НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

КОРОНАГҮЙ байсан бол…

Хэрэв коронавирус дэлхийн дахиныг нөмрөөгүй бол бидний амьдрал өнөөдөр ямар байх байсан бол? Уншигч та ч гэсэн төсөөлөөд үзээрэй. Манай сайтын хуудсанд бодлоо хуваалцсан ч болох юм. Ингээд төсөөлөх гээд үзье.

Олимпийн шинэ баатруудтай болох байлаа

Хамгийн наад зах нь Токиогийн олимпоос өчнөөн баатруудтай болж, наран улсыг зорьж олимп үзэхээр олон хүн цалингаа хураах байлаа. Яг 2008 оны Бээжингийн олимпийн дараах шиг монголд япон хэл сурах, япон соёл сонирхох шинэ тренд үүссэн ч байж болох юм. Монгол улсын олонх шигшээ багийн тамирчид залуужин, шинэчлэгдээд байгаа тул тэдний дундаас эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүлэх шинэ баатрууд төрөн гарах байсан нь лавтай.

1 сая жуулчны зорилгодоо нэг алхам ойртох байлаа

Хэнтийд боссон нүд халтирмаар бүтээн байгуулалтууд дээр жинхэнэ жуулчид очиж, дэлхий даяараа “нүдний булай” болж ч мэдэх байлаа. Гэхдээ л аялал жуулчлал маань улам өргөжин, хөгжих байсан нь дамжиггүй. Дэлхий даяар цар тахал нөмөрчхөөд байхад хүртэл 2020 оны эхэнд 381 мянган жуулчин 402 сая долларын аяллын захиалгаа баталгаажуулчхаад байсан юм шүү. Хэрэвзээ коронавирус тархаагүй бол дээрх тоо өсөж, бид 1 сая жуулчны бодит зорилгодоо нэг алхам ч болов ойртох байлаа.

Гэхдээ дотоодын аялал жуулчлал энэ жил эрчимжсэн. Зөвхөн долдугаар сарын 9-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотоос 330,000 тээврийн хэрэгсэл хөдөөг зорьсон нь өмнөх оноос 3 дахин их үзүүлэлт юм. Цар тахлыг дотооддоо алдаагүй эмч, албан хаагч баатруудынхаа ачаар бид эх орноо нэг сайхан үзээд авлаа.

Эдийн засаг өсөх байлаа

Эдийн засаг 2009 оноос хойших хамгийн муу үзүүлэлтдээ хүрч -7.3 хувиар агшаад байгаа нь хэн хүнгүй бүсээ чангалж амьдрах цаг болсныг сануулж байна. Ажил олгогч нь ч, ажилтан нь ч, засаг төр нь ч уян хатан бодлого хэрэгжүүлж, ойлголцохоос аргагүй нөхцөл рүү корона биднийг шахсаар одоо цааш гишгэх газаргүй болсон гэж хэлж болно. Хэрэв цар тахал гараагүй бол энэ бүх үзүүлэлтүүд нэмэх байх байсан нь ойлгомжтой.

Жинхэнэ баатруудаа танихгүй байлаа

Онцгой байдлын алба хаагч, эмч, сувилагч, цагдаа гээд тангараг өргөсөн баатрууд маань ямар нөхцөлд ажилладагийг бид өмнө нь сайн мэддэггүй байжээ. Оны сүүлээр ХӨСҮТ-д орсон шалгалтаар илэрсэн шиг  ноцтой зөрчлүүд цагдаа, онцгой байдлаас ялгаагүй илрэхийг үгүйсгэхгүй. Тэдгээр зөрчлүүдийн тэнд ажилладаг хүмүүсийн буруу биш харин удирдлага, дарга нарынх нь буруу. Ямар хүнд нөхцөлд цар тахлыг дотооддоо алдалгүй ажиллаж байсныг нь мэдэж, жинхэнэ баатруудаа таньж авлаа.

Үнэн нүүр царайгаа танилаа

Төрийн байгууллагуудын чадамж, зохион байгуулах төлөвлөлт “маш хангалтгүй” гэдгийг улсаараа харж авав. Төлөвлөөгүй нөхцөл байдал үүсэхэд иргэд өөрсдөө ч зохион байгуулалтад орох чадваргүйгээ мэдэж авав. Ер нь иргэншил гэдэг зүйлд илүү сайн суралцах хэрэгтэйгээ нийгмээрээ ойлгож авсан нь нууц биш. Коронатай амьдралын ганц гэгээтэй тал нь энэ байж мэдэх юм. Цар тахал гараагүй бол бид “орк” хэвээр үлдэх байв.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button