иймээс хогийн цэгийг хаах болсон одоо энэ газрыг цэвэрлэх төлөвтэй байгаа хэмээлээ.

Мөн манай сурвалжлах багтай таарсан  хогийн машины жолооч нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Тэрээр “Уг цэгийг хаах болсон нь дан ганц шувуу эргэлтийн талбайгаас болоогүй, газрын асуудалтай байсан. Хог асгадаг эдгээр бүх газар хүмүүст өмчлөгдчихсөн. Тийм ч учраас хог хаях газаргүй болсон. Мөн эдгээр хог хаягдлыг бид газар ухаж бага багаар нь дарж хийхгүй бол асуудал үүсдэг. Эдгээр хог хаягдал болон шороог бид одоо бага багаар дарж дагтаршуулж байна. Шороог нэг мөр дарчихвал гэнэт шороо нь суулт өгч асуудал гарна. Эдгээр газрууд чинь бүгд эзэнтэй газар. Эзэд нь ирээд хашаагаа зоогоод байшин сав барьдаг гэтэл гэнэт газар нь суулт өглөө гэж бодоход маш их хохирол гарна” хэмээн ярилаа.

-ХАЛДВАРТ ӨВЧИН ДЭГДЭЭХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ МАЛЫН ХОГ ХАЯГДЛЫГ СУУРЬШЛЫН БҮС ОЙР ХОГИЙН ЦЭГ РҮҮ ХАЯХ БОЛЖЭЭ-

Харин одоо Эмээлтийн хог хаягдлыг Улаанчулуутын хогийн цэгт зөөх болсон ажээ. Эмээлтийн аж ахуй нэгжүүдээс газар дээр нь очиж хог хаягдлыг цуглуулан Улаанчулуут руу зөөх болсон бөгөөд хогийн гурван машин малын хог хаягдал сэг зэм зөөдөг гэв. Малын хог хаягдлыг авч явахдаа машины тээшээ бүтээдэг. Хогийн цэгээс хаана хая гэж заасан тэнд нь асгаж, шороогоор дардаг байна. Гэвч бүхий л хог хаягдал цугласан уг цэгт хог түүж амьдралаа залгуулдаг хүмүүс ихээр байдаг. Хэрвээ малын хог хаягдлыг өөр цэгт хаяхгүй бол бага багаар шороогоор булж дардаг энэ их хаягдлыг хэзээ дарж дуусах билээ. Хог их байдгаас гадна иргэдийн суурьшлын бүс ойр, хог түүх иргэд ч ихтэй газарт малын хог хаягдлаас ямар ч өвчин дэгдэж болох юм.

Мөн бид иргэдийн мэдээллийн дагуу хогийн цэгийн ойр орчмын гуу жалгаар ороход үхсэн малын сэг зэм бүр үхсэн гахайг хүртэл ил хаясан байв. Бид энэ талаар хогийн цэгийн ажилтнаас лавлатал, зөвхөн хогийн цэгт л мал амьтны хог хаягдал хаях боломжтой. Гуу жалганд хаяж байгаа бол зөвшөөрөлгүй нь дээр тэд бусад малаа устгалд оруулахаас айж нууцаар хаясан байгаа. Одоо хогийн цэгийн үйл ажиллагаа зогссон учир хог хаях боломжгүй. Бид ойр ойрхон шалгалт явуулж шалгадаг. Саяхан үхсэн гахай байгаагүй. Энэ хавийн хэдэн айлуудаас гахайн мялзан гарч устгуулсан. Тэдгээр айлуудын нэг эсвэл аж ахуй нэгжүүд зөвшөөрөлгүй хаясан байх гэлээ.  

https://www.facebook.com/eguur.mn2/videos/328499934525750/

Д.ЖАРГАЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button