УЛС ТӨР

Ө.Шижир: УИХ, Засгийн газар давуу эрх эдлэх заалт бүхий хуулиудад Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа

Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга Авлигын эсрэг хуулийн “Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэсэн хэсэгт хэсэгчилсэн хориг тавьжээ. Мөн Шүүхийн тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тавьсан хэсэгчилсэн хоригийн талаарх Ерөнхийлөгчийн байр суурийг ЕТГ-ын дарга Ө.Шижир хүргэлээ.

Тэрбээр “УИХ-аас хэлэлцэн баталсан хуулиудад Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавихаар боллоо. Тодруулбал Авлигын эсрэг хууль болон Шүүхийн тухай багц хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд хэсэгчилсэн хориг тавьж байна” гэлээ. Улмаар ямар учраас хориг тавьж буйг хэллээ.

  1. АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

Авлигын эсрэг хууль анх батлагдахад АТГ-ын даргыг УИХ-аар томилдог байя гэж санал орж ирж байсан. УИХ, Засгийн газар бол ялсан намын гишүүдээс бүрддэг. Тиймээс УИХ-аас шууд томилох нь  нэг намын хараат болно гэж үзсэн. Харин Ерөнхийлөгч бол бүх ард түмнээс сонгогддог  цорын ганц институц байдаг утгаараа Ерөнхийлөгчөөс  санал болгосон хүнийг УИХ-аар  томилдог байдлаар хуульчилсан.

Гэтэл саяхан Авлигын эсрэг хуулийн төсөлд АТГ-ын даргыг Ерөнхий сайд шууд томилдог заалт оруулсан нь үзэл баримтлал, үнэт зүйлээсээ ухарсан гэж үзэж байгаа. Засгийн газраас анх Авлигын эсрэг хуулийг өргөн барихдаа АТГ-н дэд даргыг АТГ-ын дарга нь томилдог байя гэсэн санал орж ирсэн. Үүнийг Ерөнхийлөгч дэмжиж байсан. Гэтэл хэлэлцэх явцдаа АТГ-ын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгчөөс санал болгодог хуулийн заалтыг өөрчилж, Ерөнхий сайд томилдог болгосон нь АТГ нэг намын гарт орж Авлигатай тэмцэж чадахгүй болно гэж Ерөнхийлөгч үзэж байгаа.

Түүнчлэн 41686 албан хаагч АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Түүний 99.98 хувийг бүрдүүлж байгаа улс төрийн нам, Засгийн газар, УИХ АТГ-ын даргыг томилдог болох нь Авлигатай тэмцэх үйл хэрэгт нөлөө үзүүлж чадахгүй гэж үзэж байна. Нийт албан тушаалтнуудын мөн 99,98 хувь нь ялсан намын гишүүд байна. Түүнчлэн нийт авлигын хэргийн 89 хувь нь төсөв захиран зарцуулдаг төрийн өмийн компаниудын албан тушаалтнууд байгаа нь энэ тоог нотлох баримтууд гэж үзэж байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс АТГ-ын даргын томилгоог хуульчлахдаа төрийн тусгай, хараат бус, бие даасан байгууллагын шинжийг хадгалж, институцийн оролцоог жигд хангаж, олон улсын туршлага судлах ёстой гэж үзэж байна.

  • ШҮҮХИЙН ТУХАЙ БАГЦ ХУУЛЬ

Шүүхийн тухай хуулийг УИХ-аас хэлэлцэн батлахдаа хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам өөрсдийн хэт олонхоор түрэмгийлэн шүүхийг өөрийн эрхшээлд, нөлөөнд автуулах гэсэн нь баталгаажиж байна гэж үзэж байгаа. ШЕЗ, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэх шүүгч биш гишүүдийг УИХ-аар томилох байх заалт оруулж ирсэн. Тиймээс ШЕЗ болон Шүүхийн сахилгын хороо УИХ-ын хараат байгууллага болно гэж үзэж байна. Ингэснээр Шүүхийн хараат бус байдал, боловсон хүчний бодлого, сахилга хариуцлагыг алдагдуулахад хүргэж байна гэж үзэж байна. Жишээ нь ХЭҮК-ийн гишүүдийг УИХ-аар нээлттэй сонсгол хийж томилсон. Сайн жишиг гэж ярьж байсан. Гэтэл саяхны хүний эрхийн асуудал үүсэхэд ХЭҮК хаана байсан бэ. Тэр оройдоо УИХ, Засгийн газарт яагаад шаардлага хүргээгүй вэ. Тиймээс УИХ-аас томилогдож байгаа бүтцийн байгууллагууд УИХ болон Засгийн газрын үйл хэргийг хүчтэй эсэргүүцэж, дуугарч чадахгүй байгааг нотолж байна.

  • ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ

Энэ хуулиар орон нутагт босоо тогтолцоо бий болгосон гэж үзэж байгаа. Бүх шатны засаг даргад нэр дэвшүүлэх эрх нь нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн хуулиар олгогдсон дархан эрх байх ёстой. Гэтэл баталсан хуулийн дагуу Ерөнхий сайд болон дээд шатны засаг дарга нь өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж үзэх юм бол сумын засаг даргыг шууд огцруулах заалт орсон. Энэ нь иргэдийн сонгох, сонгогдох эрхэд халдаж байна гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-01-25 13:38

Neg heseg ni huuli batalj nuguu heseg ni haaj booh ym daa.

Холбоотой мэдээ

Back to top button