Нийгмийн

Д.Ундраа: Зүүн бүсийн нөхөн сэргээх Үжин төв Дорнод аймагт байгуулагдлаа

Бид урьд урьдын нийтлэл, ярилцлагаараа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдийг нөхөн сэргээх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлдэг Үжин 1,2 төвийн байрны асуудал, цар тахлаас үүдэлтэй хөл хорионд хоригдсон бяцхан үрсүүд цоожтой хаалганы цаана, гэр бүлийн болоод бэлгийн хүчирхийллийн хохирогч болсоор буй тухай ярилцсан. Харин энэ удаа Үжин төвийг үүсгэн байгуулагч Д.Ундраа, Дорнод аймгийн ГБХЗХГ-ын дарга Э.Жавхлан нартай хохирогч хүүхдүүдэд туслах нөхөн сэргээх шинэ төв нээсэн тухай асуудлаар ярилцлаа.

-ЗҮҮН БҮСИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ТӨВИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ЦАЛИН, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТОГТМОЛ ЗАРДЛЫГ “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ФОНД”-НЫ ЦУГЛАРСАН МӨНГӨНӨӨС ТӨР ШИЙДЭЭД ӨГӨХ БАЙЛГҮЙ ДЭЭ-

-Танай байгууллага бэлгийн хүчирхийллийн хохирогч (даван туулагч) хүүхдийг нөхөн сэргээх загвар бүсийн төвийг байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа мэдээлэл өгөөч?

-Д.У: Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдэд олон улсын жишигт нийцсэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, мэргэжлийн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, нөхөн сэргээх, хариу үйлчилгээний сайн жишиг тогтоох, аргачлалыг бий болгох загвар  нөхөн сэргээх бүсийн төвийг байгуулахаар Дорнод аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн, засаг дарга М.Бадамсүрэнгийн дэмжлэгээр байр, засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлүүлэн  байрны цахилгаан, сангийн шинэчлэл, засварын ажил эхлээд явж байна. Одоо бидэнд бүсийн нөхөн сэргээх төвийн хүний нөөцийн цалин, үйл ажиллагааны тогтмол зардлыг шийдвэрлүүлэх ажил байгаа. МАН-ын мөрийн хөтөлбөр, МУЗГ-ын үндсэн чиглэл, үйл ажиллагааны төлөвлөгөөнд туссан ажил учир “Хүүхдийн төлөө фонд”-ны цугларсан мөнгөнөөс төр шийдээд өгөх байлгүй дээ.

Хүүхдийн эрхийг хангах, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгаалал, хөгжлийн талаархи төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нийгмийн нөөц баялгийг дайчлах, салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, бэлгийн хүчирхийлэл, гэмт хэргийн хохирогч хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой Хүүхдийн төлөө зөвлөлийг тэргүүлдэг аймаг, дүүргийн засаг дарга нараас анх удаа Дорнод аймгийн засаг дарга, хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Бадамсүрэн төр иргэний нийгмийн түншлэлийн хүрээнд Зүүн бүсийн нөхөн сэргээх төвийг манай байгууллагатай хамтран байгуулах болсонд үнэхээр их баяртай байна. Энэхүү төвийг байгуулах ажлыг Дорнод аймгийн Э.Жавхлан даргатай ГБХЗХГ-ын хамт олонтой хамтдаа 9-р сараас хойш л тун завгүй ажиллаж  байна даа.

-Э.Ж: Төв маань 100 хувь нээлтээ хийгээгүй, бэлтгэл ажлаа бүрэн хангаад ажиллаж байна. Дорнод аймгийн ГБХЗХГ-ын “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь Хүүхэд хамгааллын чиглэлэр ажиллаж байгаа. Цаашид зайлшгүй бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд туслах төв нээх шаардлагатайг судалгаа шинжилгээнүүд харуулсан. Тиймээс Хүүхдийн эрх хамгаалал -Үжин төв”-ийн тэргүүн Д.Ундраа эгчтэй харилцан зөвлөлдөж, Дорнод аймгийн Засаг Дарга М.Бадамсүрэнгийн тусламжтай төвийн обьект, эхний ээлжинд засварт нэн шаардлагатай 34 сая төгрөгийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулаад оны дараа тендер зарлагдах нөхцөлтэйгөөр бэлтгэл ажлаа хийж байна.

-ХОХИРСОН ХҮҮХДИЙН АСУУДЛЫГ ХЭСЭГ ХУГАЦАА ӨНГӨРӨХӨД МАРТЧИХДАГ-

-Зүүн бүсийн нөхөн сэргээх төвийн онцлог юу вэ?

-Д.У: Шинэ төв маань дараах онцлогуудтай. Тодруулбал нэгт: Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдэд олон улсын жишигт нийцсэн хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, мэргэжлийн нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх,  нөхөн сэргээх, хариу үйлчилгээний сайн жишиг тогтоох, аргачлалыг бий болгох, хоёрт: Гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч (даван туулагч) хүүхдийг гэр бүлийн орчноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хувьд дэмжих, аюулгүй газар, хамгаалалтанд байлгах, мөрдөн байцаалт, шүүх хуралд оролцоход бэлтгэх, 2 шатны шүүх хурлыг дуусгах, боловсролоос хөндийрүүлэхгүйгээр сэтгэл зүйн тэнцвэрт байдалд ортол нь нийгэм-сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, нөхөн сэргээх, гуравт: Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч хүүхдийн сэтгэл санааны гэм хорын хохиролыг шүүхээр нэхэмжлүүлэн хохирогч хүүхдэд нөхөн олговор олгуулахад анхаарч ажиллах, дөрөвт: Эрүүл мэнд, сэтгэл зүйн нөхөн сэргээх урт хугацааны эмчилгээ, үйлчилгээний зохицуулалт, хууль тогтоомжид  санал боловсруулан хүргүүлэх, тавд: Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, хохирогч хүүхдийн суралцах хэрэгцээг хангах талаар төрөөс үзүүлэх тусламж үйлчилгээтэй холбоотой зохицуулалтыг бий болгоход үйл ажиллагааныхаа туршлагад үндэслэн санал боловсруулан хүргүүлэх, бий болгохыг Төрөөс шаардах, бий болгохын төлөө зорьж ажиллах юм.

-Э.Ж: Гэмт хэргийн холбогдогч буюу сэжигтэн, яллагдагч шүүх хурлаар ороод ялаа эдлээд явдаг. Ард нь үлдэж байгаа хүүхэд сэтгэл санааны болоод биемахбодийн олон эрсдлийг тэр жаахан биендээ ахадсан зовлонг тээн даван туулдаг. Хүүхдийн эцэг эх нь хохирсон хүүхдийн асуудлыг хэсэг хугацаа өнгөрөхөд мартчихдаг. Гэтэл хүүхдийн сэтгэл зүй хурцаар өөрчлөгдөж, ирээдүйн амьдралд нь нөлөөлж байдаг. Манай байгууллагын зүгээс хүүхдийн сэтгэл зүйд ач холбогдол өгч, анхаарч ажилладаг. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд насанд хүрсэн хойноо эрэгтэй хүнтэй бэлгийн харилцаанд орохоос айх, гэр бүл зохиохоос эмээдэг, аль эсвэл эсрэгээрээ сексийн тогтвортой бус, замбараагүй харилцаанд орох, биеэ үнэлэх зэрэг асуудалд орох эрсдэл үүсдэг. Одоогоор төв маань таван хүний бүрэлдэхүүнтэй байхаар үүд хаалгаа нээхэд бэлэн болоод байна.

Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн нөхөн сэргээх “Үжин төв” хичнээн хохирогч хүүхдэд хариу үйлчилгээ үзүүлээд байгаа вэ?

 2019 онд “Үжин төв”-д 1-12 сарын хугацаатай, 5-17 хүртэлх насны бэлгийн хүчирхийллийн хохирогч 196 хүүхдэд 3,246 хоног, 2020 онд  1-17 хүртэлх насны бэлгийн хүчирхийллийн хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч 139 хүүхдэд 2,873 хоногийн түр хамгаалан байрлуулах, нийгэм- сэтгэлзүй, хууль-эрх зүй, өмгөөлөл, нөхөн сэргээх 12 төрлийн цогц хариу үйлчилгээ үзүүлэн ажиллаад байна.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button