Хэргийн газраас шууд: Буудуулж амиа алдсан гэх иргэн гэрээслэл үлдээсэн байжээ

НЭМЭЛТ: 12:15 ЦАГТ
Амиа алдсан хохирогч нь 1958 онд төрсөн эрэгтэй /61 настай/ Ж бөгөөд Сүхбаатар дүүрэгт оршин суух хаягтай байсныг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Түүнийг гэрээслэл бичиж үлдээсэн байсан бөгөөд амиа хорлосон байж болзошгүй гэсэн мэдээлэл бидэнд ирсэн юм. Мөн Талийгаачийн толгойд бууны шарх байсан эсэх тухайд одоогийн байдлаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгөх боломжгүй. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний хариу гарсны дараа тогтоогдох юм байна.

Хэргийн газраас шууд: 11 цагт Өнөө өглөө /2019.04.26/-ны өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хороонд оргих 100 айлын автобусны буудлын орчимд толгойноос нь цус гарсан эрэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлага Цагдаагийн байгууллагад 06:15 цагийн орчимд ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага очиж ажиллахад автобусны буудлын ойролцоох “Нарлаг зоог”-ийн ойролцоо 35-40 орчим насны эрэгтэй духан тус газраа бууны шарх авсан байсан гэх бөгөөд газар дээрээ амиа алсдан бололтой байв.
Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад амь насаа алдсан иргэний гараас дарь олдсон ч хохирогчийг амь насаа алдахад хүргэсэн бууг олж чадаагүй гэх. Тиймээс ямар буугаар буудсан болохыг одоогоор тогтоогоогүй, задлан шинжилгээгээр бүх хариу ил болно. Хохирогч өөрийгөө буудаж амиа алдсан уу эсвэл хүний амь насыг санаатайгаар хөнөөсөн хэрэг байв уу гэдгийг ч мөрдлөгийн явцад тогтоох юм байна. Одоогоор хэргийг Сүхбаатар дүүргийн Хоёрдугаар хэлтэст шалгаж, цогцосыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хүргүүлсэн гэлээ.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү: “Хэргийн газарт жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэг хийн ажиллаж байна. Одоогоор хэргийн газрын үзлэг дуусаагүй байна. Амиа алдсан иргэн буудуулсан байж болзошгүй. Эцсийн хариуг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийн газарт үзлэг хийгдэж дуусаагүй байгаа учраас дууссаны дараа тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Үзлэгийг чанартай болгохын тулд хэргийн газар ажиллаж байна. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харсан гэрч байгаа бол цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэж, гэмт хэргийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Шүүхийн эмнэлэгийн задлан шинжилгээний хариу эцсийн хариу 21 хоногийн дотор гарна. Урьдчилсан мэдээлэл хэргийн газарт ажиллаж дууссаны дараа гарна. Хэргийн газрын ойр орчмын газруудын камеруудыг шүүж үзэх гэх мэт боломжтой бүхий л ажлуудыг авч хэрэгжүүлнэ”гэсэн юм.

Д.ЖАРГАЛМАА
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.