УЛС ТӨР

Дээд Шүүх: АН-ын даргаар С.Эрдэнэ, Ц.Туваан нарыг бүртгэх боломжгүй

Өнөөдөр Улсын Дээд шүүх АН-ын 10-р их хурлаар намын Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэх эсэх тэргүүтэй асуудлуудыг элэлцлээ.

Үүгээр Шүүх Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзав. Мөн цахим бүртгэлээс Ц.Тувааныг хасаж, С.Эрдэнийг ч бүртгээгүй байна. Өөрөөр хэлбэл, АН-ын даргын суудал цахим бүртгэлийн хувьд хоосон хоцорлоо.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН МЭДЭЭ: Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим бүртгэлд намын даргын бүртгэлийг өөрчлүүлэх болон бусад хүсэлтийг Дээд шүүх 2021 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцлээ.

Ардчилсан намын 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар их хурлаар  баталсан үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг Ц.Туваан, Ардчилсан намын тамга, тэмдгийн хяналтын дугаарыг бүртгүүлэх, цахим бүртгэлд залруулга хийлгэх хүсэлтийг С.Эрдэнэ тус тус Дээд шүүхэд ирүүлжээ.

Улсын Дээд шүүх Ардчилсан намын үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах талаар  гаргасан Ц.Тувааны хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн цахим бүртгэлд намын даргаар С.Эрдэнийг бүртгүүлэх талаар гаргасан С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас татгалзаж, цахим бүртгэлд байсан Ц.Тувааны нэрийг хасав.

Ингэснээр цахим бүртгэлд тус намыг төлөөлөх эрх бүхий этгээдийн бүртгэл тодорхой бус үлдэж, нам тухайн дотоод асуудлаа шийдвэрлэж, энэ талаар дахин хандах эрхтэй болжээ. Мөн тамга тэмдгийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.


Дээд Шүүхийн шийдвэрт ямар байр суурьтай байгааг нь С.Эрдэнэ, Ц.Туваан нарын талаас тодрууллаа.

С.Эрдэнэ: Дээд Шүүх АН-ын даргыг сонгох ажлыг намын дотоод маргаан гэж үзээд аль аль танд нь нээлттэй үлдээсэн. Одоо намын Үндсэн дүрмийн дагуу жинхэнэ 10-р их хурлаа хуралдуулж, хуулийн дагуу намын даргын сунгаа явуулна. Миний АН-ын даргын хуучин бүртгэл хэвээрээ байгаа. Харин шинээр бүртгэхээс татгалзсан. Ц.Тувааныг хассан.

Ц.Туваан: Дээд Шүүхийн шийдвэрийг л дагана.

РЕДАКЦЫН ДҮГНЭЛТ: Ардчилсан нам өнөөдөр илтэд хоёр хуваагдаж, нэгэн нэрийн дор элдэв мэдээллээр олон нийтийг төөрөлдүүлж буй. Дээд шүүхийн шийдвэрийг ч хоёр талаасаа өөрсдөдөө ашигтай хэлбэрээр тайлбарлаж, эл агуулгаар мэдээлэл цацсаар байна. Өнөөдрийн дээд шүүхийн шийдвэр нь, АН-ын даргаар Ц.Тувааныг ч, С.Эрдэнийг ч ШИНЭЭР бүртгэхээс татгалзсан. Гэхдээ С.Эрдэнэ АН-ын дарга болно гэсэн хуучин бүртгэл хэвээрээ байгаа юм. Мөнхүү тэд нэгнийхээ тамгыг ч хүчин төгөлдөр бус гэж үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
АН гишүүн
АН гишүүн
2021-01-14 19:43

энэ хоёр махан толгойгоор АН удирдуулахгүй ээ

Холбоотой мэдээ

Back to top button