Нийгмийн

Н.Номтойбаярт оноосон 5.5 жилийн ялыг нэг жил болгон буурууллаа

Улсын Дээд шүүхээр өнөөдөр Н.Номтойбаяр нарын гомдлыг хянан хэлэлцлээ. Улмаар анхан болон давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаярт оноогоод байсан 5.5 жилийн ялыг нэг жил болгон буурууллаа. Мөн нийтийн алба томилогдох эрхийг 2 жил хаслаа.

Мөн Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Б.Баттөгс нарыг албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутай нь тогтоогдсон гэж дүгнээд тэдний ялыг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэг болгож хөнгөрүүлэн зүйлчлэхээр болжээ. Тиймээс ХХҮЕГ-ын дарга, дэд даргаар ажиллаж байсан хоёр хүний нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, хоёр жил хорих ял оноов. Б.Баттөгсийг мөн хугацаагаар нийтийн албанд ажиллах эрхийг хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ.

Харин Н.Номтойбаярыг Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан үүрэгтээ хайнга хандсан буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 23.5-1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, нэг жил хорих ял оноохоор боллоо. Ингэснээр тэрбээр удахгүй шүүх магадлангийн хурлаар орж суллагдах нөхцөл бүрдэв.

Түүнтэй хамт ял шийтгүүлсэн М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг мөн албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн дүгнэж, нийтийн албанд томилогдох эрхийг нэг жил хасаж, таван сая төгрөгөөр торгох ял оноож шийдвэрлэлээ. Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн гаргасан, хэргийг хэрэгсэхгүй болгуулах гомдол үндэслэлгүй гэж дүгнэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button