ЭДИЙН ЗАСАГ

Өнцөг: Татвар төлөх дургүй ч PCR аппарат бэлэглэх дуртай хөрөнгө оруулагчид

Өчигдөр /2020.01.17/ Рио Тинто компаниас 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд дөрвөн PCR шинжилгээний лаборатори бэлэглэсэн. Тэднийг:

  • Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв
  • Яармаг дахь Нийслэлийн Эх, хүүхдийн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгүүдэд байршуулна хэмээж буй.

Уг нь бүр өнгөрөгч оны аравдугаар сард тус компаниас “Оюу толгой” ХХК, НҮБ-тай хамтран “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд 1.7 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийг манай улсад үзүүлэхээр байв. Үүнийг PCR шинжилгээний боломжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын зайн харилцаанд ашиглах техник технологийн хангамжид зарцуулна гэж Рио Тинто мэдэгдээд байсан.

Хэдий өнгөрсөн аравдугаар сард нээлтээ хийсэн төслийн үйл ажиллагаа боловч Монголын Засгийн газар шаардлагатай бол Рио Тинтотой байгуулсан гэрээгээ цуцална гэж мэдэгдээд буй энэ цаг үед эдгээр PCR лабораториуд ирсэн онцлогтой байна.

Нөгөө талд Оюу толгой компанид Татварын ерөнхий газраас 228 сая ам.долларын татварын акт тавьчхаад буй. Энэ нь 650 орчим тэрбум төгрөг болно. Үүнийг Туркоиз Хилл Ресурс компани төлөхгүй, Арбитрын шүүх дээр явж буй өмнөх татварын актын асуудалдаа нэмж орнуулна гэж мэдэгдсэн.

Энэ бол тус компанийн 2016-2018 оны хоорондох үйл ажиллагаанд хийсэн шалгалтад үндэслэн тавьсан акт юм. Үүний өмнө 2018 онд ТЕГ “Оюу толгой”-н 2013-2015 онд төлсөн татварын тайланд аудит хийснээр мөн 150 сая ам.долларын татварын акт тавьж байв. Харин үүний 4.8 саяыг нь Оюу толгой тал хүлээн зөвшөөрч төлсөн бөгөөд, үлдсэнийг нь үндэслэлгүй хэмээж, төлөх эсэхээ Арбитрын шүүхээр шийдүүлэхээр болсон билээ.

“Оюу толгой” компанийн 66 хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг. Харин “Rio Tinto” тус компанийн 50.6 хувийг эзэмших замаар “Оюу толгой” төслийг удирддаг.

Улсад зохих ёсны татварыг төлөхөөс зайлсхийдэг мөртлөө хандив тусламжийн хэлбэрээр мөнгө цацахдаа гар татдаггүй хөрөнгө оруулагчдын жишиг Африкийн орнуудад л бий.


Мэдээлэл өгөхөд:

ТЕГ-ын зүгээс Оюу толгойд хоёр том зөрчил илэрлээ гэсэн. Нэг нь үнэ шилжилт хийж их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн. Хоёрт, туслан гүйцэтгэгч компаниудын оффшор бүсэд хийсэн үйл ажиллагаанд “Монголд хийгдээгүй” гэдэг шалтгаанаар татвар ноогдуулаагүй.

НЭГ: Үнэ шилжилтийг томоохон үндэстэн дамнасан корпорациуд хийж, татвараас хөнгөлөгддөг.

ТАЙЛБАР: А компани ААНОАТ бага авдаг, эсвэл бүр авдаггүй Б гэх улсад үйл ажиллагаа явуулдаг байг. Мөн давхар Монгол Улсад /ААНОАТ-ыг нөгөө улстай нь харьцуулахад өндөр авна/ үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл А компани Б улсаас зориуд асар өндөр үнээр тоног, төхөөрөмж Монголын хил рүү оруулж ирнэ. Ингэхээр өндөр гаалийн албан татвар төлнө. Харин ААНОАТ-ыг гаалийн тэргүүтэй бусад бүх татварыг хасаад үлдсэн дүнгээс боддог. Тэгэхээр зориуд өндөр гаалийн татвар төлж, хасагдсан бага дүнгээс бага ААНОАТ бодуулахын тулд тэд зориуд Б улсаас зохиомол өндөр үнэтэй бараа, тоног төхөөрөмж оруулж ирдэг гэсэн үг.

2020 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Татварын багц хуулиар бол Оюу толгой хийсэн үнэ шилжилтийнхээ тайланг гаргаж, тогтворжуулсан хувиар татвар төлж явах ёстой юм.

ХОЁР: Харин оффшор бүсэд үйл ажиллагаа явуулсан туслан гүйцэтгэх компаниуд гэдэгт 250 гаруй компани багтаж, шалгагджээ. Тэдний зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр явуулсан үйл ажиллагаанаас нь татвар суутгаж байсан. Харин гэрээний хүрээнд хилийн чанадад явуулж буй үйл ажиллагааг нь “оффшор гэрээ”-нд хамааруулж тодорхой татвар суутгадаг зарчим бий бөгөөд үүнийг “Оюу толгой” хэрэгжүүлэхгүй явж иржээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button