Судалгаа: Ганцаардал нь бие, сэтгэлийн эрүүл мэндэд нөлөөлж, өвчингүй амьдрах хугацааг зургаан жилээр богиносгодог
Ганцаардал, нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал нь нийтийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. ДЭМБ мэдээлснээр хүн амын ойролцоогоор 16 хувь буюу зургаан хүн тутмын нэг нь ганцаардсан мэдрэмж мэдэрдэг байна. Сүүлийн үед ганцаардал өсвөр насныхан болон залуучуудын дунд илүү түгээмэл байгаа ч бүх насны хүмүүс уг асуудалтай тулгардаг.
Нийгмийн харилцаанаас тусгаарлагдсан байдал, ганцаардсан мэдрэмж нь нь эрүүл мэндэд ноцтой сөрөг нөлөө үзүүлдэг. Гэвч нийгмийн эрүүл мэндийн яаралтай шийдвэрлэх шаардлагатай асуудлын нэг хэмээн анхаарал хандуулдаггүй хэвээр байна.
Ийм учир ганцаардал, нийгмийн тусгаарлалтын улмаас хүний эрүүл амьдрах хугацаа хэр их хэмжээгээр буурдаг болохыг судлаачид тодорхой мэддэгүй байсан юм.
Тэгвэл АНУ-ын Тулэйн их сургуулийн Селиа Скотт Уэзерхедийн нийгмийн болон анагаах ухааны сургууль үүнийг тооцоолохоор ажилласан байна. Тус судалгаа “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ. Энэхүү эрдэм шинжилгээний ажил ганцаардал болон нийгмийн тусгаарлалт нь сэтгэл гутрал, түгшүүр зэрэг сэтгэцийн эмгэггүйгээр эрүүл амьдрах хугацааг зургаан жилээр бууруулахтай холбоотой болохыг тогтоосон байна. Харин биеийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харьцангуй бага байсан ч статистикийн хувьд ач холбогдолтой хамаарал гарчээ. Тус судалгаа энэ сэдвээр анх удаа хийсэн ажиглалтын эрдэм шинжилгээний ажил аж.
Судалгааг ахалж явуулсан Тулэйн их сургуулийн Селиа Скотт Уэзерхедийн нийгмийн анагаах ухааны сургуулийн профессор Лу Ци хэлэхдээ “Нийгмийн тусгаарлалт, ганцаардал нь өвчингүй амьдрах хугацаанд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдгийг бидний судалгаа харууллаа. Үүнд бие махбодын болон сэтгэцийн эмгэг хоёул багтана” гэжээ.
Эрдэмтэд судалгаагаа явуулахдаа нийгмийн тусгаарлалт болон ганцаардлыг ялгаж үзсэн юм. Нийгмийн тусгаарлалт гэдэг нь хүн бусадтай харилцах бодит холбоо, харилцаа бага байхыг хэлнэ. Харин ганцаардал нь хүн бусадтай хэр олон удаа харилцаж байгаагаас үл хамааран харилцааны чанарт сэтгэл хангалуун бус байхыг хэлдэг байна.
Лу Ци судалгааны талаар ярихдаа “Судалгааны үр дүн намайг гайхшируулаагүй. Өмнөх судалгаанууд нийгмийн тусгаарлалт, ганцаардал нь нас баралт, ялангуяа эрт нас барах эрсдэлтэй холбоотойг тогтоосон. Харин бидний судалгаа үүнийг нотлох нэмэлт баримт болж байна” гэжээ.
Эрдэмтэд эрдэм шинжилгээний ажлаа хийхдээ 40-69 насны 277,489 хүний мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаа эхлэх үед оролцогчдын хэн нь ч чихрийн шижин, зүрх судасны эмгэг, уушгины өвчин, сэтгэцийн доройтол, хорт хавдар, сэтгэл гутрал, сэтгэл түгших гэсэн долоон төрлийн архаг өвчнөөр өвчлөөгүй байсан юм
Судлаачид 50 насыг жишиг болгон авч, ганцаардал болон нийгмийн тусгаарлалт нь эдгээр өвчингүйгээр амьдрах боломжтой хугацаатай ямар холбоотойг тооцоолсон байна.
Ганцаардал болох нийгмийн тусгаарлалтад өртөөгүй хүмүүстэй харьцуулахад энэ хоёр асуудлыг зэрэг туулж байсан эмэгтэйчүүд бие махбодын хувьд өвчингүй амьдрах хугацаа 2.4 жилээр богино байжээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд энэ үзүүлэлт 1.7 жил байв.
Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд ялгаа илүү их байжээ. Ганцаардал, нийгмийн тусгаарлалтад зэрэг өртсөн эмэгтэйчүүд сэтгэцийн эмгэггүйгээр амьдрах хугацаанаасаа ойролцоогоор 3.7 жилийг алдсан бол эрэгтэйчүүдийн хувьд энэ хугацаа 5.8 жил байсан юм.
Ли Ци судалгааны үр дүнг “Энэ нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай холбоотой. Бидний судалгаагаар эрэгтэйчүүд ганцаардлын сөрөг нөлөөнд илүү өртөмтгий болох нь харагдсан. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс урт насалдгийг бид мэднэ. Зарим өвчний хувьд хүйсээс шалтгаалсан давуу тал ч бий” гэсэн байна.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.