ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

МИКРОБИОМ: Бичил организмууд хэрхэн хүний сэтгэл зүй, эрүүл мэндэд нөлөөлдөг вэ

Бичил биетнүүд хаа сайгүй бий. Бидний гар утсан дээр, уудаг усанд дотор гараа угаахаас өмнө болон дараа ч гэсэн тэд байж л байна. Ихэнхдээ бид бактери, вирус гэх мэт бичил организмуудыг хүний биед муу нөлөөтэй гэж боддог билээ. Харин тэдгээр бичил биетүүдийн үзүүлдэг сайн нөлөөний талаар нэг их мэддэггүй. Эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн тооцоогоор дундаж хүний биед 30 их наяд гаруй эс байдаг гэж үзсэн. Үүнтэй ойролцоо тооны бичил биетнүүд бидний бие махбодид амьдардаг гэнэ. Ингээд бодоход хүний эрүүл мэндэд нөлөө үзүүлдэггүй байх аргагүй их хэмжээний бичил биетэн оршин байдаг ажээ. Тэдгээр хүний биед амьдардаг бичил биетнүүдийг бүхэлд нь микробиом гэдэг юм.

Энэ хорвоод мэндлэх үедээ бид эхээсээ маш их хэмжээний бактери авдаг. Ингэж бактери авах нь хүний эрүүл мэндэд чухал нөлөөтэй аж.  Харин хийсвэрээр төрсөн хүүхдүүд багтраа болон дархлааны өвчин тусах магадлал их байдаг гэнэ. Хүнд эрүүл микробиом үүсэхэд хоёр гаруй жил шаардагддаг аж. Бүх хүн бактери, мөөгөнцөр, вирусүүдээс бүрдсэн цорын ганц микробиомтой.

Микробиом дахь бичил биетнүүдийг хүний биед үзүүлэх нөлөөгөөр гурван ангилалд хувааж болно. Эхний ангилалд  орон зай эзэлж бусад түрэмгий бичил организмыг хянадаг микробууд багтана. Хоёрт хүний биед хор нөлөөтэй бичил биетнүүд, сүүлд нь ашигтай организмууд орно.

Бидний микробиомын ихэнх бичил биетнүүд гэдсэнд байдаг. Эдгээр гэдэсний микро организмууд бидний боловсруулж чадахгүй хүнсийг задлахад тусалдаг. Үүгээр зогсохгүй гэдэсний хана эдгэх явцыг хурдасгадаг бодис ялгаруулж дархлааны эсүүдийг хүртэл идэвхжүүлдэг аж.

Микробиом сэтгэл санааны байдалд нөлөөлдөг үү

Бичил биетнүүдийн хүний биед үзүүлдэг хамгийн том нөлөө нь сэтгэл санааны байдал болон зан чанарт үйлчлэх явдал байж магадгүй юм. Хүний тархинд байдаг бүх мэдрэлийн импульс дамжуулагч бодисыг (нейротрансмиттер) бичил биетнүүд ялгаруулж чаддаг ажээ. Тухайлбал хүний бие дэх нийт серотониний 95 хувь нь ходоод гэдэсний замд үүсдэг юм. Серотонин нейротрансмиттер нь өвдөлт намдаах, сэтгэл санааны байдал, нойрсолт, хоол идэх дур хүслийг зохицуулахад оролцдог. Мөн ходоод гэдэсний хананд зуун сая мэдрэлийн эс байрладаг аж. Тэдгээр эсүүдэд гэдсэн дэх ашигтай бактериуд их хэмжээгээр нөлөөлдөг гэнэ.

Амьд организмд тэдний микробиом сэтгэл санааны байдал болон хоол идэх хүсэлд нөлөөлдөг талаар хэд хэдэн судалгаа хийгдсэн байдаг. Сэтгэл гутралтай хүмүүсийн гэдэснээс авсан бактерийг эрүүл хулганад өгөхөд сэтгэл түгшүүртэй байгаа мэт үйлдэл хийж эхлэн сэтгэл гутралын шинж тэмдэг үзүүлсэн аж. Мөн өөр нэг судалгаагаар алимны ялааны микробиом ямар төрлийн хоол идэхээр хайж байгаад нь нөлөөлдгийг харуулжээ.

Эрдэмтэд хүмүүс оролцуулсан туршилт ч гэсэн явуулж үзсэн байна. Нэгэн судалгаагаар дөрвөн өөр төрлийн бактери агуулсан пробиотик тараг хэрэглэсэн хүмүүсийн тархин дахь сэтгэл хөдлөлийн төвүүдийн үйл ажиллагаа, холбоог нэмэгджээ. Үүний үр дүнд илүү эрүүл сэтгэл хөдлөл үүсэхэд нөлөөлсөн өөрчлөлт гарсан аж.

Мөн тодорхой бактери өгсөн жирэмсэн эмэгтэйчүүд сэтгэл гутрал болон зовнилын шалгуурт арай бага оноо авсан байна. Эрдэмтэд Газар дундын тэнгис орчмын улсуудын болон Японы уламжлалт хоол хүнсний орцыг Барууны орнуудынхтай харьцуулж судалгаа хийжээ. Тус судалгаагаар уламжлалт хоол хүнс нь сэтгэл гутралтай болох магадлалыг 25-аас 35 хувиар буруулдгийг харуулсан байна.

Тэдгээр уламжлалт хоол хүнсний орцод жимс, ногоо, боловсруулаагүй үр тариа,  загас болон далайн бүтээгдэхүүн их ордог боловч сүү сүүн бүтээгдэхүүн, өөхгүй мах бага байдаг. Мөн уламжлалт хоолны орцод боловсруулсан хоол, сахар агуулдаггүй билээ.

Микробиом хооллолтод нөлөөлөх үү

Дээр алимны ялаанд микробиом нь ямар төрлийн хоол идэхээр хайж байгаад нь нөлөөлдөг талаар дурдсан. Тэгвэл хүмүүс бидэнд ч гэсэн микробиом ямар хоол  идэхийг хүсэж байгаад нөлөөлж магадгүй юм.

Бидний микробиом үүсэж хөгждөг эх үүсвэр болсон бичил биетнүүдийг хүмүүс бид ээжээсээ авдаг. Харин микробиом хэрхэн өөрчлөгдөж хөгжих нь бидний идэж буй зүйлтэй холбоотой. Хүний гэдсэн дэх бактериуд өөр зүйлээр хооллодог. Зарим нь эслэг болон ногоон ургамалд дуртай, харин бусад нь сахар, цардуул гэх мэт зүйлсээр хооллоно. Хэрвээ бид эрүүл хооллож заншвал эрүүл хүнсэнд дуртай бактериудын хэмжээ ихэснэ. Харин түргэн хоол их идвэл түргэн хоолонд дуртай бактериуд нэмэгдэнэ.

Та бургер, пицца гэх мэт түргэн хоол идвэл тийм төрлийн хоолонд дуртай бактериуд хуваагдсаар хуваагдсаар ногоонд дуртай бактерийн орон зайг булааж авна. Үүний дараа түргэн хоолонд дуртай бактериуд үргэлжлүүлэн түргэн хоол идэх дохио тархинд чинь хүргэж магадгүй. Ингэснээр та түргэн хоол идэх циклд автах боломжтой аж.

Зарим тохиолдолд таны микробиом хэтэрхий доройтож магадгүй.  АНУ-ын иргэн хэдэн жилийн турш шалтгаангүйгээр манарч, ой санамжаа алдаж байжээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглээгүй байж согтуугаар жолоо барьсан хэргээр баривчлагдсан удаатай аж. Эмч нар түүний өтгөнөөс шинжилгээ авахад Saccharomyces cerevisiae нэртэй шар айраг эсгэхэд ашигладаг мөөг олджээ. Энэ мөөг нь нүүрс-усыг спирт болгож хувиргадаг юм. Тэгэхээр тэр хүн өөрийн гэдсэндээ шар айраг эсгэж байсан ажээ.

Хэрвээ таны гэдсэнд хор нөлөөтэй бактерийн тоо ихэсвэл ихэнхдээ үүнийг эмчлэх ганц л арга байдаг бөгөөд энэ нь өөр ашигтай бактери оруулж ирэх юм. Ингэх нь маш амархан ажээ. Тухайлбал гэдсэнд нь Clostridium difficile бактери ихэссэн ойр ойрхон гүйлгэх өвчтэй хүмүүсийг эмчлэхийн тулд эрүүл хүний өтгөнийг гэдсэнд нь оруулдаг юм.

Гэхдээ энэ эмчлэх арга заримдаа өөр нөлөө үзүүлдэг аж. Илүүдэл жинтэй хүнээс авсан өтгөнийг ойр ойрхон гүйлгэдэг эмэгтэйн гэдсэнд хийсэн нь өвчнийг нь эдгээжээ. Гэхдээ дараагаар нь тэр эмэгтэй жин нэмэхэд нөлөө үзүүлсэн аж.

Микробиом хэрхэн бидэнд нөлөөлдөг талаар ойлголтоо нэмэхийн тулд илүү их судалгаа хийх хэрэгтэй. Мөн микробиомоо арчилж олон төрлийн орцоос бүрдсэн хоол хэрэглэх нь чухал юм.

Эх сурвалж: New Scientist, Healthline, Harvard Health Publishing,

Scientific American

Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Танд таалагдах
Close
Back to top button