СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛУЛС ТӨР

ТОЙМ: Ил гарч ирээгүй ч Л.Оюун-Эрдэнийн долоо хоног байлаа

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар огцорч, шинэ Ерөнхий сайд  нэрлэгдcэн нь асар том эргэлт болов. Түүнчлэн сүүлийн жилүүдэд тохиолдоогүй гэж болох иргэдийн, тэр дундаа залуусын “хөлсгүй” жагсаал төв талбайд өрнөлөө. Мөн бусад онцлох үйл явдлуудаар баялаг өнгөрсөн долоо хоногийг улс төрийн хүрээнд нь тоймлоё.


ДАВАА: ДӨРӨӨ ХАРШУУЛАГЧИД + ДАХИАД Л ОЮУ ТОЛГОЙ

Өнгөрөгч долоо хоног дахь улс төрийн эхний тод мэдээ УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хүрээнд хэлэлцэгдэв. Тэд банк, банк бус санхүүгийн байгууллагын зээлийг хүүг хамгийн багадаа 50 хувиар бууруулах, хэзээ ч бүтэшгүй тогтоолын төсөл санаачилж, өргөн барьснаараа шүүмжлэл хүртээд удаагүй байсан.

Тэгтэл Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирал байхдаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарын хамаарал бүхий компанид 33 тэрбум төгрөгийн зээл олгосон нь ил болов. Ингэхдээ зээл олгох шийдвэрийг захирал байхдаа гаргаж, ажлаа өгсөн хойноо шилжүүлгийг нь хийлгэсэн ньюанстай. Уг нь гоонжных нь индүүдлэг гялалзсан, гялгар гурван гишүүнтэй боллоо гэтэл тэд нэг л буруу итгэл үнэмшлээр тоглоод байгаа нь ойлгогдлоо.

Холбогдох контентыг энд дарж уншина уу.

Тэдний мэдээлэл хэлэлцэгдэж байх хооронд УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн ордонд суулт хийж эхлэв. Тэрбээр гадаадад гацсан монголчуудаа яаралтай татаж авчрах асуудлаар ҮАБЗ-д шаардлага хүргүүлж, үүнийхээ хүрээнд ордны нэг буланд ширээ, сандал зэхэж аваад тухаллаа. Тусгай үүргийн онгоцоор эрх мэдэлтнүүд хэд хэдэн удаа ирж очсон боловч олон мянган монголчууд онгоцны буудал дээр өлсгөлөн зарлаж, эх орондоо гомдож байгаа асуудлыг тэр сайн мэдэрсэн. Улс төрчийн хувьд онц дүн тавиулсан.

Даваа гаргийн дараагийн сэдэв бол дахиад л Оюу толгой байв. Сүүлийн өдрүүдэд зориудын ч гэмээр хүчтэй хэлэлцэгдэж, гадна, дотнын хэвлэлүүдэд бичигдэж буй Оюу толгойн далд уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар дэлхийн “хаа нэгтээ” байгаа Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг захидал бичив. “Дубайн гэрээ алт шиг гэрээ болсон” гэх алд дэлэм бичвэрийг ЗГХЭГ-ын Дэд дарга Б.Солонгоод хаяглаж, “захидал” Ч.Сайханбилэг нэр зүүлээ.

Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга Оюу толгойн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцэнэ гэдэг мэдээлэл хийв. Засгийн газар асуудлыг маш тодорхойгүй, бүрхэг тал руу гулдчисаар буйг тэр онцолж, үүгээрээ Оюу толгойг ашиглаж пи-ар хийх, энэ сэдвийг Засгийн тоглолт болгохыг хүсээгүйг илтгэнэ.


МЯГМАР: ШАШИНД НӨХӨН ОЛГОВОР ОЛГОХ ХУУЛЬ + АМАРЖСАН ЭХИЙГ ТЭЭВЭРЛЭВ

Харин мягмар гарагт Ц.Цэрэнпунцаг нарын 56 гишүүний өргөн барьсан “Нөхөн олговор олгох тухай” хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулсан. Угтаа сангийн сайд Ч.Хүрэлбаатар, энэ цаг үед ийм хууль хэлэлцэх нь тохиромжгүй гэдэг агуулгаар санал хураахад дэмжигдсэн бөгөөд бүр хэлэлцэхээ болиогүй гэсэн үг. Шарын шашны тогтолцоо итгэл үнэмшлийн хувьд буруу зүгтээ будаа тээсээр байгаа энэ үед жил бүрийн улсын төсвийн 0.1 хувийг Төв ганданд хуваарилах ийм хуулийн төсөл өргөн баригдсан нь шүүмжлэл дагуулаад буй. Үүний цаана гүн сүсэгтэй гэх УИХ-ын гишүүд, тэдний ард Наро Банчэн гэгээн тэргүүтэй улс төрчидтэй ойр ажилладаг хутагт, хувилгаад нар байхыг үгүйсгэхгүй юм.

Холбогдох контентыг энд дарж уншина уу.

Энэ өдөр УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат суллагдав. Түүнийг “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр шалгаж дөрвөн жил зургаан сарын хорих ял оноогоод байсан. Тэгвэл мягмар гарагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаж, ялыг нь 27 сая төгрөгөөр торгох болгон өөрчлөөд суллалаа.

Түрүүлж вакцин олж ирэх буухианд У.Хүрэлсүх бас нэг алхам түрүүлж алхлаа. Тэр өнгөрөгч оны арванхоёрдугаар сард БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид вакцины асуудлаар захидал бичээд байсан бөгөөд мягмар гарагт хариу нь ирэв. Тэд монголчуудад дөрвөн сая тун вакцин нийлүүлнэ гэсэн нь олон нийтийн хэлэлцэх сэдэв болов. Үүнийг дагаад Энэтхэгийн үйлдвэрлэж буй вакцин дэлхийд хамгийн хямд бөгөөд ДЭМБ-аар баталгаажаагүй, тариулсан хоёр ч хүн нас барчхаад буй зэрэг асуудлууд хөвөрч байгаа юм. Нөгөө талд Энэтхэгийн хөрөнгө оруулалттай газрын тос боловсруулах үйлдвэр барих хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх шатандаа явж байгаа. Түүхий эдгүй хэр нь ээ 2 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй үйлдвэр барих тооцоолол орж ирсэнд УИХ-ын гишүүд таагүй байна. Тэгэхээр энэтхэгчүүд бидэнд вакцин нийлүүлэх болсон нь газрын тосны үйлдвэрээ “эвтэйхэн” шиг бариулах гэсэн тоглолтоос нэг их хэтийдэхгүй болов уу.

Ингээд энэ өдрийн орой “Өргөө” амаржих газар амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч, орой ХӨСҮТ-ийн шуурхай баг эхийг дөнгөж төрсөн нярайн хамтад нь ирж авсан. “Ийгл” телевизийн сэтгүүлч, зураглаач нар албаны хүмүүс хөөгөөд байхад нь адарч зогсоод холоос дүрсээ авсан нь санамсаргүй тохиолдлоор төр эргүүлэв. Гэрийн халаадтай, тавчиктай, амандаа дэр барьсан нялх биетэй эхийг дөрвөн есийн хүйтэнд “Коронавирус туссан л бол хүн биш, яаж ч харьцаж болно” гэх шиг ХӨСҮТ-ийн машинд суулгасан энэ дүр зураг монголчуудын элгийг эмтэлж, оройноос өглөө хүртэл сошиалд шуугьсан билээ. Харин яг энэ үйл явдлаас үүдэж Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад нэрлэгдэнэ гэж хэн ч зүүдэлсэнгүй.


ЛХАГВА: ТАЛБАЙН ЖАГСААЛ + ХОЁР САЙДЫН ХАРИУЦЛАГА

Лхагва гараг бүхэлдээ ХӨСҮТ-рүү тээвэрлэгдсэн эхийн асуудлаар буцалсан. Өглөөнөөс эхлээд “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар төв талбайд зогсож, ХҮН, АН-аас УОК-ын даргыг огцруулахыг шаардаж эхэлсэн. Өмнө нь 22-ын товчоон дээр хүн амиа алдахад хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хөл хорио тогтоосноос хойш тэвчиж, хурааж байсан иргэдийн бухимдал энэ өдөр тэсэрсэн.

УИХ-ын эмэгтэй гишүүд бүгд амаржиж үзсэн мөртлөө ийм хүний эрхийн зөрчилтэй үйлдэлд үд болсон хойно үхрийн дуунаар сэрлээ. Тодруулбал яг үд болсон хойно хамтдаа Шадар сайд Я.Содбаатартай уулзаж, шаардах бичиг хүргүүлсэн. Түүнээс өмнө М.Оюунчимэг гишүүн бүр “Манай намд буруу байхгүй” гэж жиргэсэн нь олны дургүйцлийг хүргээд байв.

Өдрийн турш төв талбай дээр иргэд нэмэгдэж ирсээр орой, нар буухын алдад жагсаалын уур амьсгал нэлээд буцалсан. Тэд “УОК огцор” хэмээн орилж, “Сүүний үнэр шингэсэн…” хэмээн дуулж байв. Нэг бус жирэмсэн эмэгтэй эсэргүүцэл үзүүлж, эрх баригчдад тооцоолоогүй цохилт өглөө. Яг энэ үед Төрийн ордонд “Хэнээр туг тахих вэ” хэлэлцээр өрнөж, үүнд Я.Содбаатар ажлаа өгөхгүй гэж гүрийн, Т.Мөнхсайхан тэгвэл би больчихъё гэж буулт хийсэн гэх мэдээлэл бий. Ингээд Я.Содбаатар огцрох, Т.Мөнхсайхан чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр тэр өдрийн жинхэнэ жагсаал намжсан. Түүнчлэн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгалан нарыг халах чиглэл өгөгдсөн.

Уг нь лхагва гарагт Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг УИХ-аар хэлэлцэж, зургадугаар сарын 9-нд санал хураахаар тогтсон ч жагсаалын сенсацад дарагдав. Зургадугаар сарын 9-ний өдөр Д.Сумъяабазарыг Нийслэлийн засаг дарга болсноор онгойж үлдсэн тойргийн нөхөн сонгуулийг хамт явуулна. Зардлыг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн зардалд багтаана гэдгийг ажлын хэсгээс мэдэгдсэн.


ПҮРЭВ, БААСАН: БҮХ ЗҮЙЛ НҮД ИРМЭХ ЗУУРТ

Бүх зүйл нүд ирмэх зуурт л болов. Талбайд жагсаал болж байхад хөдөөнөөс нааш ирж явсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх пүрэв гаргийн өглөө шууд Засгийн газрыг ээлжит бусаар цуглуулж, үргэлжлүүлээд МАН-ын Удирдах зөвлөлийг хуралдуулсан. “Би хамт үзэлцэж явсан хоёроо явуулчхаад өөрөө яаж зүгээр суух юм” гэх агуулгыг Засгийн газрын ээлжит бус хуралдаан дээр ярьсан гэгдсэн ч итгэсэн хүн цөөхөн. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлөөс шууд МАН-ын бүлгийг хуралдуулж, дуусаад У.Хүрэлсүх огцорч буйгаа мэдэгдлээ. Нэг өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ хуралдаж, олонхын саналаар ийн Засгийн газрыг огцруулсан.

Энэ үеэр Ерөнхийлөгчийг төв талбайн жагсаалыг санхүүжүүлж турхирсан хэмээн хоёр ч сайд мэдэгдэж, Ерөнхийлөгч хариуд нь “УИХ-ын гишүүн Сү.Батболдын бүлэглэл төрийн эргэлт хийж байна” гэж индэр дээрээс хашгирсан.

Холбогдох контентыг энд дарж уншина уу.

Эрх баригч намын хувьд МАН дараагийн Ерөнхий сайдад томилох хүнээ тогтох ёстой. Энэ үүднээс өчигдөр буюу баасан гарагт МАН-ын бага хурал хуралдаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн нэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгч хуульд зааснаар тав хоногийн хугацаанд багтан Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох тогтоолын төсөл боловсруулах ёстой. Одоо энэ процесс хүлээгдэж байна.

Тогтвортой ажиллах ёстой төр, тэр дундаа иргэдийн итгэлийг хамгийн их хүлээсэн У.Хүрэлсүхийн Засгийн газар хуруу инчдэх төдийд огцорсон нь улс төрийн хувьд маш хариуцлагагүй үйлдэл болсон. Амаржсан эхийг цэвдэг сэтгэлээр тээвэрлэсэн явдалд Ерөнхий сайд би өөрөө хариуцлага хүлээж, улс төрийн соёлд жишиг тогтоож байна хэмээсэн нь ч үнэмшилгүй. С.Одонтуяа гишүүн эдгээрийг “Солонгос сериал” гэж тодотгосон нь оносон гэлтэй.

Харин Ерөнхийлөгчийн засаглалын хавханд ороод удсан МАН-ынхан Х.Баттулгыг “байранд нь тавихаар” нэгэнт шулуудсаны л илрэл мэт харагдаж байгаа юм. Ерөнхийлөгч ч барьц алдсан шинжтэй индэр дээр хоолой засаж байв. Энэ дунд УИХ-ын гишүүн Сү.Батболд нэр холбогдож байгаа нь санамсаргүй тохиолдол биш. Сошиалд аль аль талаас зорилготой “Сэвээ”-нүүд хийгдсээр байна.

Одоо гол нь Л.Оюун-Эрдэнэ сайд болж, У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний суудалд сууснаар үйл явдал хэрхэн өрнөх нь анхаарал татаж буй. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодортол Х.Баттулга, У.Хүрэлсүх, Сү.Батболд гурвын сэдвийг эцэслэн дүгнэхэд хангалтгүй байгаа юм.

Мөн баасан гаргийн орой Н.Номтойбаярын гомдлыг Улсын Дээд Шүүх хэлэлцэж, 5.5 жил хоригдох ялыг нь нэг жил болгож бууруулсан. Тэрбээр хоригдоод бараг найман сар болж буй тул тун удахгүй хугацаандаа суллагдана. Эсвэл магадлангаар суллагдах ч нөхцөл нь бүрдсэн. Н.Номтойбаяр гудамжинд гараад ирвэл дуухгүй байхгүй нь тодорхой.

Эцсийн дүндээ олны өмнө ганц ч гарч ирээгүй Л.Оюун-Эрдэнийн л долоо хоног байлаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

  1. ОЮУН-ЭРДЭНЭЭ ЧИ НУТГИЙН АХ ХҮРЭЛСҮХИЙНХЭЭ ТӨМСӨГИЙГ ХАГА ӨШИГЛӨХГҮЙ БОЛ УЛС ТӨРД АМЖИЛТТАЙ УРАГШЛАХГҮЙГ УХААРЧ БАЙГАА ГЭДЭГ ГҮНЭЭ ИТГЭНЭМ. БУСДЫН ГАР ХӨЛ БОЛЖ УЛС УДИРДАНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ХӨӨ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button